Оросын цэргүүд Украин, Молдавын хилийн ойролцоох Украины Староказачье олон улсын авто замын боомт руу есдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө дроноор довтолсны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан талаар Молдавын Хилийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.
Молдавын талын мэдээллээр, Молдавын Тудора болон Украины Староказачье боомтыг холбосон хилийн бүсэд 23:35-00:05 цагийн хооронд цохилт үргэлжилсэн бөгөөд Украины талын боомтыг нэг дрон шууд онож, өөр хоёр нисгэгчгүй төхөөрөмж ойролцоо унажээ. Тухайн үед Молдавын хилчид Украины нутаг дэвсгэрт хэд хэдэн дэлбэрэлт болж, дэлбэрэлтийн гэрэл харагдсан гэж тэмдэглэсэн байна.
Цохилтын үеэр боомтын дэд бүтэц эвдэрч, тээврийн хэрэгслүүд болон бусад байгууламжууд гэмтэж, гал гарчээ. Молдавын Хилийн цагдаагийн мэдээлснээр, боомтод байсан хүмүүсийг цохилт эхлэхийн өмнө нүүлгэн шилжүүлсэн, дараа нь Украины Хилийн алба хоёр энгийн иргэн амиа алдсан, хоёр хүн шархадсан талаар мэдээлжээ. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн иргэншил тухайн үед тодорхойгүй болоогүй байсан байна.
Цохилтын дараа Молдавын Тудора–Украины Староказачье боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ. Молдавын тал өөрийн нутаг дэвсгэр дээр нисгэгчгүй аппаратын хэлтэрхий болон иргэдийн аюулгүй байдалд заналхийлэх бусад объект илрээгүй талаар мэдээлжээ. Мөн тус улсын холбогдох байгууллагууд хил орчмын нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа аж.
Энэ цохилт нь зөвхөн Украины хилийн дэд бүтцэд бус, Молдавын хилд маш ойр болсон нь анхаарал татжээ. Тудора–Староказачье боомт нь хоёр улсын иргэд, ачаа тээврийн хөдөлгөөнд ашиглагддаг чухал гарцын нэг бөгөөд халдлагын улмаас хил дамнасан зорчих хөдөлгөөнд шууд нөлөөлсөн аж. Молдавын Хилийн цагдаагийн байгууллага тухайн үед боомтын үйл ажиллагааг бүрэн сэргээгүй хэвээр байсныг мэдээлсэн байна.
Энэ үйл явдал Зеленскийн Норвеги руу хийсэн айлчлалтай цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь мөн анхаарал татжээ. Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре есдүгээр сарын 9-нд Зеленскийн онгоц Молдаваас хөөрөх үед дроны аюулын улмаас нислэг саатсан талаар мэдээлсэн.
Гэвч Норвегийн талын дараагийн тодруулгаар, дронууд Ерөнхийлөгчийн онгоцонд яг хэр ойртсон нь тодорхойгүй, энэ нь Зеленскийн онгоцыг зориудаар онилсон халдлага байсан гэх нотолгоо одоогийн байдлаар гараагүй байгаа аж.
Молдавын албан ёсны мэдээлэлд, Староказачье боомтод цохилт өгсөн дронуудыг Зеленскийн онгоцтой холбон тайлбарлаагүй байна.
Староказачье боомт нь Молдавын Тудоратай шууд хил залгаа бөгөөд цохилт өгсөн шөнө Украины хил орчмын агаарын довтолгооны сэрэмжлүүлэг идэвхжсэн байжээ. Молдавын хилчид дэлбэрэлтийн чимээ болон гэрлийг өөрийн нутаг дэвсгэрээс ажигласан тухайгаа албан мэдээлэлдээ дурдсан аж.
Оросын талаас энэхүү цохилтын талаарх дээрх мэдээллийг үгүйсгэсэн, албан ёсоор тайлбарласан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Харин Украины болон Молдавын эрх баригчдын мэдээллээр, дроны халдлага Украины нутаг дэвсгэр дээр болсон, Молдавын хилд ойрхон байрлах иргэний болон хил нэвтрүүлэх дэд бүтэц өртсөн нь баталгаатай байгаа аж.
Украины өмнөд хэсэг, Молдавтай хил залгаа бүс нутагт есдүгээр сарын 9-ний шөнө болсон дроны халдлага нь хоёр улсын хилийн аюулгүй байдалд шинэ эрсдэл үүсгэж болзошгүйг харуулсан үйл явдал болжээ.
Ялангуяа энгийн иргэдийн амь нас хохирсон, олон улсын авто замын боомтын үйл ажиллагаа тасалдсан нь дайны үр дагавар Украины хилээс цааш бүс нутгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг дахин харуулсан байна.
Эх сурвалж: DW