ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Владимир Путин, Дональд Трамп, Владимир Зеленский нарын гурван талт дээд хэмжээний уулзалт урьдчилан тохиролцсон хэлэлцээрүүдийг эцэслэн баталгаажуулах зорилгоор л болох боломжтой. Харин тэдгээр тохиролцоонд хүрэх нь “энгийн нэгэн тохиролцоо” биш, маш нарийн төвөгтэй үйл явц юм" гэж мэдэгдэв.
Кремлийн төлөөлөгч “Путин-Трамп-Зеленский нарын дээд хэмжээний уулзалтыг хэдийнэ удаан хугацаанд санал болгож ирсэн. Манай төрийн тэргүүний байр суурийг та бүхэн сайн мэдэж байгаа. Ийм уулзалт зөвхөн тохиролцоог эцэслэн баталгаажуулах зорилгоор явагдах боломжтой. Харин тохиролцоонд хүрнэ гэдэг нь ердөө нэгэн энгийн хэлцэл байгуулах асуудал биш. Энэ бол маш олон нарийн зүйлээс бүрдэх, маш төвөгтэй зохицуулалтын үйл явц юм” гэж хэлжээ.
Тэрбээр мөн ерөнхийлөгч нар бүх асуудлыг уулзаж байгаад шинээр хэлэлцэх нь утгагүй гэж онцолсон байна. Түүний хэлснээр, төрийн тэргүүн нарын түвшний уулзалтаар зөвхөн өмнө нь боловсруулж, тохиролцсон асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх боломжтой аж.
Песков "Харин бодитойгоор зохицуулалтын үйл явцыг урагшлуулах ажилд Киевийн тал оролцохыг хүсэхгүй байна" гэж мэдэгджээ.
Үүнээс өмнө Axios портал өөрийн эх сурвалжуудын мэдээлэлд тулгуурлан, "АНУ-ын Тагнуулын төв газрын (CIA) захирал Жон Рэтклифф энэ долоо хоногт Москвад айлчлах үеэрээ Орос, АНУ, Украины гурван талт уулзалт хийх боломжийн талаар асуудал хөндсөн" гэж мэдээлсэн байна.
CIA-ийн захирал Жон Рэтклифф наймдугаар сарын 25-нд Москвад айлчилсан. Песков өмнө нь Рэтклиффийн айлчлал Орос болон АНУ-ын тусгай албадын хоорондын харилцаа, холбоотой холбоотой байсан талаар мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад тагнуулын алба (СВР)-ны дарга Сергей Нарышкин мөн Рэтклифф Москвад байх үеэр түүнтэй уулзсанаа баталсан байна.
Эх сурвалж: TASS