ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны Дорнын эдийн засгийн форумын үеэр хэвлэл мэдээлэл болон сошиал медиа орчинд хамгийн олон дурдагдсан хүнээр тодорсон талаар М13 компаниас явуулсан судалгааны дүн харуулжээ.

“Дорнын эдийн засгийн форумын гол илтгэгч, хэвлэл мэдээллийн орон зайд хамгийн их анхаарал татсан хүн нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин байлаа. Тэрбээр ДЭЗЧУ-2026-тай холбоотой хэвлэл мэдээлэл болон сошиал медиа дахь нийт дурдлагын 30 хувийг дангаараа эзэлсэн байна.

Форумын хүрээнд тэрбээр шинээр байгуулагдсан хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлж, гадаадын улс орнуудын төлөөлөгчидтэй цуврал уулзалт хийж, мөн Алс Дорнодын хөгжлийн асуудлаарх зөвлөгөөнд оролцсон” гэж судалгааны мэдээлэлд дурджээ.

Форумын хамгийн гол үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэгдсэн хуралдаанд оролцож, Алс Дорнод болон улс орны нийт хөгжлийн талаар байр суурь, гол зорилтуудаа танилцуулсан явдал байв. Харин дурдлагын чансааны хоёрдугаар болон гуравдугаар байрыг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова нар тус тус эзэлжээ.

Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын “Знание” нийгэмлэгийн зохион байгуулсан лекцийн хөтөлбөрт оролцож, ОХУ болон гадаадын улс орнуудын харилцаа, Украины мөргөлдөөний талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Түүний хийсэн мэдэгдлүүдээс ОХУ дахь Гёте институтын салбарыг хаах тухай мэдээлэл онцгой анхаарал татжээ. Энэ нь Берлин дэх Оросын ордон (Русский дом) хаагдсантай холбоотойгоор ОХУ-аас авч буй хариу арга хэмжээ гэж Лавров тайлбарласан байна.

Дөрөвдүгээр байрт ОХУ-ын Шадар сайд Александр Новак оржээ. Тэрбээр Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, шатахууны зах зээлийн нөхцөл байдлын талаар тайлбар өгч, мөн Орос-Хятадын эрчим хүчний бизнесийн форумд оролцсон байна.

Шилдэг таван хүний жагсаалтыг ОХУ-ын Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев хаажээ. Тэрбээр ДЭЗЧУ-2026-д зохион байгуулах хорооны даргын хувиар оролцож, форумын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд тайлбар өгсөн байна.

Дорнын эдийн засгийн форум 2026 оны есдүгээр сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Владивосток хотод, Алс Дорнодын холбооны их сургуулийн кампусын талбайд зохион байгуулагджээ.

2026 оны ДЭЗЧУ-ын үндсэн сэдэв нь “Алс Дорнод – хүмүүсийн сайн сайхны төлөөх хөгжил” байв.

Форумыг ОХУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Росконгресс” сан зохион байгуулсан бөгөөд ТАСС нь форумын мэдээллийн ерөнхий түншээр ажилласан байна.

Эх сурвалж: TASS