Амны хөндийд 700 орчим төрлийн бактери, түүнчлэн вирус, мөөгөнцөр зэрэг олон бичил биетэн оршдог. Тэдгээрийн зарим нь шүд цооруулж, буйлны өвчин үүсгэдэг бол зарим нь харин хортой бичил биетнийг дарангуйлж, амны хөндийн эрүүл байдлыг хамгаалдаг байна.

Судлаачдын үзэж буйгаар, амны хөндийн бичил биетний тэнцвэр нь зөвхөн шүд, буйл төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд ч чухал нөлөөтэй. Тиймээс шүдээ тогтмол угаахаас гадна юу идэж, ууж байгаадаа анхаарах нь зүйтэй аж.

Ямар хүнс хэрэгтэй вэ?

Ногоон навчит хүнсний ногоо амны хөндийн ашигтай бактерийг дэмждэг хүнсний нэг. Бууцай, байцаа, манжин, улаан лууван зэрэг нь нитратаар баялаг бөгөөд амны хөндийн зарим ашигтай бактери түүнийг бие махбодод хэрэгтэй нэгдэл болгон хувиргадаг байна.

Мөн саримс нь аллицин хэмээх нэгдэл агуулдаг тул шүд цоорох болон буйлны өвчинтэй холбоотой зарим бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Цай, жимс, ялангуяа бараан өнгийн жимсгэнэ полифенолоор баялаг. Судалгаагаар эдгээр нэгдэл нь шүдний өнгөр үүсэх, хортой бактер шүдний гадаргууд наалдахаас сэргийлэхэд тустай байж болохыг тогтоожээ.

Сонирхолтой нь, бяслаг ч амны хөндийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байж болох аж. Бяслаг зажлах үед шүлс ихээр ялгарч, амны хөндийн хүчиллэгийг саармагжуулахын зэрэгцээ шүдэн дээрх сахарын үлдэгдлийг цэвэрлэхэд тусалдаг байна.

Үүнээс гадна айраг, кефир зэрэг исгэлэн хүнс ашигтай бичил биетэн агуулдаг тул амны хөндий дэх хортой бактерийн өсөлтийг дарангуйлахад дэмжлэг үзүүлж болохыг судалгаанууд харуулжээ.

Юуг багасгах вэ?

Шүд цоорох эрсдэлийг нэмэгдүүлдэг гол зүйл бол сахар ихтэй хүнс, ундааг ойр ойрхон хэрэглэх явдал. Мөн цагаан талх, жигнэмэг, бялуу, крекер зэрэг боловсруулсан нүүрс ус аманд амархан задарч, хортой бактерийн тэжээл болдог байна.

Мэргэжилтнүүд амны хөндийн эрүүл мэндэд зориулсан цор ганц “супер хүнс” байхгүй бөгөөд хамгийн чухал нь ногоо, бүхэл үр, жимс, буурцаг зэрэг боловсруулаагүй хүнс түлхүү хэрэглэж, сахарын хэрэглээг хязгаарлах хэрэгтэйг онцолжээ.

Мөн зөв хооллолтын зэрэгцээ шүдээ өдөр бүр тогтмол угааж, шүдний утас хэрэглэх нь амны хөндийн ашигтай бичил орчныг хадгалах үндсэн арга хэвээр байна.

Товчхондоо, амны хөндийн эрүүл мэндийг зөвхөн шүдний сойзоор бус, хоолны сонголтоороо ч хамгаалж болох ажээ.

Эх сурвалж: BBC