Шатрын хөлөг дээр ердөө 64 нүд бий. Гэвч тэр 64 нүдэнд хүний оюун ухаан, тэвчээр, тооцоолол, зориг, алдаа, ялалт гээд амьдралын бараг бүх зүйл багтдаг. Дэлхийн шатрын ертөнцөд ийм жижигхэн хөлөг дээр асар том мөрөөдлөө бүтээж яваа залуусын нэг нь Узбекистаны их мастер Жавохир Синдоров юм.
Бид энэ удаа "HUMAN" буландаа түүний тухай онцолж байна.
Дөнгөж 20 настай тэрбээр өнөөдөр дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрхээ аваад зогсохгүй шатрын шинэ үеийн хамгийн тод төлөөлөгчдийн нэг болоод буй юм. Жавохир Синдоров 2005 оны арванхоёрдугаар сарын 8-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод төржээ.
Түүний шатрын ертөнцөд хөл тавьсан түүх тун эрт эхэлж, дөнгөж дөрвөн настай байхдаа өвөөгөөрөө шатар заалган тоглож сурсан гэдэг. Тэр үед бяцхан хүүгийн өмнө дэлхийн аваргын тайз, их мастерын цол, олон улсын тэмцээнүүдийн ялалт гэхээсээ илүү өвөөтэйгөө тоглох сонирхол л байсан биз. Гэвч хүүхэд насны тэр тоглоом удалгүй түүний амьдралын хамгийн том зорилго болон хувирчээ.
Синдоровын авьяас маш эрт тодорсон байна. Тэр өсвөр насандаа олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож, 11 насандаа олон улсын мастерын цол хүртсэн бол 2018 онд дөнгөж 12 нас 10 сартай байхдаа дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн шатрын цол болох их мастерын болзол хангасан байна. Ийнхүү тэр 13 нас хүрэхээсээ өмнө дэлхийн их мастер болсон цөөхөн шатарчдын нэг болж, шатрын ертөнцөд нэрээ хүчтэй дуурсгаж эхэлжээ.
Гэхдээ хүүхэд байхдаа гайхамшигтай тоглож байна гэдэг насанд хүрээд дэлхийн шилдгүүдийн эгнээнд үлдэнэ гэсэн баталгаа биш. Шатрын түүхэнд өсвөр насандаа гялалзаж байсан олон тоглогч бий ч тэдний зарим нь хамгийн өндөр түвшинд хүрч чадалгүй орхисон байдаг.
Синдоровын онцлог нь бага насандаа гаргасан амжилтаа түр зуурын сенсаци болгож орхилгүй, жилээс жилд улам ахиж, дэлхийн шилдэг шатарчидтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрсэн явдал аж.
Түүний өсөлт Узбекистаны шатрын хөгжлийн шинэ эринтэй давхцсан нь ч анхаарал татдаг байна. Сүүлийн жилүүдэд Узбекистан дэлхийн шатрын хүчирхэг орнуудын нэг болж, залуу шатарчдаараа дэлхийд танигдах болсон.
Синдоров энэ шинэ үеийн гол төлөөлөгчдийн нэг бөгөөд 2022 онд Энэтхэгийн Ченнай хотод болсон Шатрын олимпиадад Узбекистаны эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд багтаж, олимпын аварга болсон нь түүний карьерын чухал амжилтуудын нэг байжээ. Тэр үед Синдоров дөнгөж 16 настай байсан ч дэлхийн хамгийн хүчтэй багуудын эсрэг тоглож, эх орныхоо түүхэн амжилтад хувь нэмрээ оруулсан байна.
Синдоровын нэр дэлхийн шатрын хүрээнд улам бүр хүчтэй сонсогдож эхэлсэн өөр нэг үе бол 2021 оны Дэлхийн цомын тэмцээн байв. Тэр үед залуу шатарчин дэлхийн чансаагаар өөрөөсөө дээгүүр бичигдэж байсан хүчтэй өрсөлдөгчидтэй тулгарч, тэр дундаа тухайн үед дэлхийн хамгийн ирээдүйтэй тоглогчдын нэг гэгдэж байсан Алиреза Фирузжаг хожиж чадсан юм. Энэ ялалт Синдоровыг зөвхөн “авьяаслаг хүүхэд” биш, дэлхийн шилдэгүүдийг буулган авах чадвартай өрсөлдөгч гэдгийг харуулсан чухал мөч болсон.
Гэсэн ч түүний хамгийн том "үсрэлт" 2025 онд ирсэн аж. Синдоров ФИДЕ-ийн Дэлхийн цомын тэмцээнд гайхалтай тоглолт үзүүлж, финалд Хятадын их мастер Вэй И-г ялснаар дэлхийн цомын аварга болсон байна. Ингэснээр тэр уг тэмцээний түүхэнд хамгийн залуу аваргуудын нэг болж, дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөний дараагийн шат болох Candidates Tournament-д оролцох эрхээ баталгаажуулжээ.
Харин 2026 он Жавохир Синдоровын хувьд карьерынх нь хамгийн чухал жил болж байна. Дэлхийн аваргын төлөө өрсөлдөх эрх олгодог Candidates Tournament-д дэлхийн хамгийн хүчирхэг шатарчид цугларсан бөгөөд энэ тэмцээнд түрүүлсэн тоглогч дэлхийн аваргатай тоглох эрх авдаг. Синдоров энэ хүнд өрсөлдөөнийг гайхалтай даван туулж, тэмцээний төгсгөлд түрүүлснээр дэлхийн аваргын төлөө тоглох эрхээ авчээ.
Түүний өмнө шатрын ертөнцийн хамгийн том тайз ийн нээгдсэн байна. Нөгөө талд нь 2024 онд ердөө 18 насандаа дэлхийн аварга болсон Энэтхэгийн их мастер Д.Гукеш хүлээж буй. Сонирхолтой нь Гукеш, Синдоров хоёр хоёулаа 20 настай шинэ үеийн төлөөлөл. Тиймээс тэдний хооронд болох дэлхийн аваргын төлөөх тоглолт зөвхөн хоёр залуугийн өрсөлдөөн биш, шатрын спортын дараагийн эрин үеийн хэн нь гол дүр болохыг тодорхойлох түүхэн тулаан болох билээ.
Синдоровын хувьд энэ нь багын мөрөөдлийнхөө хамгийн оргил цэгт хүрч буй мөч аж. Дөрвөн настайдаа өвөөгөөсөө шатар сурч байсан Ташкентын бяцхан хүү 12 настайдаа дэлхийн их мастер болж, 16 настайдаа олимпын аварга багийн бүрэлдэхүүнд тоглож, 19 настайдаа дэлхийн цомын аварга болсон бол 20 насандаа дэлхийн аваргын төлөө тоглох эрхээ авч чаджээ. Хүний амьдралын ердөө 16 жилийн хугацаанд ийм зам туулсан нь үнэхээр ховор.
Түүний тоглолтын хэв маягийг шатрын мэргэжилтнүүд ихэвчлэн зоримог, эрчтэй, тактикийн боломжийг хурдан олж хардаг гэж үнэлдэг. Залуу насныхаа онцлогоор хурц байрлал үүсгэж, өрсөлдөгчөө байнгын дарамтад оруулах дуртай боловч сүүлийн жилүүдэд тоглолт нь улам боловсронгуй болж, зөвхөн тактик бус стратегийн урт хугацааны тооцооллыг ч өндөр түвшинд ашигладаг болсон байна. Өөрөөр хэлбэл Синдоровын давуу тал зөвхөн төрөлхийн авьяас биш, олон жилийн турш өөрийгөө хөгжүүлж ирсэн хөдөлмөрийн үр дүн аж.
Синдоров хэт их сүржин мэдэгдэл хийж, өөрийгөө дэлхийн шатрын дараагийн хаан гэж зарлахыг эрмэлздэггүй. Харин өөрийн тоглолт, бэлтгэлдээ анхаарч, нэг өрөгт нэг нүүдлээр урагшилдаг. Тэр дэлхийн аваргын төлөөх тоглолтын өмнө Гукешийн талаар хэт их таамаг дэвшүүлэхээс илүү өөрийн бэлтгэлдээ төвлөрөх ёстойг онцолж байжээ. Энэ нь түүний зан чанарын нэг онцлог аж. Тэр ирээдүйг олон үгээр төсөөлөхөөс илүү дараагийн нүүдлээ зөв хийхийг чухалчилдаг байна.
Синдоровын тухай ярихдаа түүний өнөөгийн амжилтаас гадна хүүхэд насных нь нэгэн сонирхолтой түүхийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэр шатрын хөлөг дээр өдөржин суудаг нэгэн хэвийн амьдралтай хүүхэд байгаагүй. Хөлбөмбөг сонирхож, Испанийн “Барселона” клубыг дэмждэг, өсвөр насандаа компьютер тоглоом тоглодог байсан жирийн л нэгэн хүү. Гэхдээ түүний амьдралын хамгийн чухал сонголт нь шатар байжээ. Тэр тоглоомыг мэргэжил, мэргэжлээ амьдралынхаа зорилго болгосон байна.
Өнөөдөр Синдоров дэлхийн хамгийн шилдэг шатарчдын нэг болсон ч түүний өмнө бас нэгэн том сорилт тулгарч буй аж. 2026 оны намар дэлхийн шатрын анхаарал Женев хот руу чиглэх бөгөөд тэнд дэлхийн аваргын титмийн төлөө Д.Гукеш, Жавохир Синдоров хоёр өрсөлдөнө. Нэг нь титмээ хамгаална, нөгөө нь анх удаа дэлхийн аварга болохын төлөө хөлөг дээр сууна.
Энэ хоёрын түүх сонирхолтойгоор огтлолцож буй аж. Гукеш 18 настайдаа дэлхийн аварга болсон. Синдоров 20 настайдаа дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө. Тэд хоёулаа хүүхэд байхдаа дэлхийн аварга болох мөрөөдөлтэй байсан. Одоо тэр мөрөөдөл нэг хөлөг дээр, нэг титмийн төлөө огтлолцох гэж байна.
Магадгүй хэдэн жилийн дараа шатрын түүхийг сөхөж харахад 2026 он шинэ эрин эхэлсэн жил гэж бичигдэх ч юм билүү. Учир нь, дэлхийн шатрын хаан ширээ өмнөх үеийн аваргуудаас шинэ үеийн залууст шилжиж байна. Гукеш, Синдоров нарын зэрэг 20 гаруйхан настай залуус дэлхийн хамгийн том тэмцээнүүдэд гол дүр болж эхэлжээ.
Жавохир Синдоровт дэлхийн аваргын цомыг гартаа өргөхөд хэдхэн тоглолтын зайтай үлджээ. Шатрын хөлөг дээр өрсөлдөгчийнхөө дараагийн нүүдлийг урьдчилан таах шаардлагатай байдаг. Харин амьдралын дараагийн нүүдлийг хэн ч тааж мэддэггүй. Жавохир Синдоровын хувьд дараагийн нүүдэл нь тодорхой болжээ. Түүний өмнө дэлхийн аварга Д.Гукеш, 64 нүд, нэг титэм байна.
Ташкентын дөрвөн настай хүүгийн гараараа анх хөдөлгөж байсан тэр шатрын хүү өнөөдөр дэлхийн аваргын хаалгыг тогшиж байна. Хаалга нээгдэх эсэхийг удахгүй дэлхий нийт харна. Харин тэр хаалганы цаана шатрын шинэ хаан сууж байх эсэх нь Синдоровын дараагийн нүүдлүүдээс шалтгаалах нь ээ.
Эх сурвалж: CHESS, FIDE, REUTERS