ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар есдүгээр сарын 8-нд утсаар ярилцжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, яриа яг нэг цаг үргэлжилж, ажил хэрэгч, илэн далангүй уур амьсгалд болсон байна.
Хоёр улсын тэргүүн Украины асуудлыг зохицуулах явц, мөн АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Москва, Киевт хийсэн айлчлалын үр дүнгийн талаар санал солилцжээ.
Ушаковын хэлснээр, Путин, Трамп нар Америкийн төлөөлөгчдийн хийсэн дипломат ажлыг эерэгээр үнэлж, энэ сувгаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.
Трамп Украины мөргөлдөөнийг өөрийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд шийдвэрлэхэд ахиц гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Путин ч АНУ болон Трампын зүгээс энх тайвныг тогтооход чиглүүлж буй зуучлалын хүчин чармайлтыг эерэгээр үнэлсэн гэж Ушаков мэдээлсэн байна.
Путин Трампад Украины дайны нөхцөл байдлын талаар “бодитой, дэлгэрэнгүй дүн шинжилгээ” танилцуулсан бөгөөд Европын эсрэг Орос ямар нэгэн түрэмгий төлөвлөгөөгүй гэдгээ мөн мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Путин Европын холбооны орнуудын ярьж буй “Оросын заналхийлэл” нь Украинд үзүүлэх дэмжлэг, өөрсдийн цэргийн зардлыг нэмэгдүүлэхэд ашиглаж буй шалтаг хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Трамп Украины мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгах шаардлагатай гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна. Мөн Украины мөргөлдөөн дуусвал Орос, АНУ-ын харилцааг бүрэн сэргээх боломж нээгдэнэ гэж үзжээ.
Тэрбээр хоёр орны худалдааны харилцааг сэргээх нь Орос, АНУ-д асар их ашиг авчрах боломжтой гэж Путинд хэлсэн байна.
Хоёр улсын удирдагчид цаашид холбоотой байж, шаардлагатай үед шуурхай утсаар ярилцаж байхаар тохиролцжээ. Мөн хоригдол, ялтан солилцох зэрэг хүмүүнлэгийн асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон байна.
Путин, Трампын 15 дахь яриа
ТАСС-ын тооцоолсноор8 энэ нь Трамп 2025 оны эхээр Цагаан ордонд эргэн ирснээс хойш Путинтэй хийсэн 15 дахь утасны яриа болжээ. Харин 2026 онд тэд тав дахь удаагаа утсаар ярьсан байна.
Эх сурвалж: TASS