Өмнөд Солонгосын иргэнд Хойд Солонгосын талд тагнуул хийсэн хэргээр таван жилийн хорих ял оноосон талаар албаныхан бямба гарагт мэдээлжээ.

Шүүхийн мэдээлснээр, нэрийг нь нууцалсан 43 настай эрэгтэй 2021 оны тав, зургадугаар сард Telegram мессTжийн аппликейшнээр дамжуулан Хойд Солонгосын тагнуулын ажилтнаас даалгавар авчээ. 

Тэрбээр Хойд Солонгосоос дүрвэсэн, Пёньяны дэглэмийг эсэргүүцэгчид болон тэдний үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулах үүрэг хүлээсэн байна.

Тухайн үед уг эрэгтэй Хойд Солонгосын тагнуулын ажилтнаас ойролцоогоор 660 сая вон буюу 479,346 ам.долларын үнэ бүхий криптовалют авч, криптовалютын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ашиглахаар хүлээн авсан аж.

Үүний дараа тэрээр Хойд Солонгосын дүрвэгсдийн байгууллагын тэргүүнтэй холбогдож, тус байгууллагыг санхүүжүүлэх санал тавьжээ. Мөн байгууллагын тэргүүнээс криптовалютын хэтэвч нээж, хаягийг нь өөрт нь өгөхийг хүссэн байна. Улмаар уг хаягийг Хойд Солонгосын тагнуулын ажилтанд дамжуулжээ.

Тагнуулын ажилтан хандивын нэрээр 1 сая воны үнэ бүхий биткойн шилжүүлсний дараа тус эрэгтэйд тухайн байгууллагаас Пёньяны дэглэмийн эсрэг ухуулах хуудас тарааж буйг харуулсан зураг, дүрс бичлэгүүд ирсэн байна.

Мөн Хойд Солонгосын тал түүнд үүрэг өгч, алба хааж буй долоон цэргийн албан хаагчийн хувийн мэдээлэл, тэр дундаа тэдний харъяалагддаг анги, оршин суугчийн бүртгэлийн дугаар зэргийг цуглуулах, цаашлаад тэднийг тагнуулын ажиллагаанд татан оролцуулахыг оролдохыг даалгажээ.

Уг эрэгтэй долоон офицерын нэгийнх нь талаарх мэдээллийг цуглуулахын тулд хувийн мөрдлөгийн байгууллага хөлсөлсөн байна. Тус байгууллага тухайн офицерын харъяалах анги, оршин суугаа газар, хуваарь болон үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цуглуулж, 2.5 сая воны үнэ бүхий криптовалютын төлбөрийн хариуд түүнд дамжуулжээ.

Сөүлийн төв дүүргийн шүүх уг эрэгтэйг Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ял оноосон байна.

Шүүхээс Хойд Солонгосоос дүрвэсэн, Пёньяны дэглэмийг эсэргүүцэгчдийн талаарх мэдээлэл нь тэдэнд болон тэдний гэр бүлд хор хохирол учруулахад ашиглагдаж болзошгүй тул хамгаалагдах ёстой мэдээлэл гэж үзжээ.

Үүнээс гадна уг эрэгтэй Хойд Солонгосын даалгавраар алба хааж буй цэргийн офицертой холбогдож, цэргийн нууц задруулсан өөр хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Өмнөд Солонгосын Дээд шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон байна.

Эх сурвалж: YONHAP