Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин Оросын нутаг дэвсгэр рүү холын тусгалт нисгэгчгүй онгоцоор цохилт өгөх тоог нэмэгдүүлж, өдөрт 1000-д хүргэх үүргийг Украины Зэвсэгт хүчинд өгснөө мэдэгджээ. Одоогийн байдлаар энэ тоо өдөрт ойролцоогоор 300 орчим байгаа аж.
Украины төрийн тэргүүний видео мэдэгдлийг наймдугаар сарын 28-ны баасан гарагт Telegram сувгаар нийтэлжээ.
Зеленский Дээд ерөнхий командлагчийн штабын хуралдаан хийсэн байна. Тус хурлаар Украиныг Оросын Зэвсэгт хүчний цохилтоос хамгаалах зорилгоор зэвсгийн үйлдвэрлэлийг аль болох нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд авч үзжээ.
Түүний хэлснээр, мөн хурлаар Оросын “Шахед” төрлийн нисгэгчгүй онгоцны цохилтоос хамгаалах, мөн Оросын нутаг дэвсгэрт хийх холын тусгалт цохилтын давтамжийг цаашид нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна.
Зеленский “Зорилт бол Оросын эсрэг холын тусгалын ‘хориг арга хэмжээ’ болгон ашиглах дронуудын тоог өдөрт 1000-д хүргэх. Одоогийн байдлаар бид өдөрт дунджаар 300 гаруй ийм ‘хориг арга хэмжээний’ дрон ашиглаж байна. Үүнийг нэмэгдүүлэх ёстой” гэж мэдэгджээ. Тэрбээр энэ нь маш тодорхой тавьсан зорилт бөгөөд Украин уг зорилтыг биелүүлнэ гэж онцолсон байна.
Зеленский: АНУ Москва дахь уулзалтуудын талаар Киевт мэдээлсэн
Владимир Зеленский мөн Америкийн тал Киевт Москва хотод сүүлийн өдрүүдэд болсон уулзалтуудын талаар мэдээлэл өгсөн гэж мэдэгджээ.
Тэрбээр “Би мэдээлэл өгсөнд, мөн Оростой хийсэн ярианы шаардлагатай өнгө аясыг бүрдүүлсэнд талархаж байна. Бид алхмуудаа уялдуулж байгаа явдал болон Америк нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх талаар нэлээд бодитой төсөөллийг урагшлуулж буйг өндрөөр үнэлж байна” гэжээ.
Мөн Украины Ерөнхийлөгч “Орос дайнаа дуусгах ёстой. Үүнийг хэрэгжүүлэх бүх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай” хэмээн хэлсэн байна.
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Москвад айлчилсан
Үүнээс өмнө буюу наймдугаар сарын 25-нд АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)-ын дарга Жон Рэтклифф Москва хотод урьдчилан зарлаагүй айлчлал хийсэн. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп радиод өгсөн ярилцлагадаа Рэтклиффийн айлчлалыг “хагас хэвийн, ердийн шинжтэй” айлчлал гэж тодорхойлжээ.
Трамп мөн Украины дайныг дуусгах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Тэрбээр “Бид Украинтай хийж буй дайныг дуусгахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW