НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-өөс лхагва гарагт танилцуулсан шинэ тайланд дурдсанаар, дэлхийн дундаж температурын өсөлт Парисын хэлэлцээрээр тогтоосон 1.5 хэмийн хязгаарыг ойрын хэдэн жилд давах төлөвтэй байгаа ажээ.
Тайланд дурдсанаар, дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хамгийн өөдрөг арга хэмжээг хэрэгжүүлсэн ч дэлхийн температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 1.8 хэмээр нэмэгдэх хүртлээ өсөх төлөвтэй байна.
Тус тайланд "Энэ нь цаг агаарын эрс тэс үзэгдлийг улам эрчимжүүлж, экосистемийн доройтол, алдагдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, дэд бүтэц болон улс орнуудын эдийн засагт ноцтой эрсдэл учруулна" хэмээн анхааруулжээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен “Бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс дээш түвшинд байлгасаар байвал сайн үр дүн гарахгүй.
Дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож буй эрс тэс халалтын давлагаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бидний төсөөлж байснаас илүү хурдан илэрч, илүү хүчтэй нөлөөлөн, удаан хугацаанд үргэлжилж болохыг хэдийнэ харуулж байна.
Энэ нь илүү олон хүний амь насанд заналхийлж, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд илүү гүнзгий саад учруулж байна” хэмээн онцолжээ.
Гэвч тус тайланд "Дэлхийн температурыг цаашид бууруулж, Парисын хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэх боломж байсаар байна" гэж дурдсан байна.
Үүний тулд хүлэмжийн хийн ялгарлыг нэн даруй бөгөөд тогтвортой бууруулах замаар температурын өсөлтийг аль болох бага түвшинд хүргэж, тодорхой хэмжээнд давсан ч дараа нь дээд цэгтээ хүргэн, улмаар бууруулах “давсан түвшин-оргил-бууралт” (overshoot, peak and decline) гэсэн замналыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Эх сурвалж: XINHUA