Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 1-ний орой хийсэн видео мэдэгдэлдээ "Украины Зэвсэгт хүчний ОХУ-ын нутаг дэвсгэр дэх объектуудад хийж буй халдлагуудын улмаас Оросын бүх агаарын орон зай аюултай болж байна" гэж хэлэв.

Тэрбээр “Өнөөдөр бид Оросын агаарын орон зайг ашиглаж буй бүх агаарын тээврийн компани, бүх даатгагчид, мөн Оросын томоохон нисэх онгоцны буудлуудыг ашигласаар байгаа бүх хүнд анхааруулахыг хүсэж байна. Оросын тэнгэр бүрэн аюултай болж байна” хэмээн онцолжээ.

Зеленскийн хэлснээр, Оросын дээгүүр дронууд байх бөгөөд үүнийг нислэгийн аюулгүй байдалтай холбоотойгоор зайлшгүй тооцож үзэх шаардлагатай аж.

Тэрбээр “Оросын эрх баригчид энэ талаар хангалттай мэдээлдэггүй боловч Оросын тэнгэр бодитоор хаагдах болно. Оросын эхлүүлсэн дайн өөрийнх нь тэнгэрийг хааж байна” гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Зеленский Украин улс иргэний нисэх хүчинд өөрт нь заналхийлэл учруулахгүйг онцолжээ.

Зеленский: “Бид гэмгүй хүмүүсийг амь насаа алдаасай гэж хүсэхгүй”

Зеленский “Бид Украины гэмгүй хүмүүсийн амь нас эрсдэхийг хүсэхгүй. Тиймээс түншүүддээ урьдчилан анхааруулж байна” гэжээ.

Түүний хэлснээр, энэ мэдээллийг Украин болон Москва дахь гадаадын дипломат төлөөлөгчид, мөн Москва, Санкт-Петербург болон ОХУ-ын бусад томоохон чиглэлд нислэг үйлддэг агаарын тээврийн компаниуд заавал анхаарч үзэх хэрэгтэй аж.

Украины Гадаад хэргийн яам болон холбогдох байгууллагууд энэ талаар олон улсын байгууллагуудад бүрэн мэдээлэл хүргүүлнэ гэж Зеленский мэдэгдсэн байна. Тэрбээр эцэст нь “Дронуудын дунд иргэний нисэх онгоц байх ёсгүй” гэж онцолжээ.

“Аэрофлот”-ын хувьцаа унаж, Путин хариу мэдэгдэл хийв

Зеленскийн мэдэгдлийн дараа есдүгээр сарын 1-ний орой Москвагийн биржийн мэдээллээр, ОХУ-ын Аэрофлот компанийн хувьцааны ханш 5.11 хувиар буурч, нэгж хувьцаа нь 30.36 рубльд хүрсэн байна.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зеленскийн Оросын тэнгэрийг хаах тухай мэдэгдлийг “төрийн терроризмын шинжтэй үйлдэл” хэмээн нэрлэжээ.

Путин “Тэд бидэнтэй биечлэн уулзах хүсэлт гаргадаг. Террористуудтай хэлэлцээр хийдэггүй” гэж хэлээд “Бид үүнд хэрхэн хариу өгөх аргаа олно. Үүнд шаардлагатай арга хэрэгслүүдийг олно” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Financial Times өмнө нь тэрбумтан Илон Маск Украинд Starlink системээр тоноглогдсон дронуудыг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх байд цохилт өгөхөд ашиглах боломж олгоход бэлэн байгаа талаар мэдээлсэн байна.

Гэхдээ Маск үүнийг “Цагаан ордонд гаргах ёстой улс төрийн шийдвэр” гэж үзэж байгаагаа хэлсэн талаар Financial Times-ийн эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: DW