АНУ-ын Флорида мужид хууль сахиулах байгууллагууд тав хоногийн турш хамтран ажиллаж, сураггүй болсон 163 хүүхдийг олж, хамгаалалтад авчээ. Эрх баригчдын мэдээлснээр, энэ нь Флорида муж даяар зохион байгуулсан хүүхэд эрэн сурвалжлах анхны томоохон санаачилга бөгөөд тус мужийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй ажиллагаа болсон байна.

Флоридагийн Ерөнхий прокурор Жеймс Утмайер наймдугаар сарын 25-нд “Operation Statewide Shield” нэртэй уг ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулжээ. Ажиллагааны хүрээнд олдсон хүүхдүүдийн нас хоёр сартайгаас 17 хүртэлх байсан аж.

Хууль сахиулах байгууллагууд тагнуулын мэдээлэл болон газар дээрх ажиллагааны үр дүнд тулгуурлан хүүхдүүдийг тодорхойлох, байршлыг нь тогтоох, аюулгүйгээр эргүүлэн авчрах зорилго тавьжээ. Хүүхдүүдийг олсны дараа зөвхөн гэр бүлд нь буцаах асуудлаар хязгаарлалгүй, хүүхдийн хэрэгцээнд чиглэсэн нийгмийн болон эмнэлгийн тусламж шууд үзүүлсэн байна.

Утмайерийн хэлснээр, эдгээр хүүхдүүдийн зарим нь “хамгийн эмзэг хүмүүсийг онилдог этгээдүүдийн золиос” болсон байжээ. Тэр “Эдгээр хүүхдүүдийн олонх нь хүчирхийлэлд өртсөн. Одоо тэд аюулгүй газар, шаардлагатай халамж үйлчилгээгээ авч байна” гэж хэлсэн байна.

163 хүүхэд хаанаас олдов?

Ажиллагааны үеэр Тампа-Бэй орчмоос хамгийн олон буюу 46, Майамигаас 41, Жексонвиллээс 32 хүүхэд тус тус олдсон байна. Үүнээс гадна Орландогоос 21, Форт-Майерсээс 12, Пенсаколагаас 8, Таллахассигээс 3 хүүхэд тус тус олджээ.

Гэхдээ эрэн сурвалжлах ажиллагаа зөвхөн Флорида мужаар хязгаарлагдаагүй аж. Сураггүй болсон хүүхдүүдийн заримыг АНУ-ын өөр зургаан муж, нэг нутаг дэвсгэр болон дэлхийн 12 улсаас олсон байна.

Тэдгээрийн дотор Бразил, Канад, Колумб, Доминика, Финланд, Гана, Гватемал, Итали, Ямайка зэрэг улс багтжээ. Энэ нь сураггүй болсон хүүхдүүдийн асуудал ямар өргөн хүрээтэй, зарим тохиолдолд хил дамнасан шинжтэй байдгийг харуулсан байна.

Хүүхдүүд ямар нөхцөлд байсан бэ?

Эрх баригчдын мэдээлснээр, олдсон хүүхдүүдийн зарим нь хүчирхийлэл, хайхрамжгүй байдал, мөлжлөг болон бусад гэмт хэргийн орчинд өртөж байсан байна. Гэхдээ хүүхэд бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байсан бөгөөд эрх баригчид тэдний хувийн мэдээлэл болон хэргийн нарийн ширийн зүйлийг нийтэд дэлгээгүй аж.

Хүүхдүүдийг байршлыг нь тогтоосны дараа тусгайлан байгуулсан “recovery hub” буюу сэргээн хамгаалах төвүүдэд хүргэжээ. Тэнд нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан, хохирогчийг дэмжих зөвлөх болон хүүхдийн тусламж үйлчилгээний бусад мэргэжилтнүүд ажилласан байна.

Мөн ашгийн бус байгууллагууд хүүхдүүдэд тусламж үзүүлсний нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч BayCare байгууллага байжээ.

Эрэн сурвалжлах ажиллагаа баривчилгаагаар үргэлжилжээ

Хүүхдүүдийг олж хамгаалалтад авсан нь ажиллагааны цорын ганц үр дүн биш байжээ. Албаныхны мэдээлснээр, хэд хэдэн хүнийг баривчилж, цаашид нэмэлт баривчилгаа хийхээр төлөвлөж байгаа аж.

Fox News-ийн мэдээлснээр, ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийн дунд Майкл Кори Прескотт, Роберт Феррал Эллисон, Жэйдэн Аллен Харвуд нар багтжээ.

Прескоттод насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бэлгийн шинжтэй гэмт хэрэг, хүчирхийлэл болон хүндэвтэр халдлагын хэд хэдэн зүйл ангиар ял тулгасан байна. Мөн хүүхдийн асран хамгаалах эрхэд хууль бусаар саад учруулсан гэх хүчинтэй баривчлах ордертой байсан аж.

Харин Эллисон болон Харвуд нарт мөн хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг болон асран хамгаалалтын хэрэгт холбогдох зүйл ангиар арга хэмжээ авчээ.

Хүүхдүүдийн хэргийг дараагийн шатны байгууллагууд хариуцна

Хүүхдүүдийг олсны дараа тэдний сураггүй болсон тухай мэдээллийг Флоридагийн Missing Endangered Persons Information Clearinghouse (MEPIC) систем дэх бүртгэлээс хаажээ.

Үүний дараа хүүхдийн хамгаалал, асран хамгаалалттай холбоотой хэргүүдийг Флоридагийн Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн департамент болон Насанд хүрээгүйчүүдийн шударга ёсны департамент хариуцан ажиллахаар болсон байна.

Энэ нь хүүхдүүдийг олсон үйл явдлыг ажиллагааны төгсгөл гэж үзэхгүй, харин тэдний аюулгүй байдал, сэтгэлзүй, эрүүл мэнд, цаашдын хамгааллыг хангах дараагийн шат эхэлж буйг харуулсан байна.

Флорида ийм ажиллагааг өмнө нь ч зохион байгуулж байжээ

“Operation Statewide Shield” нь гэнэт бий болсон ажиллагаа биш аж. Флорида муж өмнө нь мөн сураггүй болсон хүүхдүүдийг эрэн хайх тусгай ажиллагаанууд зохион байгуулж байжээ. Тухайлбал, “Operation Dragon Eye” ажиллагааны үеэр 2025 онд сураггүй болсон 60 хүүхдийг олсон байна. Мөн “Operation Home for the Holidays” ажиллагаагаар 120 гаруй хүүхдийг олж хамгаалалтад авч байсан аж.

Харин энэ удаагийн ажиллагаагаар 163 хүүхдийг олсон нь өмнөх ажиллагаануудын туршлага дээр тулгуурлан муж даяар байгууллагуудыг нэгтгэсэн илүү өргөн хүрээний ажиллагаа болсныг эрх баригчид онцолжээ.

Флоридагийн Хууль сахиулах байгууллагын комиссар Марк Гласс “Энэ ажиллагаа байгууллагууд хамтран ажиллахын хүчийг харууллаа. Бидний нэгдсэн зорилго бол хүүхдүүдээ олж, гэрт нь авчрах явдал" хэмээн мэдэгдсэн байна.

Хүүхэд  бүр эргэж очих гэртэй байх ёстой

Энэ ажиллагааны хамгийн чухал үр дүн нь 163 гэсэн тоо биш байж болох юм. Тэр 163 тооны цаана сураггүй болсон 163 хүүхдийн амьдрал, тэднийг хүлээж байсан гэр бүлүүд, мөн аюулгүй орчинд байх ёстой хүүхдийн эрх бий.

Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хил дамнасан эрэн сурвалжлах ажиллагаа болон хүүхэд хамгааллын байгууллагуудын оролцоо нийлж байж эдгээр хүүхдүүдийг олж чаджээ.

Флоридагийн энэ ажиллагаа нэг зүйлийг дахин сануулсан байна. Сураггүй болсон хүүхэд бүрийн ард яаралтай хариу үйлдэл шаардсан нэг амьдрал байдаг.

Иймд хүүхэд сураггүй болсон тухай мэдээлэл бүрийг үл тоомсорлолгүй, цаг алдалгүй эрэн сурвалжилж, олдсон хүүхдийг зөвхөн “оллоо” гээд дуусгалгүй, цаашдын хамгаалалтад нь бүрэн анхаарах нь хамгийн чухал юм.

Эх сурвалж: PEOPLE