ОХУ-ын цэргүүд есдүгээр сарын 1-ний мягмар гаргийн шөнө Украины төмөр замын дэд бүтцэд баллистик пуужингаар цохилт өгчээ. Тус цохилтод депо болон төмөр замын бусад объектууд өртөж, нэг цех бүрэн сүйдсэн талаар Украины төмөр замын компанийн /Укрзализныця/ тэргүүн Александр Перцовский мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, уг халдлагын улмаас долоон хүн амиа алдсаны зургаа нь төмөр замын компанийн ажилтан байжээ. Мөн өөр нэг төмөр замын ажилтан эмнэлэгт хүргэгдсэн байна.
Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, ОХУ баллистик болон далавчит пуужин, мөн реактив дроноор халдсаны улмаас Киев хотод найман хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дунд гурван хүүхэд байсан аж.
Тус байгууллагын мэдээлснээр, Киев хотын Голосеевский, Дарницкий, Днепровский, Святошинский болон Соломенский гэсэн таван дүүргийн иргэний дэд бүтэц, орон сууцны барилгууд халдлагад өртжээ.
Киев мужийн эрх баригчдын мэдээлснээр, Борисполь хотод хэд хэдэн барилга эвдэрсэн байна. Таван давхар орон сууцны барилгыг пуужин онож, найман хүн, түүний дотор хоёр хүүхэд шархаджээ.
Мөн хотын нэр нь тодорхойгүй нэгэн үйлдвэр, аж ахуйн нэгж цохилтод өртөж, хоёр хүн амиа алдан, гурван хүн шархаджээ.
Киев мужийн цэргийн захиргааны дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, Борисполь хотод нийт дөрвөн хүн амиа алдсан байна.
Украины Хилийн албаны мэдээлснээр, Румынтай хиллэдэг бүс дэх хилийн боомт мөн халдлагад өртжээ. Тодруулбал, ОХУ-ын дронууд Одесса муж дахь олон улсын “Орловка” гатлага онгоцны боомтын цогцолборыг онилсон байна.
Дронууд барилга болон түүний ойр орчимд цохилт өгсний улмаас гал түймэр гарчээ. Үүнтэй холбоотойгоор тус хилийн боомтоор иргэд болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг түр зогсоосон байна.
Чернигов мужийн Новгород-Северский хотод орон нутгийн нэгэн үйлдвэрт дайсны дроноор дор хаяж зургаан удаа цохилт өгсөн гэж дүүргийн цэргийн захиргааны дарга Александр Селиверстов мэдээлжээ.
Харков мужид ОХУ-ын цохилтын улмаас чухал дэд бүтцийн нэг объект эвдэрсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Малоданиловын нэгдсэн нутаг дэвсгэрийн дөрвөн суурин цахилгаан эрчим хүчгүй бүрэн үлдэж, өөр хоёр суурингийн цахилгаан хангамж ойролцоогоор 90 хувиар тасарчээ. Дергачевын нэгдсэн нутаг дэвсгэрийн бүх суурин, тэр дундаа Дергачи хот цахилгаангүй болсон байна.
Днепропетровск мужийн захиргааны дарга Александр Ганжагийн мэдээлснээр, наймдугаар сарын 31-ний оройноос эхлэн ОХУ тус мужийн Никополь, Павлоград, Синельников дүүргүүдэд дроноор 20 гаруй удаа халджээ.
Халдлагын улмаас супермаркет, дэлгүүрүүд, олон айлын болон хувийн орон сууц, автомашинууд эвдэрч гэмтсэн байна. Мөн Павлоград дүүрэгт гал түймэр гарчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам Киев хот, Киев болон Одесса мужууд, мөн Украины Одесса болон Черноморск боомтуудад өргөн хүрээтэй цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Оросын тал "Цэрэг-аж үйлдвэрийн болон түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг онож устгасан" гэж мэдээлжээ.
Эх сурвалж: DW