WhatsApp групп чат ашиглан дэлхийн өнцөг булан бүрт хэдэн зуун сая евро бэлнээр шилжүүлж, зохион байгуулалттай гэмт хэрэг болон хэт даврагчдыг санхүүжүүлж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар ил болжээ.

Европын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын хамтарсан эрэн сурвалжлах ажиллагаагаар “Traders of Greater Europe” нэртэй, 532 гишүүнтэй WhatsApp группээр дамжуулан улс орнуудын хооронд их хэмжээний бэлэн мөнгө шилжүүлдэг байсан нь тогтоогджээ.

Тус сүлжээгээр Их Британийн Бирмингем, Лондон зэрэг хотууд руу ч их хэмжээний бэлэн мөнгө шилжүүлдэг байсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны нэг тохиолдолд Бельгийн Брюссель хотоос Сирид үйл ажиллагаа явуулж байсан “Исламын улс” (IS) бүлэглэлийн дайчдад мөнгө хүргэсэн нь тогтоогдсон байна.

Энэхүү баримтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU)-ны эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээ, түүнд багтдаг BBC зэрэг байгууллагууд илрүүлжээ. Түүнчлэн ижил төрлийн бэлэн мөнгө шилжүүлэх системийг хүн тээвэрлэх буюу хууль бус цагаачлал зохион байгуулах, хар тамхины наймаа зэрэг гэмт хэрэгт ашиглаж байсныг эрэн сурвалжилж тогтоосон байна.

82 мянга гаруй мессэжээр гүйлгээг шилжүүлжээ

2022 оны хоёрдугаар сарын сүүлээс арванхоёрдугаар сар хүртэл тус группт 82,000 гаруй мессэж бичигджээ. Уг группийг Бельгийн мөрдөн шалгах шүүгч Винсент Герра анх илрүүлсэн байна. Түүний хэлснээр, группээр хийгдсэн гүйлгээний хэмжээ “гайхмаар асар их” байсан бөгөөд сүлжээ нь “дэлхий даяар” хүрээгээ тэлсэн байсан аж.

Анх энэ хэргийг терроризмыг санхүүжүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн ч улмаар үүнээс хавьгүй өргөн хүрээтэй далд мөнгө шилжүүлэлтийн систем илэрсэн байна.

“Хавала” буюу албан бус мөнгө шилжүүлэх систем

Группийн гишүүд хоорондоо араб хэлээр харилцаж, эртнээс уламжлагдсан “хавала” (hawala) гэх мөнгө шилжүүлэх системийг ашиглан бэлэн мөнгөний төлбөрүүдийг шилжүүлдэг байжээ. Хавала нь хэд хэдэн итгэлцлийн харилцаанд тулгуурласан мөнгөний зуучлагч буюу хаваладар нарын сүлжээ аж.

Энгийнээр хэлбэл, нэг зуучлагч тодорхой хэмжээний бэлэн мөнгийг хүлээн авч, өөр газар байрлах өөр нэг зуучлагч уг мөнгөн дүнгээс шимтгэлийг хассан хэмжээгээр хүлээн авагчид олгодог. Харин хоёр зуучлагч хоорондын өр төлбөрөө дараа нь өөрсдөө тооцоо нийлж барагдуулдаг байна.

Graphic showing translated group chat messages dated March to May 2022. Messages reference requests for cash amounts and UK locations, including “We need 60,000£ London,” “We need Birmingham, England, 15,150 pounds,” “We have 200,000£ Liverpool,” and “We need 20,000£ London.” Replies from other participants include “Sent,” “Sent Dortmund,” and “It’s available.” Several participant names are redacted with black bars. A note at the bottom states that the text messages were translated from Arabic and that names of group chat members who were not convicted are redacted.

Хавала нь зөвхөн гэмт хэрэгт ашиглагддаг систем биш. Банкны үйлчилгээ хязгаарлагдмал улс орнуудад ажиллаж буй цагаачид гэр бүлдээ мөнгө илгээх зэрэг хууль ёсны зорилгоор энэ аргыг ашигладаг ажээ.

Гэвч гэмт хэрэгтнүүд банк хоорондын олон улсын SWIFT системийг тойрч гарахын тулд хавалаг ашиглах боломжтой юм байна. Учир нь, уламжлалт банкны шилжүүлгээр их хэмжээний, хэвийн бус гүйлгээ хийх үед банкууд сэжигтэй үйл ажиллагааг илрүүлж, холбогдох байгууллагад мэдээлэх үүрэгтэй байдаг аж.

Нэг гүйлгээ нь 5000 еврогоос эхэлдэг байжээ

“Traders of Greater Europe” групп 5000 еврогоос дээш хэмжээний гүйлгээнд зориулагдсан бөгөөд зарим шилжүүлэг нь үүнээс хэд дахин их дүнтэй байжээ. Гэхдээ тус группт байсан бүх хүн гэмт хэргийн мөнгөтэй холбоотой байсан гэх нотолгоо байхгүй гэж эрэн сурвалжилгад онцолжээ.

Хавала нь Европын холбооны ихэнх улс оронд хууль бус байдаг бол Их Британид зохих ёсоор бүртгүүлсэн зуучлагчид ашиглах боломжтой юм байна.

Мөрдөн шалгалтаар WhatsApp группийг илрүүлсэн байна

EBU-ийн олж авсан WhatsApp мессэжүүд нь 2024 онд Бельгийн шүүхээс мөнгө угаасан зургаан этгээдэд ял оноосон хэргийн материалтай холбоотой байжээ. Тэдний дунд Брюссель дэх сүлжээний толгойлогч Абу Адам, түүний хоёр дахь хүн Абу Ахмед нар багтсан байна.

Бельгийн цагдаа нар дээрх этгээдүүд “Исламын улс” бүлэглэлд мөнгө шилжүүлж байсан баримтыг илрүүлжээ. Уг мөнгийг Сирид хоригдож буй IS-ийн дайчдын эхнэрүүдийг хорих лагериас гаргахад зориулсан гэж үзсэн байна.

Абу Адамыг баривчлах үед цагдаа нар түүний гар утаснаас “Traders of Greater Europe” WhatsApp группийг илрүүлсэн аж.

Геррагийн хэлснээр, энэ нь мөрдөн шалгах ажиллагааны хувьд “том олзтой таарсан мэт” үйл явдал байсан бөгөөд асар том далд систем хэрхэн ажиллаж байсныг илрүүлэх боломж олгожээ.

Түүний утаснаас мөн 5 еврогийн дэвсгэртийн серийн дугаар бүхий 6000 гэрэл зураг, мөн 6000 иргэний үнэмлэхийн зураг олдсон байна. Эдгээр мэдээллийг хавалагийн гүйлгээнд мөнгөн дэвсгэрт болон гүйлгээнд оролцогчдыг таних давтагдашгүй код болгон ашигладаг аж.

VRT Vincent Guerra, a man with short brown hair and metal-rimmed glasses, wearing a navy suit and a pale shirt and tie, gestures with both hands towards the camera as he is interviewed in a large room, with rows of benches behind him and a large painting on the far wall.
Винсент Герра WhatsApp группийг илрүүлсэн нь “том олзтой таарсан мэт” байсан гэж хэлжээ.

Геррагийн тооцоолсноор, дээрх хэмжээний мөнгөн дэвсгэрт болон иргэний үнэмлэхийн мэдээлэл нь Абу Адам дор хаяж 12,000 гүйлгээ зохион байгуулсан байж болзошгүйг харуулж байна.

Тэрбээр энэ сүлжээний талаар “Энэ бол сонирхогчдын түвшний ажил биш. Маш мэргэжлийн, бидний төсөөлж байснаас ч өндөр түвшинд ажиллаж байсан. Тэд төрийн хяналтгүй банкирууд юм” хэмээн хэлжээ.

Хавалаг хар тамхи, хүн тээвэрлэх гэмт хэрэгт ч ашиглаж байжээ

EBU-ийн эрэн сурвалжилгаар Европын бусад улс оронд ч гэмт бүлэглэлүүд хавала систем ашиглаж байсан нь тогтоогджээ. Европын хавалагийн сүлжээнд өмнө нь мөнгө угаагчаар ажиллаж байсан, эрэн сурвалжилгад “Фрэнк” хэмээн нэрлэсэн нэгэн эр нийтдээ хэдэн зуун сая евротой тэнцэх гүйлгээнд оролцож байснаа ярьсан байна.

Тэр Нидерландын Роттердам хотын ойролцоох жижиг хотод байрлах нэгэн оффист хавала системтэй анх танилцжээ. Тэр тэнд ердөө нэг цаг хагасын дотор тав, зургаан зуучлагч бэлэн мөнгө авчирч, нийтдээ дор хаяж нэг сая евро шилжүүлсэн гэж тооцоолсон байна.

Тэрбээр “Энэ зөвхөн мөнгөний тухай биш гэдгийг би дараа нь ойлгосон. Терроризмыг санхүүжүүлэх, хар тамхины наймаа, биеэ үнэлэлт болон бусад олон төрлийн гэмт хэрэгтэй холбоотой байсан” хэмээн ярьсан байна.

Хүний наймаа, хүчирхийлэлтэй холбогдсон хэргүүд

Австрид хийсэн мөрдөн шалгалтууд ч хавалагийн системийг хууль бус цагаач тээвэрлэлт, хүчирхийлэлтэй холбон харуулжээ. Австрийн ORF телевизийн эрэн сурвалжилгаар цагдаа нар Вена хот дахь “хамгийн том хавалагийн оффис” хэмээн тодорхойлсон газарт нэгжлэг хийсэн байна.

Тус үйл ажиллагааг хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд байрлах кебаб ресторанаас зохион байгуулдаг байсан бөгөөд эрх баригчдын мэдээлснээр, хүн хууль бусаар хил нэвтрүүлэх үйл ажиллагааны төлбөрийг зохицуулахад ашигладаг байжээ.

Уг ажиллагааг удирдаж байсан Сирийн хоёр ах дүү хүний наймаа, мөн 350,000 евро алдсан гэх шалтгаанаар нэгэн зуучлагчийг эрүүдэн шүүж, хүчирхийлсэн хэрэгт холбогдон, ял сонссон байна. Тэднийг өнгөрсөн онд гэм буруутайд тооцож, тус бүр 18 болон 8 жилийн хорих ял оноожээ.

Мөн Австрийн цагдаа болон Европын Холбооны хууль сахиулах байгууллага Europol хавалагаар санхүүждэг өөр нэгэн хүн тээвэрлэлтийн сүлжээг саяхан илрүүлэн татан буулгажээ. Албаныхны мэдээлснээр, уг сүлжээ нь 18 сарын хугацаанд ойролцоогоор 100,000 хүнийг Европ руу нэвтрүүлсэн байна.

Австрийн Эрүүгийн тагнуулын албаны хүн худалдаалахтай тэмцэх мөрдөн шалгах ажиллагааг удирддаг Жеральд Татцгерн хүний хууль бус тээвэрлэлтийн гэмт хэрэгт эрүүдэн шүүх явдал бодит байдал болохыг хэлжээ.

ORF Gerald Tatzgern, a man with short, grey hair, wearing a light grey suit and a white shirt, sitting in an office with books, pot plants and police memorabilia behind him.
Жеральд Татцгерн гэмт бүлэглэлүүд цагаачдыг эрүүдэн шүүж, тэдний ар гэрийнхнийг хавалагийн системээр дамжуулан мөнгө төлөхийг шаарддаг байсан гэж мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, гэмт бүлэглэлүүд хохирогчдыг эрүүдэн шүүж буй бичлэгийг гэр бүлийнхэнд нь илгээн, “Дахин 1000 евро, эсвэл хэдэн мянган евро явуулахгүй бол таны хүү, ах, эцэг зовох болно” хэмээн сүрдүүлдэг байжээ.

Ингэж хүчирхийллийг зогсоохын тулд шаардаж буй мөнгийг мөн л хавалагийн системээр дамжуулан шилжүүлдэг байсан аж.

“Зохион байгуулалттай гэмт хэргийн мөнгө угаах үндсэн суваг”

Мөнгө угаахтай холбоотой олон мөрдөн шалгах ажиллагааг удирдаж байсан цагдаагийн командлагч, Europol-ийн холбоочин Квентин Мугг хавалагийн системийг “Зохион байгуулалттай гэмт хэргийн мөнгө угаах үндсэн суваг” хэмээн тодорхойлжээ.

Түүний хэлснээр, энэ мөнгө хууль бус цагаач тээвэрлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг, биеэ үнэлүүлэлтээс олсон мөнгө байсан ч, эсвэл эмээ нь төрсөн өдрөөрөө хүүдээ илгээж буй хуримтлал байсан ч зуучлагчид мөнгөний эх үүсвэрийг төдийлөн анхаардаггүй бөгөөд өөрсдийн тогтоосон шимтгэлийг авдаг байна.

Эх сурвалж: BBC / EUROPEAN BROADCASTING UNION