Украины нийслэл Киев хотод АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчид болох Стивен Уиткофф, Жаред Кушнер нар болон Герман, Франц, Их Британийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд оролцсон хэлэлцээ болжээ.
Хэлэлцээний үеэр Орос, Украины дайныг дуусгах боломжит нөхцөл, ойрын хугацаанд барууны түншүүдээс Украинд үзүүлэх дэмжлэг, мөн аюулгүй байдлын баталгааны асуудал хэлэлцсэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ талаар ням гаргийн орой буюу есдүгээр сарын 6-нд Стив Уиткофф, Жаред Кушнер нартай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Украинд дайн өвөл ч үргэлжилж болзошгүй
Зеленский мөн дайн өвлийн улиралд үргэлжилнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд, Украинд барууны орнуудаас өвлийн улирлын тусламжийн багц шаардлагатай байгааг онцолжээ.
Тэрбээр “Хэрэв дайн өвөл үргэлжилвэл Америкийн түншүүдтэй тохиролцож, Европын түншүүдийн дэмжлэгийг авах боломжтой байна гэж бид маш их найдаж байна. Одоогийн байдлаар нөхцөл байдал ийм харагдаж байна” гэж хэлсэн байна.
Мөн Зеленский Киев Америкийн шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-г их хэмжээгээр авах боломж, түүнчлэн агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем, зэвсгийн нийлүүлэлт авахыг хүлээж буйгаа хэлээд, энэ талаар тодруулжээ.
Үүнээс өмнө Америкийн Axios онлайн хэвлэл хэлэлцээний явцыг мэдэх эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан, Зеленский Уиткофф, Кушнер нартай уулзахдаа дайны нөхцөлд Украин улс өвөлд хэрхэн бэлтгэх асуудлыг хөндсөн гэж мэдээлсэн байна.
Харин АНУ-ын төлөөлөгчид өвөл болохоос өмнө энх тайвны хэлэлцээнд ахиц гаргахыг зорьж байгаагаа онцолсон гэжээ.
Axios-ийн өөр нэг нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Киев дэх хэлэлцээ “сайн болсон” бөгөөд Кушнер, Уиткофф нар холбогдох талуудтай хамтран энх тайвны саналуудын “шинэчилсэн хувилбар” дээр ажиллахаар төлөвлөж байгаа аж.
Нутаг дэвсгэрийн асуудал
Хэлэлцээний бас нэг чухал сэдэв нь нутаг дэвсгэрийн асуудал байжээ. Зеленский “Нутаг дэвсгэрийн асуудал одоо ч гэсэн хэлэлцэх асуудлын нэг хэвээр байна. Энэ талаар бид маш удаан ярилцсан. Энэ асуудлыг хэлэлцэх боломж бидэнд байсан. Би өмнөх байр сууриндаа хэвээр байна: Ийм төвөгтэй асуудлуудыг зөвхөн төрийн тэргүүнүүдийн түвшинд шийдвэрлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Стив Уиткофф, Жаред Кушнер нарын Киевт хийсэн айлчлал
Уиткофф, Кушнер нар есдүгээр сарын 6-ны өглөө Польшоос галт тэргээр Киевт ирсэн байна. Энэ нь тэд энх тайвны асуудлаар ажиллаж эхэлснээсээ хойш Украинд хийж буй анхны айлчлал нь болжээ.
Хэлэлцээний эхний шатны дараа Жаред Кушнер сэтгүүлчдэд ярилцахдаа "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь энх тайвны асуудлыг маш хүнд, олон талт асуудал гэдгийг ойлгож байгаа боловч дайныг зогсоох, хүний амь эрсдэхийг таслан зогсоох, гэр бүлүүдэд амар тайван байдлыг авчрахын төлөө маш шийдэмгий ажиллаж байна" гэж хэлсэн байна.
Үүнээс нэг өдрийн өмнө Уиткофф, Кушнер нар Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хэлэлцээ хийсэн.
Цагаан ордон уг уулзалтыг “үр дүнтэй, агуулгатай” гэж тодорхойлсон бол Кремль Украины дайныг зохицуулах нөхцөл байдал амаргүй, төвөгтэй хэвээр байна гэж мэдэгджээ. АНУ-ын эдгээр хэлэлцээчид өмнө нь мөн хэд хэдэн удаа ОХУ-ын нийслэл Москвад очиж байсан билээ.
Эх сурвалж: DW