ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины Одесса хотод шөнийн цагаар цохилт өгсний улмаас 17 хүн, тэр дундаа гурван хүүхэд гэмтсэн гэж хотын цэргийн захиргааны дарга Сергей Лысак есдүгээр сарын 3-ны өглөө Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Түүний мэдээлснээр, 21 давхар орон сууцны барилгын 10-17 дугаар давхрын айлууд болон автомашинууд эвдэрч, гэмтсэн байна. Тухайн үед цохилтын улмаас учирсан хохирлыг арилгах ажил үргэлжилж байжээ.
Мужийн цэргийн захиргааны дарга Олег Киперийн мэдээлснээр, 20 орон сууц, барилгын ойролцоо зогсоолтой байсан 12 автомашин гэмтсэн байна. Украины Улсын Онцгой байдлын алба халдлагын дараах нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ.
Киев мужийн цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко "ОХУ-ын цохилтын улмаас Борисполь дүүрэгт агуулахын барилга, захиргааны байр болон дэлгүүр гэмтсэн" гэж мэдээлжээ. Цохилтын үеэр нэг эрэгтэй хэлтэрхийд өртөж шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгаа аж.
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, Хмельницкийн муж шөнийн турш нисгэгчгүй онгоцны цохилтод хоёр удаа өртсөн байна. Хмельницкий хотод дроны хэлтэрхий нэгэн аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт унасны улмаас ачааны автомашин шатаж, агуулах гэмтжээ. Автомашины жолооч шархадсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна.
Давтан халдлагын үеэр тус мужийн өөр нэг аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт мөн гал гарчээ. Улмаар гарсан түймрүүдийг унтраасан аж.
Дээрх мэдээлэлд цохилтод өртсөн аж ахуйн нэгжүүдийн нэр болон ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар дурдаагүй байна.
Эх сурвалж: DW