Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Тэрбээр орон нутгийн иргэдтэй уулзахаас гадна Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, Баян-Өлгий аймгийн Өлгий хотод Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцохоор төлөвлөжээ.

Энэ айлчлалын өмнө нэг зүйлийг сануулахад илүүдэхгүй болов уу. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Баян-Өлгий аймаг, казах иргэдтэй холбоотойгоор үндэстэн хоорондын үл ойлголцол, талцлыг өдөөсөн өнгө аястай үг, мэдээлэл цөөнгүй гарах болсон нь анхаарал татаж буй.

Казах иргэд бол Монгол Улсын иргэд. Тэд энэ улсын нутаг дэвсгэрт амьдарч, хөдөлмөрлөж, Монголын нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд өөрсдийн хувь нэмрээ оруулж ирсэн хүмүүс. Тиймээс монголчуудыг “монгол” болон “казах” гэж хоёр талд хувааж, нэгийг нь нөгөөгийнх нь эсрэг турхирах хэн нэгний "хорон үйлдэл"-д автахгүй байх нь чухал билээ. 

Үндэстэн, угсаатны ялгаа бол дайсагналын шалтгаан биш. Монгол Улсын түүх, соёл, нийгэм олон угсаатны оролцоо, өв уламжлалаар баяжиж ирсэн. Тиймээс өөр өөр хэл, соёл, зан заншилтай иргэдээ харилцан хүндэтгэх нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх нэг үндэс юм.

Мэдээж аливаа төрийн бодлого, улс төрчийн шийдвэрийг шүүмжилж болно. Санал нийлэхгүй байх эрх ч хүн бүрд бий. Харин улс төрийн маргааныг бүхэл бүтэн үндэстэн, угсаатны эсрэг дайралт болгох нь өөр асуудал.

Ялангуяа цахим орчинд нэг хүний бичсэн доромжлол, баталгаагүй мэдээлэл хэдхэн минутын дотор олон мянган хүнд хүрдэг болсон. Өнөөдөр дэлгэцийн цаана бичсэн үг маргааш бодит амьдрал дээр хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсгэх шалтгаан болж болохыг бид мартаж болохгүй.

Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл бол аль нэг үндэстэн, аль нэг аймгийн бус, Монгол Улсын иргэн бүрийн нийтлэг эрх ашиг.

Ерөнхийлөгчийн Ховд, Баян-Өлгий аймагт хийх ажил ч үүгээрээ зөвхөн нэг, хоёр аймгийн асуудал биш. Баруун бүсийн хөгжил, эрчим хүчний хангамж, бүтээн байгуулалт, иргэдийн амьдралын чанар төдийгүй Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбогдох олон асуудал энд бий.

Бидэнд өнөөдөр талцах шалтгаан хангалттай олон байж болох ч хуваагдах эрх байхгүй. Учир нь, бидний нийтлэг эрх ашиг, нийтлэг ирээдүй, нийтлэг эх орон бий.

Хэн нэгний үзэл бодол, улс төрийн байр суурь, алдаатай шийдвэрийг шүүмжилж болно. Харин үүний төлөө бүхэл бүтэн үндэстнийг буруутгах шаардлагагүй.

Монгол хүн байна гэдэг зөвхөн нэг угсаатны тухай ойлголт биш. Монгол Улсын иргэн байна гэдэг нэг эх орныхоо өмнө хүлээсэн нийтлэг хариуцлага юм. Бидний ялгаа биднийг хуваах шалтгаан биш. Харин бие биеэ ойлгож, хүндэтгэж, энэ улсаа хамтдаа хөгжүүлэх хүч байх учиртай.

Эв нэгдэл бол бидний Монголын хамгийн том дархлаа юм.

Э.ЦЭЦЭН