Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод үргэлжилж байна. Тус наадмын морьт харвааны төрөлд оролцож буй Монгол Улсын тамирчид Монголын багийн медалийн буухиаг алт, хүрлээр үргэлжлүүлжээ. Тодруулбал,

Киргиз морьт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын тамирчин Г.Гүнбилэг хурд хүч, ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдөн, 100 оноогоор түрүүлж, алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тэрбээр Дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцож буй Монголын багийн дөрөв дэх алт, 17 дахь медалийг эх орондоо авчирсан байна.

Энэ төрөлд Польш, Оросын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртжээ. Үүнээс гадна Г.Гүнбилэг холимог багийн харваанд хүрэл медаль хүртсэн байна. Морьт харвааны тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн цамхаг харваа, маргааш эмэгтэйчүүдийн цамхаг харвааны төрлөөр үргэлжлэх ажээ.

Дашрамд дурдахад, самбо бөхийн төрөлд өчигдөр Монгол Улсын тамирчин Н.Мөнхбаяр, Б.Серик, морьт барилдаанаар Ш.Харжаубай нар хүрэл медаль хүртэж, төрийн далбаагаа Чолпон-Атад мандуулсан байна. Мөн киргиз кураш бөхийн төрөлд олон улсын хэмжээний мастер Г.Мөнхбат, аймгийн арслан Б.Бат-Орших нар барилдаж, хүрэл медаль хүртжээ.