Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын 2026 оны дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу наймдугаар сарын 31-нд Киргизстаны нийслэл Бишкек хотноо эхэлж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалт нь ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, худалдаа, эдийн засаг, тээврийн холболт болон олон улсын нөхцөл байдлын асуудлууд гол сэдэв болж буй юм.
Энэ удаагийн уулзалтыг олон улсын хэвлэлүүд онцгой анхаарч буй гол шалтгаан нь ШХАБ-ын хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн удирдагчид нэг дор цуглаж байгаатай холбоотой. Мөн энэхүү уулзалтад Иран, Пакистан, Беларус зэрэг орнуудын удирдагчид оролцож байна.
Reuters агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 3-ны хооронд Киргизстан болон Египетэд айлчлах бөгөөд Бишкект ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, бүс нутгийн болон олон улсын гол асуудлаар бусад удирдагчидтай хэлэлцэх ажээ.
Ши Жиньпин, Владимир Путин нар наймдугаар сарын 31-нд Бишкект тусгай уулзалт хийхээр төлөвлөсөн нь олон улсын анхаарлын төвд байна. Оросын талын мэдээлснээр, хоёр удирдагчийн уулзалтаар эрчим хүч, тэр дундаа “Сибирийн хүч-2” хийн хоолой зэрэг стратегийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа аж.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мөн Бишкект хүрэлцэн очсон. Тэрбээр Путинтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэтхэгийн хэвлэлүүд энэ уулзалтыг Орос–Энэтхэгийн харилцааг цаашид бэхжүүлэх, мөн өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөлд Нью-Делийн байр суурийг тодорхойлох чухал уулзалт гэж үзэж буй аж.
Гадаадын хэвлэлүүдийн анхаарч буй өөр нэг том асуудал нь ШХАБ үнэхээр олон улсын улс төр, аюулгүй байдлын нөлөө бүхий байгууллага болон хөгжиж чадаж байна уу гэдэг асуулт юм.
Ялангуяа АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Оросын Украин дахь дайн үргэлжилж буй энэ үед ШХАБ-ын гишүүн орнуудын байр суурь хэр зэрэг нэгдмэл байх нь анхаарал татаж байна. Японы The Japan Times хүртэл энэ удаагийн уулзалтыг ШХАБ-ын нэгдмэл байдлыг шалгах сорилт гэж дүгнэжээ.
Монгол Улсын оролцоо анхаарал татаж байна
Энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бишкек хотод хүрэлцэн очоод байна. Тэрбээр ШХАБ-ын “SCO Plus” уулзалтад оролцохын зэрэгцээ VI Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтийн ёслолд оролцоно.
Киргизийн Манас олон улсын нисэх буудлын мэдээллээр, Монголын Ерөнхийлөгчийг Киргизийн Засгийн газрын тэргүүн Адылбек Касымалиев угтан авчээ.
Монгол Улс ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн биш ч ажиглагчийн статустай бөгөөд “SCO Plus” хэлбэрийн уулзалт нь тус байгууллагын гишүүн бус улс орнуудын хувьд бүс нутгийн асуудлаар байр сууриа илэрхийлэх дипломат чухал талбар болж байна.
Монголын хувьд энэ уулзалт ялангуяа Орос, Хятад болон Төв Азийн орнуудын харилцааны цаашдын чиглэлийг ажиглах чухал боломж юм. Учир нь, Монгол Улсын эдийн засаг, худалдаа, эрчим хүч, тээвэр, транзит тээврийн бодлогод эдгээр улсын хамтын ажиллагааны өөрчлөлт шууд болон шууд бусаар нөлөөлдөг.
ШХАБ-ын өнөөдрийн уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлаас гадна худалдаа, тээврийн коридор, эдийн засгийн хамтын ажиллагаа, эрчим хүч, технологи зэрэг асуудлууд хэлэлцэгдэх төлөвтэй байгаа нь Монголын хувьд мөн чухал. Энэтхэгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалтаар нийт 27 баримт бичиг батлах боломжтой байгаа аж.
Энэ удаагийн уулзалтыг яагаад анхаарах ёстой вэ?
ШХАБ анх 2001 онд байгуулагдсанаас хойш 25 жилийн хугацаанд гишүүн орнуудын хүрээгээ тэлж, Евразийн улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн харилцаанд тодорхой байр суурь эзлэх болсон.
Харин 2026 оны Бишкек дэх уулзалт нь Хятад, Орос, Энэтхэг зэрэг дэлхийн томоохон тоглогчид нэг дор цугласан, олон улсын хүчний харилцаа хурдтай өөрчлөгдөж буй үед болж байгаагаараа өмнөх уулзалтуудаас илүү анхаарал татаж байна.
Өнөөдрийн байдлаар олон улсын хэвлэлүүдийн гол асуулт нь ШХАБ “Өрнөдийн эсрэг блок” болж чадах эсэхээс илүүтэй Хятад, Орос, Энэтхэг зэрэг өөр өөр ашиг сонирхолтой том гүрнүүд нэг байгууллагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах вэ гэдэгт төвлөрч буй аж.
The Wall Street Journal хүртэл Путин, Ши нарын уулзалтыг Оросын Хятадаас эдийн засаг, улс төрийн хувьд улам хамааралтай болж буй нөхцөлтэй холбон авч үзсэн байна.
Иймээс Бишкект болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Евразийн геополитикийн дараагийн үе ямар байхыг тодорхойлох чухал дипломат талбар болж байгаа ажээ.
Монгол Улсын хувьд энэ уулзалтад “SCO Plus” хэлбэрээр оролцож байгаа нь хоёр хөрш болон Төв Азийн орнуудын харилцааны өөрчлөлтийг өөрийн үндэсний ашиг сонирхолтой уялдуулан ажиглах, байр сууриа илэрхийлэх боломж болж байна.
Эх сурвалж: AP, REUTERS, THE WALL STREET