2026 оны Азийн наадам Япон улсын Айчи муж болон Нагояа хотод 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдана. Энэхүү томоохон спортын наадамд Монголын баг тамирчдыг амжилттай оролцуулах зорилгоор бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, спортын холбоодын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцоог бэхжүүлэх нэгдсэн уулзалтыг “Олимпик Хаус”-т зохион байгуулжээ.
Уулзалтад Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын Монголын багийн ахлагч Х.Баттулга, Х.Булгантуяа, багийн дэд ахлагч Ц.Сандуй, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт болон спортын холбоодын удирдлагууд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид оролцсон байна.

Уулзалтын үеэр Азийн наадмын зохион байгуулалтын бэлтгэл ажил, тамирчдын бүртгэл, оролцоотой холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж, цаашдын төлөвлөгөө, анхаарах асуудлуудын талаар санал солилцжээ. Мөн спортын холбоодын төлөөллүүд багийн ахлагч нартай чөлөөтэй уулзаж, бэлтгэл сургуулилт, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал хүсэлтээ илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн байна.
Монгол Улс энэ удаагийн Азийн наадамд урьдчилсан байдлаар 32 спортын төрөлд, нийт 54 зай, жинд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа бөгөөд 500 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа аж.