Лас Вегас руу нисэх онгоцны хаалга чанга хаагдаж, Фил Элвудын цахим шуудангийн хайрцагт нэгэн захидал ирсэн нь заавар байв. Элвуд захидлыг нээж, хэд хэдэн шаардлагыг гүйлгэн уншлаа. Үйлчлүүлэгч нь найз бүсгүйгээ Лос-Анжелесээс Лас Вегас руу авчрахыг хүсжээ.
Тэрбээр Caesars Palace-д Шерийн тоглолтыг үзэх, мөрийтэй тоглоом тоглох, Harley-Davidson мотоцикл болон жийнсэн шорт худалдаж авах хэрэгтэй байсан аж. Захидлын хамгийн дээд хэсэгт үйлчлүүлэгчийн нэр. Ноён Каддафи.
Онгоцноос буухад хэдийнэ оройтсон байлаа. Онгоц хөөрч, Элвуд суудлын бүсээ бүслэн суув. Дараагийн хэдэн өдрийн турш тэрбээр Ливийн дарангуйлагч Муаммар Каддафийн хүүтэй хамт Лас Вегаст солиорол мэт үргэлжилсэн зугаа цэнгэлд оролцов. Зарим үед энэ аялал амь насыг нь авч одож магадгүй гэж хүртэл бодогдоно.
Гэвч дараа нь ажилдаа эргэн орж, нойр дутуу, ядарч туйлдсан хэвээрээ өөр нэг дарангуйлагчид туслах ажилдаа ордог байв. Элвудын ажил бол дэлхийн хамгийн муу хүмүүсийг сайхан харагдуулах.
Тэрбээр сүүлийн үеийн хамгийн харгис дарангуйлал, авторитар дэглэмүүдэд улс төрийн PR зөвлөхөөр ажиллаж, Вашингтон дахь тэдний ашиг сонирхлыг чимээгүйхэн урагшлуулж, дэлхий нийтэд тэднийг аль болох эерэг талаас нь харуулахыг хичээдэг байлаа.
Түүний зарим үйлчлүүлэгч гадаадад терроризмыг дэмжиж, өөрийн ард иргэдийг хөнөөж байх үед ч тэр энэ ажлаа хийсээр байв.
Элвуд олон мянган хүний амь нас хохирсон Каддафийн дэглэмийн талаарх сөрөг мэдээллийг намжаахад тусалжээ. Мөн Шотландын Локерби хотын дээгүүр АНУ-ыг чиглэн нисэж явсан Pan Am 103 онгоцыг дэлбэлсэн хэргээр ял шийтгүүлсэн Ливийн террористыг сулласантай холбоотой олон нийтийн бухимдлыг намжаах ажилд оролцсон байна.
Түүнчлэн Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын гэр бүлд ажиллаж, ардчиллыг шаардсан жагсагчдын эсрэг хүчирхийллийн кампанит ажил явуулж байх үед нь тэдний нэр хүндийг хамгаалахад тусалжээ.
Тэр ч бүү хэл Элвуд Асадуудын талаар эерэг нийтлэл Vogue сэтгүүлд гарахад нь тусалснаас хэдхэн хоногийн дараа Сирид жагсаал цуглааныг хүчээр дарах ажиллагаа эхэлсэн байна.
Элвуд өдгөө CNN-д “Би буруу зүйл хийж ирсэн. Би дэлхийг илүү аюултай газар болгоход гарцаагүй хувь нэмэр оруулсан гэж боддог” хэмээн ярьжээ. Гэхдээ түүний нэрийг дэлхийн ихэнх хүн огт мэддэггүй байж.
Элвуд олон жилийн турш сүүдэрт ажиллаж, өөрийн хийж буй зүйл буруу гэдгийг мэдэж байсан ч үргэлжлүүлсээр байжээ. 2018 оны нэгэн өглөө Холбооны мөрдөх товчооны /FBI/ ажилтнууд түүний хаалгыг тогшив. Тэр үед Элвудын өөртөө босгосон эмзэг амьдрал нуран унаж эхэлжээ.
CNN энэ сард Элвудтэй хэд хэдэн удаа ярилцаж, түүний түүхэн дэх маргаантай үүрэг, өнөөдөр америкчуудад хэлэх гэсэн санаа бодлыг нь сонссон байна.
Тэр өөрийнхөө түүхийг хүртэл үргэлж алдаагүйгээр өгүүлдэг хүн биш. Гэхдээ түүний амьдрал дарангуйлал хэрхэн бий болдог, түүний үйлчилдэг зарим хүмүүс ямар далд арга хэрэглэдгийг харуулсан сургамжтай түүх юм.
Тэр “Миний зарим үйлчлүүлэгч зүгээр л муу хүмүүс байсан. Тэд муу зүйл хийхийн тулд ямар нэгэн хил давах ч шаардлагагүй. Тэд анхнаасаа л тийм байсан. Харин би тэр хил хязгаарыг өөрөө давсан” гэж хэлжээ.
Мөн тэрбээр “Би хийж байгаа зүйлээ буруу гэдгийг үнэхээр мэдэж байсан. Гэхдээ тэр бүхний сэтгэл татам байдал үнэхээр хүчтэй байсан” гэж ярьсан байна.
Лас Вегасын солиорол
Элвуд Муаммар Каддафийн хүү Мутассим Каддафийг дурсахдаа бараг л бие нь чичирч байсан байна. Тэрбээр Ливийн дарангуйлагчийн туранхай биетэй, ширүүн харцтай хүүг Жеймс Бондын киноны муу талын дүртэй адилхан байсан гэж дурсжээ.
Тэр “Түүнтэй хамт өнгөрүүлсэн бүх хугацаанд би өчүүхэн ч болов сайхан сэтгэл олж хараагүй. Тэр зүгээр л хатуу, харгис хүн байсан” гэж ярьсан байна. 2009 оны есдүгээр сард Элвудэд Лас Вегаст өгсөн үүрэг бол Каддафийн хүүгийн нэрийг хэвлэл мэдээллийн анхаарлаас хол байлгах явдал байжээ. Тэр үед Элвуд Каддафийн гэр бүлд хэдэн сарын турш ажилласан бөгөөд тэд түүнд итгэдэг болсон байв.
Хэдхэн долоо хоногийн өмнө тэрбээр Локербигийн дэлбэрэлтэд буруутгагдан ял шийтгүүлсэн Ливийн тагнуулын ажилтан Абдельбасет аль-Меграхиг эрт сулласантай холбоотой дургүйцэл газар авч байх үед нэгэн конгрессын гишүүнд Обамагийн засаг захиргааг “Ливийг муулж дайрахаа болихыг” уриалах байр суурь гаргуулахад хүртэл нөлөөлжээ.
1988 онд болсон Pan Am 103 онгоцны халдлагын улмаас онгоцонд байсан 259 хүн болон газар дээр 11 хүн амиа алдсан байна. Энэ халдлагатай холбоотойгоор ял сонссон цорын ганц хүн нь аль-Меграхи. Гэвч түрүү булчирхайн эдгэшгүй хорт хавдартай болсон шалтгаанаар Шотландын эрх баригчид түүнийг хоригдож байсан шоронгоос нь 20 жилийн дараа суллажээ.
Ливид буцаж очиход нь түүнийг баатар мэт угтсан бөгөөд АНУ дахь олон нийтийн дургүйцлийг намжаах үүрэг Элвудэд оногдсон байна. Элвудэд Ливийн дэглэмийн талаарх олон нийтийн ойлголтыг өөрчлөх нь бараг боломжгүй мэт санагдсан ч удалгүй ажилдаа оржээ.
Тэрбээр нэгэн конгрессын гишүүнийг “Терроризмын эсрэг тэмцэлд Ливийн дэмжлэг АНУ-д хэрэгтэй” хэмээн итгүүлж, уг байр суурийг нь Politico хэвлэлд дамжуулсан байна. Элвуд “Би хийж буй зүйлээсээ гарах ёс суртахууны үр дагаврыг өөрөөсөө тусгаарласан” гэж хожим дурсжээ.
Тэгээд Лас Вегасын аялал эхэлжээ. Түүний ярьснаар, энэ аялал хар тамхи, архи, Каддафийн хүүгийн эрх мэдэлтэй мэт авирлах хандлагаар дүүрэн байсан аж.
Тэр “Нэг удаа түүнийг хамгаалагчтай зодолдох гэж байна гэж бодсон. Рулетын ширээний дэргэд орилж хашгирч байсан үе ч бий. Түүнийг хэн нэгнийг цохих гэж бодох үеэс бусад үед инээмсэглэж байхыг нь би хараагүй” гэжээ.
Мутассим рулет тоглохдоо маш муу байсан тул Элвуд зочид буудлын өрөөнд байрлах түүн дээр хэд хэдэн удаа очиж бэлэн мөнгө аваачиж өгдөг байжээ. Нэг удаа тэрбээр 100 долларын дэвсгэртүүдээр дүүрэн могойн арьсан цүнх, мөн дотор нь буу байхыг олж харсан байна.
Элвуд найзаасаа зөвлөгөө хүсэхэд “Тэндээс яв. Хэрэв Каддафи чамайг алчихвал хэн ч мэдэхгүй” гэсэн зөвлөгөө авчээ. Тэр “Би ихэнх хугацаанд айж байсан. Тэнд байх нь аюулгүй байгаагүй” гэж хэлсэн байна.
Элвуд АНУ-ын эсрэг
Дараа жил нь Элвуд өөрийнх нь хэлснээр бүтэх боломжгүй гэж санагдсан нэгэн даалгавар авчээ. Тэр бол 2022 оны FIFA-гийн ДАШТ-ийг Катарт зохион байгуулахад туслах ажил байв. Тэр CNN-д “Галзуу санаа байсан” гэж хэлжээ.
Катар жижиг улс, хөлбөмбөгийн түүх нь богино, дэд бүтэц хангалтгүй, зуны халуун нь тэсвэрлэхэд бэрх байлаа. Гэхдээ Элвуд энэ ажлыг хийхэд тохиромжтой нэг давуу талтай байв. Түүний мэддэг өрсөлдөгч нь АНУ байсан аж. Тэрбээр “АНУ ялна гэдэгт бид итгэлтэй байсан” гэж дурсжээ.
Америкийн тал асар их хөрөнгө, бэлэн NFL цэнгэлдэх хүрээлэнгүүдтэй байв. Гэвч Элвудын дарга түүнд “Би хэлсэн. Чи түүнийг үнэн болго” гэж хэлсэн байна. Тэр өдөр бааранд сууж байхдаа Элвуд гудамж руу харж байгаад сургуулийн хүүхдүүд өнгөрөхийг харжээ. Түүний хэлснээр хүүхдүүд бүгд таргалалттай харагдсан байна. Тэгээд түүнд нэгэн санаа төржээ.
Элвуд “Эрүүл хүүхдийн эвсэл” нэртэй хуурамч байгууллага байгуулж, АНУ томоохон спортын арга хэмжээг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөсөө өмнө хүүхдийн биеийн тамирын хөтөлбөрт илүү их хөрөнгө оруулах ёстой гэсэн Конгрессын тогтоолын төслийг салфеткан дээр бичжээ.
Тэрбээр уг санаачилгыг дэмжүүлэхийн тулд Ардчилсан намын конгрессын гишүүн Кэролин Чикс Килпатриктай холбогдсон байна Дараа нь тогтоолын төслийг хөлбөмбөг сонирхдог Politico-гийн сэтгүүлчид дамжуулжээ.
2010 оны сүүлээр уг мэдээлэл “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үү, биеийн тамирын хичээл үү?” гэсэн гарчгаар нийтлэгдсэнээр АНУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн байна. Хоёр хоногийн дараа санаанд оромгүй зүйл болжээ.
FIFA 2022 оны ДАШТ-ийг Катарт зохион байгуулахаар шийджээ. Элвуд өөрийгөө ганцаараа санал хураалтын үр дүнг өөрчилсөн гэж үздэггүй. Гэхдээ түүний хийсэн ажил FIFA-гийн албан тушаалтнуудад Америкийн талын эсрэг санал өгөх шалтаг, улс төрийн халхавч болсон гэж үздэг байна. Гэвч удалгүй бүх зүйл өөрчлөгджээ.
Элвуд Катар ДАШТ-ийг зохион байгуулах бэлтгэлээ хэрхэн хангаж байгааг хянахын тулд мэдээний сэрэмжлүүлэг тохируулсан бөгөөд дараагийн 12 жилийн турш түүний цахим шуудангаар түгшүүр төрүүлэх мэдээллүүд ирсээр байжээ.
Үүнд FIFA-гийн өндөр албан тушаалтнуудад авлига өгсөн гэх АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэл, хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэл, мөн цэнгэлдэх хүрээлэн барьсан цагаач ажилчдын амь нас хохирсон гэх олон жилийн дуулиан багтаж байсан аж.
Катар хожим төслийн үеэр 400-500 цагаач ажилчин амиа алдсаныг хүлээн зөвшөөрчээ. Тэр “Эхэндээ тоглоом шиг эхэлсэн зүйл маань... юу гэж хэлэх вэ дээ... хүний эрхийн асуудал болсон. Үүнд би үнэхээр их гэмшдэг” гэж хэлсэн байна.
“Энэ бол суртал ухуулга байсан”
Элвуд өөрийн хийсэн олон зүйлд гэмшдэг аж. Тэрбээр Вашингтонд голчлон ажилладаг байсан ч төлөөлдөг авторитар дэглэмүүдийн улс орнуудаар олон удаа аялжээ. 2011 онд тэрбээр Сирийн тэргүүн хатагтай Асма аль-Асадын тухай Vogue сэтгүүлд маш эерэг нийтлэл гаргахад оролцсон байна.
Нийтлэлийн гарчиг нь “Цөл дэх сарнай” байжээ. Нийтлэлд Сирийг “бөмбөгдөлт, үймээн самуун, хулгай зэлгийгүй газар” мэтээр дүрсэлж, Асма аль-Асадыг залуу, дэгжин, дур булаам тэргүүн хатагтай хэмээн магтсан байна.
Элвуд Вашингтоны нэгэн сонины мухлагаас уг сэтгүүлийг авч үзэхдээ дотор нь эвгүйрхсэн гэж дурсжээ. Тэр “Энэ бол нэг төрлийн суртал ухуулга байсан” гэж хэлсэн байна. Тэр нийтлэл гарснаас хэдхэн хоногийн дараа Арабын хавар Сирид хүрчээ.
Ливид Каддафи болон түүний хүү босогчдод баригдан, хэдхэн сарын дотор алагдсан бол Асадын дэглэм олон жилийн турш эрх мэдлээ хадгалж, эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр дарсан байна.
НҮБ-ын мэдээлснээр, дараагийн арван жилийн хугацаанд 300 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ. Хожим Vogue уг нийтлэлээ цахим хуудсаасаа устгасан байна.
Эргэлзээний эхлэл
Элвуд өөрийгөө эх оронч гэж үздэг байна. Тэр “Би эх оронч үзлээ өөр хэлбэрээр илэрхийлдэг” гэж тэр хэлжээ. Гэвч Катарын ажил нь АНУ-ын засгийн газартай зөрчилдсөн цорын ганц тохиолдол биш байсан аж.
Тэрбээр хоёр жилийн дараа Антигуа хэмээх жижиг улсыг АНУ-тай мөрийтэй тоглоомын асуудлаар худалдааны маргаан эхлүүлэхэд хүртэл нөлөөлсөн байна. Гэвч Элвуд өөрийгөө бүхэлд нь буруутгадагтай санал нийлдэггүй аж.
Тэрбээр Америкийн өрсөлдөгч орнуудын “зөөлөн хүч”-ийг нэмэгдүүлэхэд тусалсан нь АНУ-ын ашиг сонирхолд хор хүргэсэн гэсэн байр суурийг няцаадаг байна. Гэхдээ 2010 онд Сараевод хийсэн аяллын үеэр түүний дотор эргэлзээ төрж эхэлжээ.
Тэр Югослав задран унасны дараах дайны үеэр Боснийн сербийн хүчнүүдийн үйлдсэн харгислалыг газар дээр нь очиж үзсэн байна. Элвуд “Тэд биднийг хүмүүсийг хашиж байгаад пулемётоор буудаж хөнөөсөн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд аваачсан” гэж ярьжээ.
Тэр мөчид Элвудын дотор ямар нэг зүйл өөрчлөгджээ. Эдвуд “Хэзээ нэгэн өдөр хүмүүс Ливи, Сирийн ийм газруудаар аялж, түүхийг нь үзэх бол гэж би бодсон. Харин тэр үед би өөрөө тэдний төлөө ажиллаж байсан. Энэ үнэхээр аймшигтай байсан” гэж. Гэвч энэ нь түүний ажлаа орхих шалтгаан болж чадаагүй байна.
FBI хаалгыг нь тогшив
Найман жилийн дараа Элвуд нэгэн утасны дуудлага хүлээн авчээ. Түүний амьдардаг байрны үүдний танхимд FBI-ийн ажилтнууд ирж, түүнтэй уулзахыг хүссэн аж. Тэр үед Элвудын хамгийн харгис үйлчлүүлэгчид нэг нэгээрээ алга болж эхэлсэн байна.
Тэр Арабын хавар тэдний бизнест “муугаар нөлөөлсөн” талаар хэлжээ. Үүний зэрэгцээ Элвуд түнхний хагалгааны дараа эмчийн бичиж өгсөн опиоид эмэнд донтсон байна.
Удалгүй тэрбээр өөрийн сүүлчийн үйлчлүүлэгчдийн нэг болох Израилийн хувийн тагнуулын Psy-Group компанийн үйл ажиллагаа Роберт Мюллерийн АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг шалгасан мөрдөн байцаалттай холбогдсоныг мэджээ.
Элвудэд зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч эцэст нь түүнд ямар нэгэн эрүүгийн арга хэмжээ аваагүй байна. Гэвч Мюллерийн мөрдөн байцаалттай холбоотой нь Вашингтонд түүнийг нэр хүндгүй болгожээ.
Түүний өмнө нь ажиллаж байсан үйлчлүүлэгчдийн жагсаалт аажмаар ил болж, нэгэн уулзалтын үеэр сэтгүүлч түүнийг “мангас” гэж хүртэл нэрлэсэн байна. Элвуд Вашингтоны бааруудад улам их цаг өнгөрүүлэх болжээ.
Эцэст нь, тэр архи уудаг болсон шалтгаан нь дарангуйлагчдын төлөө ажиллаж, онгоцноос шүхрээр үсэрдэгтэйгээ адилхан болохыг ойлгосон байна. Тэр “Би догдлол, өндөр мэдрэмж хөөж байсан” гэжээ.
Тэр өөрчлөгдсөн үү?
Өнөөдөр Элвуд өөрчлөгдсөн гэдгээ баттай хэлдэг байна. Амиа хорлох оролдлогынхоо дараа тэрбээр эмчилгээ хийлгэж, "Энэ есдүгээр сард архигүй амьдралынхаа хоёр жилийн ойг тэмдэглэнэ" гэж хэлжээ.
2024 онд тэрбээр дарангуйлагчид, баячууд болон улс төрчдөд зориулж хэрхэн мэдээ мэдээлэл “хийж өгдөг” байсан тухай дурсамж номоо хэвлүүлсэн байна.
Өнөөдөр тэр өөрийн нэрээр ажилладаг бөгөөд үйлчлүүлэгчид нь маргаан дагуулахуйц хүмүүс биш гэж хэлдэг аж. Тэдний нэг нь Сирид 2012 онд сураггүй болсон, АНУ-ын тэнгисийн явган цэргийн алба хааж байсан сэтгүүлч Остин Тайсын гэр бүл.
Элвуд Тайсыг олон жилийн өмнөөс мэддэг байжээ. Тайсыг Сири рүү явахын өмнөх орой Элвуд түүнийг явахгүй байхыг ятгахыг ихэд хичээсэн байна.
Өнөөдөр Элвуд өөртөө гурван дүрэм тогтоожээ: “Би дарангуйлагчдын төлөө ажиллахгүй. Ардчиллын эсрэг ажиллахгүй. Хууль зөрчихгүй”.
Тэрбээр Тайсын гэр бүлийн төлөө хийж буй ажлаа “карьерынхаа хамгийн сайн ажил” гэж нэрлэдэг байна. Гэхдээ нэг асуулт түүнд үлджээ. Тэр өмнө нь Остин Тайсын гэр бүлийн эсрэг талд байсан Асадын дэглэмд ажиллаж байсан нь юу болох вэ?
Элвуд хэсэг чимээгүй суусны эцэст “Дебра Тайс үргэлж ‘Өчигдрийг засаж чадахгүй. Харин маргаашийг л засаж чадна’ гэж хэлдэг” хэмээн хариулжээ.
Элвуд өнөөгийн Америкийн улс төрийн өнгө аясыг шүүмжилж, эх орондоо нэгэн сонирхолтой сануулга өгдөг аж. Тэр нь “Миний ажиллаж байсан Конгрессын орчин одоо байхгүй болсон. Ардчилал хэвийн ажиллахгүй бол бид бүгд асуудалд орно”. Түүний энэ үгийг хэрхэн хүлээж авах нь хүн бүрийн байр сууриас шалтгаалах аж.
Өнөөдөр Элвуд хувийн амьдрал, аюулгүй байдалдаа илүү анхаардаг болжээ. Чөлөөт цагаа эхнэртэйгээ өнгөрөөж, грилл дээр хоол хийж, Дарт Вейдер нэртэй муураа харж суудаг байна. Тэр муураа хүүхдүүдэд дургүй, түрэмгий зантай учраас хэн ч авахыг хүсээгүй гэж хошигножээ.
Элвуд шүхрээр үсрэхээ бас зогсоогоогүй байна. Тэр “Аймшигтай. Бас үнэхээр сэтгэл хөдөлгөм. Үхэх эсэхээ мэдэхгүй. Миний карьерын төгс зүйрлэл” гэж хэлжээ. Гэхдээ энэ зүйрлэлд нэг сул тал бий. Онгоцны хаалга нээгдэж, та багштайгаа бүсээ бүслэн суусан үед таталцлын хүчинд захирагдахаас өөр сонголт бараг байхгүй.
Элвуд “Тэр үед танд нэг их сонголт олдохгүй” гэж хэлжээ. Харин карьерынхаа туршид Элвуд сонголттой байж.
Тэр сонголтуудаа дахин хийх байсан уу?
Тэр “Тийм гэж бодож байна. Тэр хаалга юунд хүргэхийг мэдэлгүй өнгөрсөндөө харамсах байсан байх” гэжээ.
Элвудтэй хийсэн яриа олон зөрчил агуулдаг аж. Тэр ардчилалд хайртай гэдэг ч карьерынхаа туршид ардчиллыг сулруулахад хувь нэмэр оруулсан. Тэр эх оронч гэдэг ч өөрийн улсын ашиг сонирхлын эсрэг байж болохуйц үйл ажиллагаанд удаа дараа оролцсон.
Тэр хийсэн зүйлдээ харамсдаг ч дахин хийх байсан гэж хэлдэг. Элвуд өөрийгөө заримдаа буруу шийдвэр гаргасан, төгс бус хүн гэж тайлбарладаг. Харин эргэлзэгчид түүний “гэмшиж, өөрчлөгдсөн” гэх түүхийг өөрийн сонголт дууссан хүний өөрийгөө зөвтгөхөд тохирсон тайлбар гэж бодож мэднэ.
Түүнээс нэгэн цагт үйлчлүүлэгчдэдээ ашигладаг байсан PR арга барилаа одоо өөртөө ашиглаж байгаа юм биш үү гэж асуухад тэр шууд “Мэдээж. Яг тийм” гэж хариулжээ.
Тэр олон жилийн турш дэлхийн хамгийн муу хүмүүсийн нэр хүндийг “цэвэрлэж”, тэднийг олон нийтэд илүү эерэгээр харагдуулахад тусалсан. Тиймээс түүний хамгийн хэцүү, хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч нь өөрөө байж болох тухай төсөөлөхөд нэг их хол зөрөхгүй нь.
Элвуд хэсэг бодсоноо “Тэгэхээр би найдвартай өгүүлэгч мөн үү? Үүнийг уншигч өөрөө шийдэх ёстой” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CNN