Билл Гейтс хиймэл оюун ухаан дэлхийг эзэмдэх үед ердөө гуравхан төрлийн ажил л “амьд үлдэнэ” хэмээн зоримог таамаг дэвшүүлсэн нь олны анхаарлыг татсан. Microsoft-ийг үүсгэн байгуулагч тэрбээр өнгөрсөн жил олон ажлын байранд хүн шаардлагагүй болж, технологи болон хиймэл оюун ухаан дэлхий даяарх ажлын орчныг орлоно гэсэн нэлээд бараан төсөөлөл дэвшүүлж байв.
Билл Гейтс "Ирээдүйд программистууд, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд болон биологичид үнэ цэнтэй хэвээр үлдэнэ" гэж үзжээ. Microsoft-ийн гаргасан судалгаагаар, орчуулагч, хэлмэрч, математикч, сэтгүүлч зэрэг мэргэжлүүд хамгийн өндөр эрсдэлтэй 40 ажлын тоонд багтсан байна.
Энэ талаар ChatGPT-ээс асуухад, AI бидний төсөөлж буй шиг бүх ажлыг булаахгүй байж магадгүй гэсэн хариу өгчээ. ChatGPT-ийн тайлбарласнаар, Билл Гейтсийн хэлсэн зүйл үндсэндээ зөв ч гол асуудал нь ямар мэргэжилтэй вэ гэдэгт бус, тухайн ажлын аль хэсэг нь давтагддаг, урьдчилан таамаглах боломжтой, стандартчилахад амархан вэ гэдэгт оршиж байгаа аж.
Түүнчлэн AI одоогоор зарим ажлын байрны тодорхой хэсгийг орлож, эсвэл багасгаж байгаа ч нөгөө талдаа шинэ төрлийн ажлууд бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлж байна гэжээ.
ChatGPT-ийн үзэж буйгаар, хамгийн “аюулгүй” мэргэжлүүдэд сантехникч, цахилгаанчин зэрэг ур чадварт суурилсан гар ажиллагааны ажил болон сувилагч, сэтгэл засалч зэрэг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд багтсан байна. Учир нь, AI оношилгоонд тусалж болох ч өвчтөнүүд эцсийн шийдвэрийг хүн гаргаж, хүний халамж үйлчилгээ үзүүлэхийг хүссээр байх болно гэж тайлбарлажээ.
Мөн эрдэмтэд ирээдүйд ч үнэ цэнтэй хэвээр үлдэнэ гэдэг дээр Билл Гейтстэй санал нийлсэн бөгөөд хиймэл оюун ухаан мэдээлэл боловсруулахад хүчирхэг ч жинхэнэ нээлт хийхэд зөн совин, шинэ таамаглал дэвшүүлэх чадвар, бүтээлч сэтгэлгээ зэрэг хүний онцгой ур чадвар шаардлагатай гэж үзсэн байна.
Түүнчлэн компанийн удирдлагууд, бизнес эрхлэгчид ч аюулгүй хэвээр байх магадлалтай бөгөөд “тодорхойгүй байдал, хариуцлага өндөр байх тусам тухайн ажлыг орлох нь илүү хэцүү болдог” хэмээн ChatGPT онцолжээ.
Хамгийн эрсдэлтэй бүлэгт компьютер дээрх ажлууд хийдэг ажилтнууд, AI хэрэгслүүд ашиглахаас зайлсхийдэг хүмүүс болон хэмжих, стандартчлахад амархан ажлын байртай хүмүүс орж магадгүй гэж үзсэн байна. Гэхдээ энэ нь заавал ажилгүйдэл гэсэн үг биш бөгөөд цалин буурах, ажлын байр цөөрөх, өрсөлдөөн ширүүсэх, ур чадварын шаардлага өсөх зэрэг өөрчлөлтүүд гарч болзошгүй аж.
Жишээлбэл, AI ашигладаг нэг хуульч өмнө нь гурван туслах хуульчийн хийдэг ажлыг гүйцэтгэх боломжтой тул анхан шатны ажлын байр багасч, багийн бүтэц жижигрэх магадлалтай гэжээ. Эцэст нь, ChatGPT “хиймэл оюун ухаан ажлын байрыг устгахаасаа илүүтэйгээр тэдгээрийг өөрчилдөг” хэмээн дүгнэсэн байна.
Эх сурвалж: UNILAD