Монголчуудын эртний нүүдэлчин ахуй, адууны соёл, нум сум харвах эрдмийг орчин үеийн спортын хэлбэрээр дэлхийд сурталчлах “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн найм дахь жилдээ болж байна.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын “Хаадын хаан” морин паркт өчигдөр (2026.09.05) эхэлсэн тус тэмцээн өнөөдөр үргэлжилж буй бөгөөд Монгол Улсаас 73, Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Франц улсаас 14 тамирчин, нийт 87 морьт харваач оролцож байна.
Тамирчид цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, морь унах ур чадвар, онч мэргэнээ сорин өрсөлдөж байгаа юм. Монголын Морьт Харваачдын Холбооны тэмцээний бүртгэлд бөмбөг намнааны төрөлд 87 тамирчин бүртгүүлж, тэмцээний оноолт, оролцогчдын мэдээлэл цахим хэлбэрээр шинэчлэгдсээр байна.

“Хийморь” тэмцээний онцлог нь зөвхөн спортын өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй. Монголчуудын олон зуун жилийн турш өвлөн ирсэн морь унах, нум сум харвах уламжлалт ур чадварыг спортын түвшинд хөгжүүлж, олон улсын тамирчдад таниулах чухал талбар болж байгаагаараа онцлог.
Монголын Морьт Харваачдын Холбоо нь тус тэмцээнийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй морьт харвааны клубууд төдийгүй олон улсын сурагч, морьт харваачдад нээлттэй зохион байгуулж, Монголын морьт харвааг дэлхийн түвшинд хөгжүүлэх зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

“Хийморь” тэмцээн энэ жил “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээний хүрээнд болж буй юм. Уг арга хэмжээний хүрээнд “Хийморь” морьт харваанаас гадна “Адуун төвөргөөн”, “Хаадын хаан Чингис хаан” морин шоу, адуучдын ур чадварын тэмцээн, эмнэг сургах тэмцээн, жороо морины үзүүлбэр, дэмбээний тэмцээн, морин хуур болон гар урлалын үзэсгэлэн худалдаа зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Япон, Канад, Австрали, АНУ, Мексик, Франц зэрэг зургаан улсаас тамирчид хүрэлцэн ирж оролцож буй нь Монголын морьт харваа олон улсын сонирхлыг татаж буйг харуулж байна. Морь, нум сум, тал нутгийн уудам орон зайг хослуулсан энэ спорт Монголын түүх, соёл, нүүдэлчин ахуйг гадаадын тамирчин, жуулчдад шууд мэдрүүлэх онцгой боломж болж байна.
