Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Монголын сурагчдын холбоо хамтран хүүхэд багачуудын хүмүүжил, төлөвшилд чиглэсэн “Монгол хүн” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөр нь хүүхдүүдэд зөвхөн танхимын боловсрол бус, монгол хүний уламжлалт ёс заншил, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах ухаан, хүнлэг нинжин сэтгэлийг багаас нь төлөвшүүлэх зорилготой юм.
“Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд оролцогч хүүхдүүдийг монгол нүүдэлчдийн ахуй амьдрал, өв соёлтой бодитоор танилцуулж, эх байгаль, мал сүрэг, амьтан ургамлыг хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Монголчуудын олон зууны турш өвлөн ирсэн байгальтайгаа шүтэлцэн амьдрах ухаан, таван хошуу малаа дээдэлж ирсэн уламжлал, ахмад үеэ хүндэтгэх, багачууддаа энэрэнгүй хандах хүмүүжлийг хүүхэд багачуудын зүрх сэтгэлд суулгахыг зорьдог аж.
Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 8-14 насны 3000 гаруй хүүхэд хамрагдаж, хүүхдүүдийн оролцоо, эцэг эхчүүдийн сэтгэгдэл өндөр байжээ. Хөтөлбөрийн хамгийн онцлох хэсэг нь хотын хүүхдүүдийг хаврын мал төллөлтийн үеэр хөдөө орон нутгийн малчин айлд зочлуулж, нэг өдрийг жинхэнэ нүүдэлчин ахуй дунд өнгөрүүлэх боломж олгодог юм.
Хүүхдүүд хурга, ишиг, тугал, унага зэрэг төл малтай ойр байж, тэднийг хэрхэн асарч малладаг, малчин айлын өдөр тутмын хөдөлмөр ямар үнэ цэнтэй болохыг өөрийн биеэр мэдэрдэг аж. Мөн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл үргэлжлэх малчдын хөдөлмөр, байгаль цаг ууртайгаа зохицон амьдрах арга ухаан, ахуй соёлын өвөрмөц хэв маягийг дэргэдээс нь харж суралцдаг байна.
Түүнчлэн хүүхдүүдэд монгол гэрийн ёс заншил, ахмад настнаа хүндэтгэх уламжлал, идээ ундаагаа дээдлэх соёл, байгаль дэлхийгээ хайрлах үзэл зэрэг үндэсний үнэт зүйлсийг танин мэдүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Энэ нь хот суурин газрын орчинд өсөж буй хүүхдүүдэд монгол ахуй, нүүдэлчдийн соёлын үнэ цэнийг ойлгуулж, үндэсний өв уламжлалаараа бахархах сэтгэлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд зөвхөн танин мэдэхүйн мэдлэг аваад зогсохгүй хамт олонч байх, хөдөлмөрийг хүндлэх, амьтан байгальтай зөв харьцах, энэрэнгүй нинжин сэтгэлтэй иргэн болон төлөвших суурь хүмүүжлийг эзэмшиж буйгаараа онцлог юм.
Ийнхүү “Монгол хүн” хөтөлбөр нь орчин үеийн боловсролыг үндэсний өв соёл, хүмүүжлийн уламжлалтай хослуулсан хүүхэд хөгжлийн цогц санаачилга болж байгааг албаныхан онцолж байна.