Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадамд оролцох эрх олгох шинэчилсэн журмыг танилцуулжээ. Энэхүү журмын дагуу олимпын эрх олгох шат дарааллыг тодорхой болж, тамирчдад олон боломж бүхий хэд хэдэн гарц нээж өгсөн байна.

Юуны өмнө 2027 оны есдүгээр сарын 11-нээс 19-ний өдрүүдэд АНУ-ын Лас Вегас хотын “Thomas & Mack Center”-т болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хамгийн чухал шалгуурын нэг байх нь. Тус тэмцээний жин тус бүрээс эхний дөрвөн байр эзэлсэн тамирчин олимпын эрхээ шууд авах юм байна. Ингэснээр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээс гадна дөрөвдүгээр байрт орсон бөхчүүд ч Лос-Анжелесийг зорих эрхтэй болох ажээ.

Мөн 2028 онд зохион байгуулагдах тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс жин тус бүрт тив бүр хоёр эрх олгох юм байна. Үүний зэрэгцээ дэлхийн эрх олгох тусгай тэмцээнээс жин бүрт нэг нэмэлт эрх олгохоор тусгажээ.

Үүнээс гадна олимпын эрхийг зөвхөн тэмцээнүүдээс бус, дэлхийн чансааны оноогоор олгох систем үргэлжлэн хэрэгжиж, жин тус бүрээс гурван тамирчин чансаагаар эрх авах аж. Чансааны оноог 2027 оны хоёрдугаар сараас эхлэн 2028 оны гуравдугаар сар хүртэлх долоон томоохон тэмцээний дүнгээр тооцож, энэ хугацааны дараа тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээр оноолт хаагдах юм байна. Ингэснээр ДАШТ болон чансааны системээр нийт долоон тамирчин эрх авах боломж бүрдэх аж.

Цаашлаад тивүүдийн эрх олгох тэмцээнүүд 2028 оны гурав, дөрөвдүгээр сард зохион байгуулагдах бөгөөд Монголын тамирчид оролцох Азийн бүсийн тэмцээн 2028 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 16-ны хооронд болохоор товлогджээ.

Энэ шатанд финалд шалгарсан бөхчүүд олимпын эрхээ авах бол сүүлийн буюу эцсийн боломжит тэмцээн 2028 оны тавдугаар сарын 18-наас 21-нд болох бөгөөд тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн тамирчин л олимпын эрхийн эзэн болох юм.

Ийнхүү 2028 оны олимпын бөхийн эрх олгох систем ДАШТ, тивийн болон дэлхийн эрхийн тэмцээн, мөн дэлхийн чансаа гэсэн олон сувгаар тамирчдад боломж олгосон илүү өрсөлдөөнтэй бүтэцтэй болжээ.