Холбооны шүүгч Дебора Бордман лхагва гарагт Ерөнхийлөгч Дональд Трампын "шинээр мэндэлсэн хүүхдэд олгодог АНУ-ын иргэншлийг хязгаарлах" шинэ оролдлогыг хоригложээ. Тэрбээр Трампын наймдугаар сард гаргасан гүйцэтгэх зарлигийн тодорхой хэсгийг хэрэгжүүлэхийг түр зогсоосон байна.
Энэ нь өнгөрсөн жил Трампын "АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг илүү өргөн хүрээнд хязгаарлах" гэсэн оролдлогыг АНУ-ын Дээд шүүх хүчингүй болгосны дараа гаргасан шинэ зарлиг аж.
Шүүгч Бордман захиргаанд уг шинэ, илүү хязгаарлагдмал бодлогыг хэрэгжүүлэхийг хориглосон боловч төрийн байгууллагууд уг бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар заавар, журам боловсруулах ажлаа үргэлжлүүлж болохыг зөвшөөрчээ.
Шүүгч урьдчилсан хориг тавьсан шийдвэийнхрээ тайлбарт "Шинэ бодлого нь энэ зун Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй зөрчилдөж байгаа тул Үндсэн хууль зөрчсөн байх магадлал өндөр" гэж бичсэн байна.
Түүний гаргасан шийдвэр уг хэрэгт албан ёсоор хамрагдсан тодорхой бүлэг хүмүүст үйлчлэх аж. Өөрөөр хэлбэл, Трампын анхны гүйцэтгэх зарлигийн дагуу АНУ-ын иргэншлээс хасагдах эрсдэлтэй байсан хүүхдүүдийг хамарч буй юм байна.
Трампын шинэ зарлигт юу гэж заасан бэ?
Трампын наймдугаар сард гаргасан шинэ зарлиг АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохтой холбоотой одоо мөрдөгдөж буй хуулиудыг илүү хатуу тайлбарлах, мөн иргэншил олгохтой холбоотой зарим хүлээн зөвшөөрөгдсөн үл хамаарах нөхцөлийг нарийсгах зорилготой байжээ.
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн дагуу ерөнхий зарчим: АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүн эцэг эхийнхээ цагаачлалын статусаас үл хамааран АНУ-ын иргэн болно.
Трампын шинэ зарлигт эцэг эх нь АНУ-ын иргэн биш тохиолдолд, тэдний аль нэг нь: “дайсан улсын харьяат” (alien enemy), гадаадын засгийн газрын ажилтан, эсвэл АНУ-д хүүхэд төрүүлэх зорилгоор зориуд ирдэг гэх “төрөлтийн аялал жуулчлал” (birth tourism)-д оролцож байгаа тохиолдолд холбооны байгууллагууд тухайн хүүхдийн АНУ-ын иргэншлийг хүлээн зөвшөөрөхгүй байхаар заасан байна.
Шүүгч яагаад хориг тавьсан бэ?
Шүүгч Бордман "Хэрэв 2026 оны гүйцэтгэх зарлигийг энэ бүлгийн хүмүүст үйлчлэх хэмжээнд хориглохгүй бол уг зарлиг нь Дээд шүүхийн шийдвэрээр АНУ-ын иргэн гэж тогтоогдсон хүүхдүүдийн иргэншил авах эрхийг үгүйсгэж болзошгүй" гэж үзжээ.
Бордман шүүгчийг Ерөнхийлөгч Жо Байден томилсон аж. Мөн уг шинэ бодлогыг эсэргүүцсэн хоёр дахь хэрэг Нью-Хэмпшир мужид гарсан байна.
Трампын өмнөх оролдлого юу болсон бэ?
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснийхээ дараа буюу өнгөрсөн жил АНУ-д мэндэлсэн хүүхдийн иргэншлийг хязгаарлах асуудлыг дахин хүчтэй тавьж эхэлсэн.
Тэрбээр 2025 онд гаргасан гүйцэтгэх зарлигаараа АНУ-д хууль бусаар оршин сууж байгаа эцэг эхийн хүүхэд, түр хугацааны визтэйгээр АНУ-д ирсэн эцэг эхийн хүүхэд зэрэгт төрснөөр нь автоматаар АНУ-ын иргэншил олгохгүй байхыг зорьсон.
Гэвч энэ зарлигийг АНУ-ын Дээд шүүх энэ зуны шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгожээ.
Үүний дараа Трамп өмнөхөөсөө илүү нарийвчилсан хүрээнд АНУ-д мэндэлсэн хүүхдийн иргэншлийг хязгаарлах зорилготой шинэ зарлиг гаргаж, одоогийн шүүхийн маргаан энэ шинэ бодлоготой холбоотой аж.
Эх сурвалж: CNN