Америкийн The Atlantic сэтгүүлийн сэтгүүлч Саймон Шустер "Украин Москвагийн нисэх буудлуудын үйл ажиллагааг олон мянган нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн тусламжтайгаар саатуулах ажиллагаагаа эхлүүлсэн" гэж Киев дэх эх сурвалжаас авсан мэдээлэлдээ тулгуурлан есдүгээр сарын 2-ны лхагва гарагт мэдээлжээ.

Шустер X нийгмийн сүлжээнд “Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн сард The Atlantic-т бидний мэдээлж байсан M&Ms нэртэй ажиллагааг эхлүүлснээ албан ёсоор зарласан. Энэ төлөвлөгөөний талаар надад хамгийн анх мэдээлсэн эх сурвалжуудын нэг өнөө өглөө үүнийг яг тэр ажиллагаа мөн болохыг баталлаа” гэж бичжээ.

Гэхдээ Владимир Зеленский өөрөө M&Ms гэсэн нэрийг ашиглаагүй бөгөөд ийм ажиллагаа эхэлснийг олон нийтэд шууд зарлаагүй байна. Харин тэр есдүгээр сарын 1-нд хийсэн видео мэдэгдэлдээ Оросын нисэх буудлуудыг үргэлжлүүлэн ашиглаж буй агаарын тээврийн компаниуд, даатгалын байгууллагууд болон бусад талуудад хандан "ОХУ-ын агаарын орон зай аюулгүй байхаа больж байна” гэж анхааруулжээ.

Киев НҮБ-ын харъяа олон улсын иргэний нисэхийн байгууллагад анхааруулсан

Украин улс "ОХУ-ын агаарын орон зай цэргийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэний нисэхэд аюултай болсон" хэмээн НҮБ-ын харъяа Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д албан ёсоор мэдэгдсэн байна.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбига есдүгээр сарын 2-нд X сүлжээнд энэ талаар мэдээлжээ. Тэрбээр “Бид бүх талд ОХУ-ын агаарын орон зайг ашиглахаас зайлсхийхийг хатуу уриалж байна” гэж бичсэн байна.

Тэр өдөр ICAO мөн бүх улс оронд мөргөлдөөнтэй бүс нутгуудтай холбоотой эрсдэлээс иргэний агаарын хөлгүүдийг хамгаалах арга хэмжээгээ улам чангатгахыг уриалжээ. ICAO нь 193 гишүүн улстай бөгөөд дэлхийн бараг бүх улс энэ байгууллагад багтдаг.

Москвагийн нисэх буудлуудын үйл ажиллагаанд хязгаарлалт тавигджээ

Зеленскийн мэдэгдлийн дараа Москвагийн нисэх буудлууд үйл ажиллагаандаа хязгаарлалт тогтоож эхэлсэн байна. Flightradar24-ийн мэдээллээр, есдүгээр сарын 2-ны шөнө Шереметьево нисэх буудалд 21 нислэг цуцлагдаж, 235 нислэг саатсан, Внуково нисэх буудалд 22 нислэг цуцлагдаж, 94 нислэг саатсан байна.

Дараагийн шөнө ч нөхцөл байдал үндсэндээ давтагджээ. Москва хотын дарга Сергей Собянин "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэл рүү ойртсон 103 дроныг устгасан" гэж мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам нийтдээ 16 бүс нутгийн нутаг дэвсгэр дээр Украины 416 дроныг “таслан зогсоож, устгасан” гэж мэдэгдсэн бөгөөд тэдгээрийн дотор Москва орчим мөн багтжээ.

The Atlantic: M&Ms ажиллагааг Украины Батлан хамгаалахын сайд асан бэлтгэсэн

Наймдугаар сарын 20-нд The Atlantic сэтгүүлд ярилцлага өгсөн Украины эх сурвалжууд Киев Москвагийн нисэхийн томоохон зангилаа буюу нисэх буудлуудын системд чиглэсэн өргөн хүрээний ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан талаар мэдээлсэн байна.

Тус ажиллагааг M&Ms гэсэн код нэрээр нэрлэж, уг төлөвлөгөөг Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров боловсруулсан гэж мэдээлжээ.

Төлөвлөгөөний дагуу Украин улс шөнө бүр 1000 хүртэлх дрон хөөргөж, тэдгээрийг хиймэл оюун ухаанд суурилсан автономит навигацийн системээр удирдах замаар Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийг хэт ачаалалд оруулах зорилготой байжээ.

The Atlantic "Москвагийн нисэх буудлуудын хэвийн ажиллагааг саатуулж, гадаадын агаарын тээврийн компаниудыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэхээс татгалзахад хүргэх зорилго тавьсан" гэж мэдээлсэн байна.

Төлөвлөгөөний гол зорилго нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайныг дуусгах талаар хэлэлцээрийн ширээнд дахин суухад шахах явдал гэж эх сурвалжууд тайлбарлажээ.

M&Ms төлөвлөгөөг Зеленскийд 2026 оны эхээр танилцуулжээ

The Atlantic-ийн эх сурвалжуудын мэдээлснээр, M&Ms ажиллагааны төлөвлөгөөг 2026 оны эхээр Зеленскийд танилцуулсан байна. Төлөвлөгөөнд Украины Ерөнхийлөгч гадаадын иргэний агаарын тээврийн компаниудад Москвагийн нисэх буудлуудыг ашиглахгүй байх талаар анхааруулах санал багтжээ.

Зеленский тухайн үед иргэний нисэх онгоц санамсаргүйгээр оногдож, зорчигчид болон нисэх буудлын ажилтнууд амь насаа алдах эрсдэлтэй гэж болгоомжилж байсан аж. Гэвч эх сурвалжууд "Оросын эрх баригчид болон улс төр, эдийн засгийн элитүүдэд дарамт үзүүлэх хөшүүрэг бий болгох зорилгоор ажиллагааны бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн" гэж хэлжээ.

Түүнчлэн ийм ажиллагаа хэрэгжвэл Оросын эрх баригчид болон элитүүдийн гадаад улс руу зорчих боломж улам хязгаарлагдах тооцоо байсан аж.

“Аэрофлот”-ын хувьцаа унаж, Путин хариу мэдэгдэл хийжээ

Зеленский ОХУ-ын агаарын орон зай аюултай болж байгаа талаар мэдэгдсэний дараа Оросын үндэсний агаарын тээврийн компани “Аэрофлот”-ын хувьцааны ханш буурчээ.

Москвагийн биржийн мэдээллээр, есдүгээр сарын 1-ний орой “Аэрофлот”-ын хувьцаа 5.11 хувиар унаж, нэгж хувьцааны үнэ 30.36 рубль хүрсэн нь тухайн үеийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зеленскийн Оросын агаарын орон зайг хаах тухай мэдэгдлийг “төрийн терроризмын шинжтэй алхам” гэж нэрлэжээ.

Илон Маск болон Starlink-ийн асуудал

Британийн Financial Times сонин үүний өмнө тэрбумтан Илон Маск Украинд Starlink системээр тоноглогдсон дронуудыг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх бай руу цохилт өгөхөд ашиглахыг зөвшөөрч магадгүй талаар мэдээлсэн.

Гэхдээ Маск "Ийм шийдвэр нь “улс төрийн шийдвэр бөгөөд үүнийг Цагаан ордон гаргах ёстой” гэж онцолсон" хэмээн тус сонины эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: DW