Өмнөд Африкийн Олимпын хорооны тэргүүн Барри Хендрикс Дорнын эдийн засгийн форумын үеэр ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Оросын тамирчдыг дэмжиж буйгаа онцлон тэмдэглэж, Оросын спортод ялгаварлан гадуурхалт үзүүлж буй талаар байр сууриа илэрхийлжээ. Мөн ОХУ болон Өмнөд Африкийн шигшээ багууд хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт хийх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.

-Та ОХУ-д анх удаа ирж байна. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Бүх зүйл санаанд багтамгүй хурдтай, яг л сансрын хурдаар өрнөж байна. Би юу ч амжуулж чадахгүй шахам явна, ийм богино хугацаанд маш олон арга хэмжээ болж байна. Намайг урьсан Оросын Олимпын хороонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Тийм ээ, би ОХУ-д анх удаа ирж байна. Энэ миний Орост хийх сүүлчийн айлчлал биш гэж найдаж байна.

-Саяхан Олон улсын олимпын хороо Оросын Олимпын хорооны эрхийг сэргээсэн. Та энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Бид ОХУ-тай маш найрсаг харилцаатай, Оросыг үргэлж дэмжиж ирсэн. Оросын спортын байгууллагуудын эрхийг сэргээх үйл явц эхлээд Паралимпын хорооноос эхэлсэн. Паралимпын хорооны эрхийг сэргээсний дараа Оросын Олимпын хороо эргэн сэргэх нь зөвхөн цаг хугацааны асуудал гэдгийг бид ойлгосон.

Олон улсын олимпын хорооны шинэ удирдлагын философи нь олимпын хөдөлгөөнөөс бүх тамирчин, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр үр өгөөж хүртэх ёстой гэсэн зарчимд тулгуурлаж байна.

-ӨАБНУ-ын олон тамирчин Оросын регбигийн аварга шалгаруулах тэмцээнд тоглодог. Ерөнхийдөө ОХУ болон ӨАБНУ-ын шигшээ багууд нэлээд хүчтэй, хэдийгээр тодорхой үзүүлэлтээр ӨАБНУ илүү хүчтэй тал бий. Харин Оросын регбигийн шигшээ багийн эрх одоогоор сэргээгүй байна. Та хэзээ сэргэн гэж бодож байна вэ?

-Миний бодлоор энэ асуудал ч мөн адил цаг хугацааны асуудал. Бусад спортын холбоодын эрх сэргэсний нэгэн адил регбигийн холбооны эрх ч мөн сэргэнэ дээ.

-Бид ӨАБНУ-ын шигшээ багийг хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд оролцохыг мэдээж анхааралтай ажигласан. Оросын шигшээ баг үе үе нөхөрсөг тоглолт хийх өрсөлдөгч хайдаг. ОХУ болон ӨАБНУ-ын шигшээ багууд хөлбөмбөг тоглох боломжийн талаар та юу гэж бодож байна вэ?

-Мэдээж тоглох хэрэгтэй. Биднийг юу ч зогсоож чадахгүй гэж би бодож байна. ФИФА улс орнууд хоорондоо тоглохыг ерөнхийдөө эсэргүүцдэггүй, зөвхөн ФИФА-гийн шууд зохион байгуулдаг тэмцээнүүдийн хувьд тодорхой зохицуулалт бий. Бид энэ боломжийг заавал ашиглаж, шигшээ багуудаа нөхөрсөг тоглолт хийлгэх хэрэгтэй.

-Саяхан Оросын шигшээ баг Нигерийн шигшээ багтай тоглосон. Африкийн бусад орнууд Оростой тоглож байгаа бол ӨАБНУ болон ОХУ-ын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийхэд юу саад болох вэ?

-Бид өөрсдийн зүгээс Оросын Хөлбөмбөгийн холбоонд та бүхэнтэй хийх хэлэлцээгээ эрчимжүүлэхийг санал болгоё. Би энэ асуудлаар Өмнөд Африкийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүнтэй хэдийнэ ярилцсан. Тэр ч мөн зөвшөөрсөн. Энэ боломжийг заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна.

-Оросын Олимпын хорооны эрхийг сэргээхийг олон улс дэмжсэн. Гэхдээ Оросын тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд оролцуулахыг эсэргүүцдэг, бүр өөрийн орондоо нэвтрүүлэхгүй байгаа улс орнууд ч цөөнгүй байна. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ? Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

-Энэ асуудал дээр ямар ч эргэлзээ, хоёрдмол ойлголт байх ёсгүй. НҮБ энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ямар ч тамирчин өөрийн улсын паспортыг эзэмшдэг гэдгээсээ болж хохирох ёсгүй. Дэлхий дээр хөрш орнуудтайгаа зөрчилдөөнтэй олон улс бий. Тэглээ гээд үүнээс болж бүгд хохирох ёстой гэж үү? Бидний бодлоор энэ асуудлыг шийдвэрлэх ёстой бөгөөд бүх тамирчин өөрийн спортоор хичээллэх боломжтой байх ёстой.

-Олон улсын спортын холбоод Оросын тамирчдыг нэвтрүүлэхгүй байгаа улс орнуудаас тэмцээнүүдээ өөр газар зохион байгуулах болсон. ӨАБНУ томоохон хэмжээний олон улсын тэмцээнүүдийг хүлээн авахад бэлэн үү?

-Өмнөд Африк бол олон улсын төрөл бүрийн цомын тэмцээн, уралдаан зохион байгуулж ирсэн улс. Хөлбөмбөг, крикет, софтболын олон улсын тэмцээнүүд ч манай улсад болж байсан. Миний бодлоор энэ бүхэн Спортын яамны албан тушаалтнууд, холбогдох бусад яамд, улс орнуудын Олимпын хороодын хоорондын тохиролцооны асуудал.

Өмнөд Африкт одоо спортын маш сайн сайд ажиллаж байгаа. Энэ боломжийг заавал ашиглах хэрэгтэй. Тэрээр олон улсын тэмцээн зохион байгуулах асуудалд үргэлж нээлттэй байдаг. Бидэнд ийм арга хэмжээ зохион байгуулах туршлага бий. Бид нээлттэй. Мөн энэ жил, бүр энэ сард Tug of War буюу олс таталтын тэмцээн зохион байгуулна. Оросын баг ч мөн оролцоно гэж би маш их найдаж байна.

-Мэдээж ОХУ-ын төрийн далбаа, төрийн дуулалтайгаа оролцох уу?

-Энэ нь тухайн спортын холбооноос хамаарна гэж бодож байна. Учир нь энэ спорт олимпын төрөл биш учраас Олимпын хөдөлгөөний хүрээнд зохицуулагддаггүй. Тиймээс энэ асуудлаар тухайн холбоо өөрөө шийдвэр гаргах боломжтой.

-Барри, та Оросын албан тушаалтнуудтай нэлээд олон уулзалт хийсэн. Орос хэлээр ямар нэг үг мэдэх үү?

-Би хэлний мэдлэгээ аажмаар нэмэгдүүлж байгаа. Одоогоор орос хэлээр ганцхан үг мэднэ — «спасибо», баярлалаа. ӨАБНУ-д крикет маш алдартай. Харин Орост лапта гэдэг спорт байдаг. Олон хүн лаптаг “Оросын крикет” гэж нэрлэдэг.

-Маш сонирхолтой юм байна. Үүнийг би мэддэггүй байлаа.

-Тийм ээ. Энэ бол Михаил Дегтяревтай уулзахаас өмнө мэдэж авахад хэрэгтэй зүйл шүү. Заавал тогтоож авна.

-ӨАБНУ-д акул нэлээд олон байдаг. Серфингчид, задгай далайд сэлдэг хүмүүс ч олон. Саяхан Владивостокийн орчимд акулууд үзэгдэх болсон. ӨАБНУ-ын төлөөлөгчийн хувьд далайд акултай таарсан хүмүүст та юу зөвлөх вэ?

-Маш сонирхолтой асуулт байна. Өмнөд Африкт далайн эрэг дээр акулын эсрэг тор татдаг. Гэхдээ ийм торыг зөвхөн дулаан устай газруудад байрлуулдаг. Харин ӨАБНУ-ын өмнөд захын хэсэгт ус хүйтэн учраас тэнд ийм тор тавьдаггүй.

Уур амьсгал судлаачид болон биологичдын ажигласнаар цагаан акулууд Өмнөд Африкийн нутаг дэвсгэрээс бараг алга болсон байна. Энэ нь манай аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Учир нь акул үзэхээр Өмнөд Африкт ирэх жуулчдын тоо буурч байна. Харин хэн мэдэх вэ, магадгүй энэ бүх акул Владивосток руу нүүж, оршин суух хаягаа сольсон байж болох юм.

-Оросын спорт болон Оросын тамирчдад та юу хүсэх вэ?

-Бид харилцаагаа заавал сайжруулах хэрэгтэй. Зөвхөн тамирчид хоорондын харилцаа ч биш, дасгалжуулагчид, техникийн ажилтнууд, спортын байгууллагуудын удирдлагуудын хоорондын харилцааг ч сайжруулах шаардлагатай.

Ийм харилцааг сайжруулж, хамтын ажиллагааг эрчимжүүлж байж л манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлнэ.

-Саяхан Өмнөд Африк ирээдүйд Олимпын наадмыг зохион байгуулж магадгүй гэсэн мэдээ уншсан. Та бүхэнд ийм төлөвлөгөө бий юу? Хэрэв байгаа бол хэдэн онд зохион байгуулах боломжтой вэ?

-Бид 2036 болон 2040 оны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна. Одоогоор энэ санааг хэрэгжүүлэхийн тулд Олон улсын олимпын хороотой маш идэвхтэй хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: TASS