АНУ-ын Төв командлал (Centcom)-ын мэдээлснээр, Тегеран сүүлийн хоёр өдрийн хугацаанд Америкийн байлдааны хөлөг онгоц руу хоёр удаа халдсаны хариуд АНУ-ын цэргийн хүч Ираны таван нефтийн танкерт цохилт өгчээ.
Цохилтод Оманы буланд байсан, Ираны Исламын хувьсгалын гвардийн корпус (IRGC)-тай холбоотой Ираны дөрвөн нефтийн танкер, мөн Ираны Персийн булангийн эрэг орчмын томоохон нефтийн терминал болох Харк арал (Kharg Island)-ын ойролцоо байсан өөр нэг танкер өртсөн талаар Centcom мэдээлэв.
Үүний хариуд Тегеран Йордан дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харвасан байна. Харин Йорданы тал агаарын довтолгооноос хамгаалах системээрээ Иранаас харвасан 20 пуужингийн 18-ыг нь устгаснаа мэдэгджээ.
АНУ болон Ираны хоорондын харилцан өшөө авсан цохилтууд сүүлийн долоо хоногт эрчимжив. Энэ нь АНУ, Израил хоёр Иран руу халдлага үйлдэж эхэлснээс хойш зургаан сар гаруйн дараа болж байгаа юм. Тэдгээр халдлага хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн байна.
Газрын тосны үнэ өсөв
Азийн зах зээлийн арилжаа эхлэх үед газрын тосны үнэ өсжээ. Олон улсын жишиг болох Brent төрлийн газрын тосны үнэ 1.5%-иар өсөж, баррель нь 99.41 ам.доллар болсон бол АНУ-ын зах зээл дээрх газрын тосны үнэ 1.6%-иар нэмэгдэж, баррель нь 94.55 ам.долларт хүрсэн байна.
Йордан руу Иранаас харвасан пуужингийн хоёр нь хүн амьдардаггүй бүсэд унасан гэж Йорданы Зэвсэгт хүчний албан ёсны төлөөлөгч мэдээлжээ. Йорданы агаарын довтолгооноос хамгаалах систем Иранаас харвасан пуужингуудыг замд нь устгажээ.
Иран цаашид хариу цохилт өгөхөө мэдэгдэж, Кувейт болон Бахрейны боомтуудын ойролцоо буй АНУ-тай холбоотой танкеруудын багийнханд “Онгоцоо зангуугаар зогсоосон болон боомтод байгаа эсэхээс үл хамааран нэн даруй орхигтун. Учир нь, тэдгээр нь бай болох болно” хэмээн анхааруулжээ.
Мөргөлдөөн хэрхэн хурцдав?
Сүүлийн үеийн хурцадмал байдал нь Иран АНУ-ын байлдааны хөлөг рүү баллистик пуужин харвасантай холбоотой. Centcom-ын мэдээлснээр, Америкийн хөлөг онгоц уг пуужингийн довтолгооноос “амжилттай зайлсхийсэн” бөгөөд халдлагын үеэр Америкийн цэргүүдээс хэн ч гэмтэж бэртээгүй байна.
Үүний хариуд АНУ цохилт өгсөн таван нефтийн танкер нь “IRGC болон тус бүс нутаг дахь түүний холбоотон бүлэглэлүүдийг санхүүжүүлдэг, олон тэрбум ам.долларын далд сүлжээний нэг хэсэг” байсан гэж мэдэгджээ.
АНУ-ын цохилтод өртсөн танкеруудын нэг нь байсан Харк арал Ираны нефть экспортлох гол терминал байрладаг газар аж. Ираны экспортолж буй түүхий нефтийн ойролцоогоор 90% нь эх газрын нефтийн ордуудаас хоолойгоор дамжин энэ арлаар дамжин өнгөрдөг байна.

Бүс нутгийн бусад мөргөлдөөн газрын тосны үнэд нөлөөлж байна
Газрын тосны үнэд дарамт нэмэгдэж буй өөр нэг хүчин зүйл нь бүс нутгийн тогтворгүй байдал юм. Мөн мягмар гарагт Ираны дэмжлэгтэй Йемений Хусит хөдөлгөөн Саудын Арабын эрчим хүчний байгууламжууд болон иргэний дэд бүтцэд халджээ. Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, уг халдлагын улмаас 73 хүн шархадсан байна.
Саудын Арабын цэргийн болон Эрчим хүчний яамнаас "Дрон болон пуужингийн халдлагын улмаас нефтийн байгууламжуудад гал гарч, үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоход хүрсэн" гэж мэдээлжээ.
АНУ: “Тэд танкеруудаа алдана”
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдэд "АНУ болон Ираны хоорондын харилцан цохилтын нөхцөл байдал “маш ойлгомжтой” гэж мэдээлжээ. Тэрбээр “Иран АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудыг онилсоор байна. Тэд үүнийг хийх болгондоо, эсвэл хийхийг оролдох болгондоо танкеруудаа алдана. Өнөөдөр ч үүнийг дахин харна гэж бодож байна” хэмээн Колумбад хийсэн айлчлалынхаа үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.
АНУ-ын мягмар гаргийн цохилт Ираны тэнгисийн цэргийн хүчин Хормузын хоолойд АНУ-ын нисгэгчгүй шумбагч төхөөрөмжийг барьсан гэж мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа болсон байна.
Гэвч Centcom-Aн төлөөлөгч, АНУ-ын Тэнгисийн цэргийн ахмад Тим Хокинс уг төхөөрөмжийг “нэг өдрийн өмнө буюу түүнээс илүү хугацааны өмнө ажиллагааны доголдолд орсон” гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, уг төхөөрөмжийг бүс нутгийн усан орчныг судлах, үргэлжилж буй цэргийн ажиллагааг дэмжих зорилгоор ашиглаж байсан аж.
Хокинс "Эвдэрсэн төхөөрөмж нь хуучин загварынх бөгөөд нууц мэдээлэл цуглуулдаггүй, нууц ангиллын сонар болон радарын төхөөрөмж агуулаагүй" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын бүс нутгийн усан дахь ажиллагаа үргэлжилж байгаа гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: BBC