АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс пүрэв гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Ирантай хийж буй мөргөлдөөн хэзээ дуусах талаар ямар нэгэн хугацаа хэлж чадаагүй байна. Мөн шатахууны үнэ дайн эхлэхээс өмнөх түвшнээс хэзээ доош буурах талаар ч хэлээгүй аж.
Тэр гагцхүү "Зургаан сарын өмнө АНУ, Израилийн хамтарсан агаарын цохилтоор эхэлсэн мөргөлдөөнийг дуусгах эсэх нь Иранаас шалтгаална" гэж мэдэгджээ. Вэнсийн үзэж байгаагаар, одоогийн нөхцөл байдлыг “дайн” гэж нэрлэх ёсгүй аж. Учир нь, түүний хэлснээр “идэвхтэй байлдааны ажиллагаа” хэдэн сарын өмнө дууссан байна.
Вэнс “Яг одоо идэвхтэй буудалцаан байхгүй” хэмээн онцолсон байна. Гэвч энэ мэдэгдэл нь АНУ болон Иран энэ долоо хоногт гурван өдөр дараалан харилцан гал нээсэн, тэр дундаа Ормузын хоолойн орчимд байлдааны ажиллагаа өрнөсөн гэх бодит нөхцөлтэй зөрчилджээ.
Ажиглагчид Ойрхи Дорнод дахь нөхцөл байдлыг үе үе гардаг, харьцангуй бага хэмжээний мөргөлдөөн мэтээр дүрслэх нь арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулиас хоёр сарын өмнө дайныг улс төрийн хувьд ардаа орхисон мэт харагдуулахыг засаг захиргаа зорьж буйн илрэл гэж үзэж байна. Гэвч АНУ-ын арми Ираны байрлалуудад идэвхтэй цохилт өгсөөр байгаа билээ.
Пентагон пүрэв гарагт хохирлын шинэчилсэн тоо гаргасан бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ-ын 790 цэргийн алба хаагч шархдаж, 18 хүн амиа алдсан байна.
АНУ Ормузын хоолойн орчимд цохилтоо үргэлжлүүлнэ
АНУ мягмар гарагт Ормузын хоолойн орчимд 60 орчим цэргийн бай байгууламжид нэгэн зэрэг цохилт өгч, өргөн хүрээний ажиллагаа явуулжээ. Тэдгээрт агаарын довтолгооноос хамгаалах байгууламжууд, радарын системүүд, далайн цэргийн объектууд, далайд мина тавих чадавх, холбооны байгууламжууд багтсан байна. Үүний зэрэгцээ АНУ-ын цэргийн хүчин тус хоолойгоор дамжин өнгөрч буй усан онгоцуудыг хамгаалан дагалджээ.
АНУ-ын зэвсэгт хүчин Ормузын хоолойн ойролцоох Ираны байрлалууд руу довтолгоогоо цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Учир нь, Америкийн албаныхан "Иран цэргийн чадавхаа дахин сэргээх боломжтойгоо харуулсан" гэж үзэж байгаа аж.
Албаныхан ийм ажиллагааг “өвс хадах” буюу дахин дахин ургаж гарч ирэх аюулыг таслан зогсоох ажиллагаа, эсвэл “мэнгэ цохих” тоглоомтой зүйрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэг байг устгасан ч удалгүй өөр нэг бай аюул болон гарч ирэх эрсдэлтэй гэсэн үг.
Мягмар гаргийн ажиллагаа амжилттай болсон ч мөргөлдөөнийг богино хугацаанд шийдвэрлэх боломж ойртсон гэж албаныхан үзэхгүй байна. Түүнчлэн эрчим хүчний компаниуд АНУ-ын цэргийн усан онгоцны хамгаалалттай байсан ч Ормузын хоолойгоор хөлөг онгоцуудаа нэвтрүүлэх асар их эрсдэлтэй хэвээр гэж болгоомжилж буй аж.
Шатахууны үнийн өсөлт Бүгд найрамдахчуудын санааг зовоож байна
Олны дунд нэр хүнд муутай байгаа энэ дайн шатахууны үнийг өсгөсөн нь Конгресс дахь олонхоо хадгалахыг зорьж буй Бүгд найрамдахчуудын санааг зовоож эхэлжээ. Гэвч Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт "Сонгууль болохоос өмнө мөргөлдөөнийг зогсоох дарамт өөрт нь огт байхгүй" гэж мэдэгдсэн.
Гэхдээ түүний зөвлөхүүд болон холбоотнуудын ихэнх нь арваннэгдүгээр сарын сонгуулийн өмнө дайн олон нийтийн анхаарлаас аль болох холдох тусам улс төрийн хувьд илүү ашигтайг хүлээн зөвшөөрч байна.
Ираны эсрэг дайн эхлүүлэхийг анх эсэргүүцэж байсан Вэнс энэ зуны эхээр дипломат замаар тохиролцоонд хүрэх оролдлогод голлох үүрэг гүйцэтгэсэн. Түүний зуучилсан гал зогсоох тохиролцоо ердөө хоёр долоо хоногийн дараа задарч, Иран Ормузын хоолойн хяналтыг хадгалахыг эрмэлзсэнээр хоёр тал дахин харилцан цохилт өгөх мөчлөгт оржээ.
Ормузын хоолойн орчимд мөргөлдөөн дахин ширүүсэв
Наймдугаар сарын ихэнх хугацаанд байдал харьцангуй тайван байсан ч энэ долоо хоногт АНУ Ормузын хоолойн ойролцоох Ираны байрлалуудад цохилт өгснөөр байдал дахин хурцаджээ. АНУ-ын талын тайлбараар, Ираны эдгээр байрлалд буюу усан замд мина тавихаар бэлтгэж байсан аж.
Үүний дараах АНУ-ын цохилтын үеэр Ормузын хоолойн ойролцоох нэгэн тосгонд хуримын баярт оролцож байсан дөрвөн хүн амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарчээ.
Вэнс энэ мэдээллийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд энгийн иргэд амиа алдсан гэх мэдээллийг үгүйсгээгүй ч АНУ-ын зэвсэгт хүчин байлдааны ажиллагааны үеэр “энгийн иргэдийг хэзээ ч бай болгодоггүй” хэмээн онцолсон байна.
Тэр “Бид хэзээ ч тэгэхгүй, урьд нь ч тэгж байгаагүй. Харамсалтай нь, заримдаа ийм зүйл тохиолддог. Гэхдээ энэ тохиолдолд яг юу болсон талаар бидэнд баттай мэдээлэл одоохондоо алга” гэж хэлжээ. Үүний хариуд Тегеран АНУ-ын сүүлийн цохилтын дараа бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудыг онилон хариу цохилт өгсөн байна.
АНУ, Ираны хооронд одоогоор хэлэлцээ байхгүй
Вэнсийн хэлснээр, одоогийн байдлаар АНУ Ирантай ямар нэгэн хэлэлцээ хийгээгүй байна. Пүрэв гаргийн хэвлэлийн бага хурлын үеэр тэр “Ерөнхийлөгч энэ талаар маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Бид тэдэнтэй ярилцахгүй. Арилжааны усан онгоц руу буудахаа зогсоох хүртэл бид тэдэнтэй ярихгүй” гэж мэдэгдсэн байна.
Энэ нь мөргөлдөөн хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр үлдэж буйг харуулж байна. Вэнсээс мөргөлдөөн арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуулиас өмнө дуусах эсэх талаар асуухад тэр тодорхой хариулж чадаагүй аж.
Вэнс “‘Энэ хэзээ дуусах вэ?’ гэж та асууж байгаа нь ‘Иранчууд усан онгоц руу буудахаа хэзээ зогсоох вэ?’ гэж асууж байгаатай адил. Үүний хариуг би мэдэхгүй. Та иранчуудаас асуух хэрэгтэй” гэж хэлжээ.
Вэнс мөн шатахууны үнэ хэзээ хямдарч, галлон нь дунджаар 3 ам.долларт хүрэх талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзжээ. Тэр “Би хэзээ 3 долларт эргэн хүрнэ гэж амлалт өгөхгүй. Харин бид яагаад үүнийг хийж байгаагаа санах хэрэгтэй. Нэгдүгээрт, Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй байх явдал” гэж хэлсэн байна.
Цагаан ордны хэвлэлийн танхим 42 хоногийн дараа дахин "амь оров"
Вэнс Цагаан ордны хэвлэлийн мэдээллийн танхимаас мэдээлэл өгсөн бөгөөд тус танхимыг Трампын засаг захиргаа 42 хоног ашиглаагүй ажээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролайн Ливитт өнгөрсөн долоо хоногт ажлаа өгч, Трамп одоогийн байдлаарр түүний оронд шинэ хүн томилоогүй байгаа юм.
Вэнс бараг нэг цагийн турш сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Тэрбээр Ираны мөргөлдөөнөөс гадна өөрийн турсан шалтгааны талаар хүртэл ярьсан байна. Тэрбээр жингээ хасахад Эрүүл мэнд, хүний үйлчилгээний сайд Роберт Ф.Кеннеди Жуниорын санал болгосон хоолны дэглэм нөлөөлсөн" гэжээ. Тэр “Би уураг ихтэй зүйл, бас маш их даршилсан байцаа иддэг” гэж хэлсэн байна.
Тэрбээр уг хоолны дэглэмийг төдийлөн амттай биш болох талаар “Хоол идэхээсээ таашаал авахыг хүсэж байвал Бобби Кеннедиг бүү дууд” хэмээн хошигнон хэлжээ.
Вэнс Хегсетийг хамгаалав
Мөн Вэнс Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийг хүчтэй өмгөөлсөн байна. Хегсет Пентагоныг удирдах арга барилын улмаас сүүлийн үед шүүмжлэлд өртөж буй. Түүний удирдлагын үед албан тушаалтнуудыг ажлаас халсан, тушаал дэвшүүлэхийг хориглосон, өндөр албан тушаалын цэргийн удирдлагууд огцорсон зэрэг олон асуудал гарсан байна.
Армийн сайд Дэн Дрисколл энэ долоо хоногт огцрох хүсэлтээ гаргаснаар Пентагоны ээлжит өндөр албан тушаалтан ажлаасаа явжээ. Дрисколл нь Вэнстэй Йелийн хуулийн сургуульд хамт суралцаж байсан дотнын найз нь бөгөөд түүнийг огцорсны дараа АНУ-ын Арми дээд түвшний иргэний удирдлагагүй болсон байна.
Армийн үндэсний гвардад бараг 20 жил алба хаасан Хегсет Армийн удирдлагад онцгой анхаарал хандуулж, тус салбарын хэд хэдэн гол албан тушаалтныг халж, эсвэл ажлаа өгөхөд хүргэсэн байна. Зарим нэр хүндтэй, тэтгэвэрт гарах гэж буй Бүгд найрамдах намын сенаторууд хүртэл Хегсетийг огцрохыг шаарджээ.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайдыг өнгөрсөн онд батламжлахад чухал санал өгсөн Хойд Каролина мужийн сенатор Том Тиллис “Эх орныхоо төлөө алба хааж буй зоригт эрэгтэй, эмэгтэйчүүдийн асуудлыг ийм чадваргүй удирдаж байсныг би урьд өмнө хэзээ ч харж байгаагүй” хэмээн Хегсетийг шүүмжилжээ.
Тэрбээр мөн Хегсетийг “чадварлаг хүмүүсээс айдаг” гэж тодорхойлсон байна. Харин Вэнс цэргийн удирдлагууд огцорсныг ач холбогдол багатай зүйл мэтээр үзэж, "Хегсет АНУ-ын цэргийн хүчнийг шинэчлэхийн төлөө ажиллаж байна" гэж мэдэгдэв.
Тэр “Би амьдралынхаа 42 жилийн хугацаанд Америк олон дайн хийснийг харсан. Дональд Ж.Трамп АНУ-ын ерөнхийлөгч болтол бид тэдгээрийн бараг алинд нь ч ялалт байгуулаагүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN