Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) "БНАСАУ-ын Йонбён дахь цөмийн цогцолборт уран баяжуулах шинэ байгууламж баригдаж, Пёньян орчмын Кансон дахь уран баяжуулах байгууламжийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан шинж тэмдэг илэрсэн" гэж мэдээлжээ.

ОУАЭА-ийн наймдугаар сарын 28-нд гаргасан тайланд дурдсанаар, тус барилга уран баяжуулах зориулалттай 28 хүртэлх центрифугийн систем байрлуулах хүчин чадалтай байж болзошгүй бөгөөд энэ нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр олон байршилд тогтвортой өргөжин тэлж буйг харуулж байгаа аж.

Вена хотод төвтэй ОУАЭА нь БНАСАУ-ын цөмийн үйл ажиллагааг хиймэл дагуулын зураг болон нээлттэй эх сурвалжийн мэдээлэл, тэр дундаа тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн гэрэл зургуудыг ашиглан ажиглаж байгаа аж. Тус агентлаг 2009 оноос хойш БНАСАУ-д байцаагчдаа ажиллуулаагүй байна.

ОУАЭА-ийн мэдээлснээр, Йонбён дахь цөмийн цогцолборт шинээр баригдсан хоёр давхар барилга нь уран баяжуулах хоёр дахь байгууламж байж болзошгүй байгаа аж.

Агентлагийн шинжээчид БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун зургаадугаар сард тус байгууламжид зочлох үеэр төрийн хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зургуудыг тухайн барилгын барилгын явцыг харуулсан хиймэл дагуулын зургуудтай харьцуулан ийм дүгнэлтэд хүрчээ.

ОУАЭА "Ким Жон Уны айлчлалын үеэр авсан гэрэл зургуудаас үзэхэд, үндсэн барилгын дээд болон доод давхарт хийн центрифугийн каскадууд суурилуулсан байж болзошгүй" гэж дүгнэсэн байна.

Кансон дахь байгууламжийн өргөтгөлийг ашиглаж эхэлсэн байж болзошгүй

Мөн Пёньян хотын ойролцоох Кансон дахь уран баяжуулах байгууламжийн 2024 онд барьсан өргөтгөлийг нэгдүгээр сараас ашиглаж эхэлсэн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн талаар тайланд дурджээ.

ОУАЭА-ийн үзэж байгаагаар, Йонбён болон Кансон дахь уран баяжуулах байгууламжуудын үйл ажиллагаа үргэлжилж, цөмийн зэвсгийн зориулалттай материалын үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид нэмэгдүүлж байгаа нь ноцтой анхаарал татах асуудал болжээ.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Гросси энэ талаар мэдэгдэл хийхдээ "БНАСАУ-ын цөмийн байгууламжуудын үйл ажиллагаа үргэлжилж, зэвсгийн зориулалттай цөмийн материалын үйлдвэрлэл өргөжиж байгаа нь “ноцтой түгшүүрийн шалтгаан” болж байна" гэж онцолсон байна.

Түүнчлэн ОУАЭА БНАСАУ-ын уран баяжуулах байгууламжуудын үйл ажиллагаа болон цөмийн хөтөлбөрийн өргөжилтийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж байна гэж үзжээ.

Пёньян ОУАЭА-ийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй

БНАСАУ ОУАЭА-ийн хяналт, эрх мэдлийг удаа дараа няцаасаар иржээ. Тус улсын НҮБ дахь төлөөлөгчийн газар өнгөрсөн есдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ "БНАСАУ өөрийгөө цөмийн зэвсэгтэй улс болох статус нь эргэлт буцалтгүй болсон" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн Пёньян "Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ буюу NPT-ээс гадуур оршиж буй цөмийн зэвсэгтэй улсын дотоод хэрэгт ОУАЭА хөндлөнгөөс оролцох хууль ёсны эрхгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN