НИТХ-ын өнгөрсөн даваа гарагт болсон ээлжит бус хуралдааныг Ж.Батбаясгалан даргалан явуулж, тухайн үеийн дарга А.Баярыг олонхын саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар НИТХ-ын шинэ даргад Д.Ихбаярыг нэр дэвшүүлэх шийдвэр гарган, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлд хүргүүлжээ.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар томилохыг дэмжсэн. Улмаар тодорхойгүй хугацаанд завсарлаад байсан НИТХ-ын ээлжит бус хуралдаан үргэлжилж, уг асуудлыг хэлэлцэн, санал хураалт явуулсан байна.

Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр Д.Ихбаярыг НИТХ-ын даргаар албан ёсоор батламжилжээ.

Д.Ихбаяр 1986 онд төрсөн. НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн юм. Тэрбээр МУИС-ийн Монгол-Япон орон судлаач мэргэжилтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалсан, Их засаг лицей сургуулийн захирлаар ажиллаж байсан туршлагатай.

2008-2009 онд “Их засаг” олон улсын их сургуульд гадаад харилцааны мэргэжилтэн, 2009-2013 онд “Их засаг” олон улсын их сургуулийн Лицей сургуулийн захирлаар тус тус ажиллажээ.

Улс төрийн хүрээнд түүнийг МАН-ын дарга Н.Учралын ойрын хүн гэдэг.

2013-2014 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ГБХЗХХ-ийн дарга, 2014-2016 онд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ЖДҮДТ-ийн даргаар ажиллаж байсан.

НИТХ-д хоёр дахь удаагаа сонгогдож буй бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй юм.