Украины эсрэг бүрэн хэмжээний дайн хийж буй Оросын цэргийн хүчнүүд Краматорск хотод агаарын бөмбөгөөр цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүс 45, 66 настай эрэгтэйчүүд бол 60 настай эрэгтэй, 58, 61, 79 настай дөрвөн эмэгтэй шархаджээ. Энэ талаар есдүгээр сарын 7-ны даваа гарагт Донецк мужийн прокурорын газраас мэдээлсэн байна.
Краматорск хотын захиргааны мэдээлснээр, үүр цайх үед ФАБ-250 загварын агаарын бөмбөгийг УМПК удирдлагын модулийн хамт ашиглан нийт дөрвөн удаа цохилт өгчээ. Үүний хоёр нь Краматорск хотын төв хэсэгт байрлах орон сууцны барилгуудыг онож, өөр нэг цохилт нь Ясногорка суурингийн гүүрэн байгууламжид туссан байна. Мөн хотын төвд байрлах орон сууцны барилгын ойролцоо дэлбэрээгүй сум унасан талаар хотын захиргаа мэдээлжээ.
Оросын цохилтын улмаас Украины дөрвөн мужид цахилгаан хангамж тасарчээ
Оросын цэргийн ажиллагаа болон эрчим хүчний байгууламжуудад өгсөн цохилтын улмаас есдүгээр сарын 7-ны өглөөний байдлаар, Украины Донецк, Одесса, Сумы, Харьков мужийн зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон байна. Энэ талаар Украины Эрчим хүчний яамнаас мэдээлжээ.
Мөн Запорожье хотод Оросын нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтын улмаас худалдааны төвд гал гарсан байна. Запорожье мужийн цэргийн захиргааны дарга Иван Фёдоровын мэдээлснээр, уг халдлагын үеэр хоёр хүн шархаджээ.
Одесса мужид мөн Оросын шөнийн цохилтын улмаас хоёр дүүрэгт гал түймэр гарч, барилга байгууламжид эвдрэл, сүйдэл үүссэн талаар Украины Онцгой байдлын алба мэдээлсэн байна.
Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний мэдээлснээр, Оросын тал Украины нутаг дэвсгэрт Shahed, “Гербера”, “Пародия” төрлийн хуурамч бай болон S8000 “Бандероль” зэрэг нисгэгчгүй төхөөрөмж ашиглан нийт 92 удаа довтолжээ.
Украины цэргийн анги нэгтгэлүүд 71 нисгэгчгүй төхөөрөмжийг устгаж, саармагжуулсан байна. Харин 12 байршилд цохилт бүртгэгдэж, нэг байршилд устгагдсан нисгэгчгүй төхөөрөмжийн хэлтэрхий унасан талаар мэдээлжээ.
Эх сурвалж: DW