Норвегийн Хааны ордон наймдугаар сарын 28-ны өглөө эмгэнэлийн мэдэгдэл хийж, Харальд V Ослогийн их сургуулийн эмнэлэгт өглөөний 06:35 цагт амар тайван нас барсныг албан ёсоор баталгаажуулжээ.

Норвегийг 1991 оноос хойш тэргүүлж, 35 гаруй жилийн турш улс орныхоо тогтвортой байдлын бэлгэ тэмдэг болсон хааны хаанчлал өндөрлөж байна. Хаан Харальдын биеийн байдал наймдугаар сарын сүүлээр эрс мууджээ.

Хааны ордон наймдугаар сарын 23-нд түүний биеийн байдал муудаж, цусны урсгал дахь бактерийн халдварын улмаас антибиотик эмчилгээ хийлгэж буй талаар мэдээлсэн байна.

Эмчилгээний үр дүнд тодорхой хэмжээгээр хариу үзүүлж байсан ч наймдугаар сарын 27-нд биеийн байдал нь маш хүнд болсон талаар мэдээлжээ. Маргааш өглөө нь Хаан Харальд V таалал төгссөн тухай Хааны ордон албан ёсоор зарлажээ.

Дайны хүнд он жилүүдийг туулсан ханхүү

Харальд V 1937 оны хоёрдугаар сарын 21-нд Ослогийн ойролцоох Скаугум эдлэнд тухайн үеийн угсаа залгамжлагч хунтайж Улаф, гүнж Марта нарын гэр бүлд төржээ.

Тэрбээр Норвегид 567 жилийн дараа төрсөн анхны ханхүү байсан гэдэг. Тухайн үеийн Үндсэн хуулиар хаан ширээг зөвхөн эрэгтэй хүн залгамжлах эрхтэй байсан учраас Харальдын мэндэлсэн нь Норвегийн хаант улсын залгамж халааг баталгаажуулсан чухал үйл явдал болжээ. Гэвч түүний хүүхэд нас тайван үргэлжлээгүй байна.

1940 оны дөрөвдүгээр сарын 9-нд нацист Герман Норвегид довтлон эзлэн авснаар хааны гэр бүл эх орноосоо гарахад хүрчээ. Хааны гэр бүл болон Норвегийн Засгийн газар Ослогоос галт тэргээр гарч, улмаар Харальд ээж, эгч нарынхаа хамт Швед, АНУ-д амьдарч, дайны сүүл үед Их Британид очсон байна.

Дайн дууссаны дараа тэр эх орондоо эргэн ирж, Норвегийн хаант улсын ирээдүйн төрийн тэргүүн болох замаа үргэлжлүүлжээ. 1957 онд угсаа залгамжлагч болж, 1991 онд хаан ширээнд суусан байна Харальд 1959 онд Норвегийн Цэргийн академийг төгсөж, төрийн болон цэргийн албанд бэлтгэгджээ.

1957 онд өвөө, хаан Хаакон VII нас барсны дараа аав Улаф нь хаан ширээнд сууж, Харальд угсаа залгамжлагч хунтайж болсон байна. Тэрбээр эцгийнхээ хаанчлалын үед төрийн олон үйл ажиллагаанд оролцож, Норвегийг гадаадад төлөөлөх, тэр дундаа тус улсын бизнес, эдийн засгийн ашиг сонирхлыг олон улсад сурталчлах ажилд идэвхтэй оролцож байжээ.

1991 оны нэгдүгээр сарын 17-нд хаан Улаф V нас барсны дараа Харальд V Норвегийн хаан ширээнд заларсан байна. Тэрбээр дөрөв хоногийн дараа Норвегийн парламентад Үндсэн хуулиа сахин хамгаалахаа тангараглаж, мөн оны зургадугаар сарын 23-нд Тронхейм хотын Нидаросын сүмд хатан Сонягийн хамт хаан, хатны ёслолоо хийжээ.

Харальд V эцэг, өвөөгийнхөө адил “Alt for Norge” — “Бид бүхнээ Норвегийн төлөө зориулна” гэсэн хаанчлалын уриаг сонгосон байна.

Зөвхөн хаан биш, спортод дуртай тамирчин байжээ

Харальд V-ийн амьдралын сонирхолтой нэг хэсэг нь түүний спортын ертөнцтэй холбоотой аж. Тэрээр залуугаасаа дарвуулт завины спортоор хичээллэж, Норвегийг олон улсын тэмцээнүүдэд төлөөлж байжээ.

Хаан болсон хойноо ч энэ сонирхлоо орхилгүй дарвуулт завины тэмцээнүүдэд Норвегийн багтайгаа хамт оролцож, дэлхийн болон Европын аваргын тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчин байсан аж. Иймээс Харальд V-ийг Норвегийн түүхэнд спортын идэвхтэй тамирчин байсан хаан хэмээн дурсах нь бий.

Харальд V-ийн хувийн амьдралд хатан Соня онцгой байр суурь эзэлдэг. Хожмын хатан Соня Харальдсен язгууртан гэр бүлээс гаралгүй, Ослогийн Виндерен дүүрэгт энгийн гэр бүлд өссөн байна.

Харальд, Соня нар удаан хугацаанд үерхэж, 1968 оны наймдугаар сарын 29-нд гэрлэжээ. Соня тухайн үед Норвегийн угсаа залгамжлагчийн эхнэр болж байсан бөгөөд Харальд хаан ширээнд сууснаар 1991 онд Норвегийн хатан болсон байна.

Тэд гүнж Марта Луиза, угсаа залгамжлагч хунтайж Хокон гэсэн хоёр хүүхэддтэй. Харальд, Соня хоёр олон арван жил ханилсан нь Норвегийн хаант гэр бүлийн хамгийн танил түүхүүдийн нэг болжээ.

Харальд V-ийн хаанчлалын гол үүрэг юу байв?

Норвегийн хаан улс төрийн өдөр тутмын шийдвэрийг Засгийн газрын нэгэн адил гаргадаггүй. Үндсэн хуулиар хааны үүрэг нь голчлон төрийн тэргүүний хувьд төлөөлөх, ёслолын чиг үүрэгтэй. Гэхдээ хаан Норвегийн төр, ард түмний эв нэгдлийг илэрхийлдэг төрийн чухал бэлгэ тэмдэг юм.

Төрийн айлчлал хийх, гадаадын удирдагчдыг хүлээн авах, парламентын үйл ажиллагаатай холбоотой ёслолд оролцохоос гадна улс оронд эмгэнэлт үйл явдал тохиолдох үед ард иргэдтэйгээ хамт байж, тэднийг дэмжих нь хааны чухал үүргүүдийн нэг байжээ.

Тухайлбал, 2011 оны долдугаар сарын 22-нд Норвегид террорист халдлага болсны дараа Харальд V ард түмнийхээ уй гашууг хуваалцаж, хохирогчид болон тэдний гэр бүлтэй уулзаж байсан аж.

Одоо хаан ширээ хэнд шилжих вэ?

Харальд V нас барснаар Норвегийн хаант улсын дараагийн үе эхэлж байна. Түүний хүү, угсаа залгамжлагч хунтайж Хокон хаан ширээг залгамжлах нэгдүгээр хүн юм. Хокон хаан, хатан хоёрын ууган хүү бөгөөд Норвегийн хаан ширээний залгамжлалын дараалалд нэгдүгээрт бичигддэг. Түүний охин, гүнж Ингрид Александра хоёрдугаарт эрэмбэлэгддэг байна.

Сонирхуулахад, Хаан Харальдын биеийн байдал муудсан үед Хокон хэдийнэ төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Regent-ийн үүрэг гүйцэтгэж байжээ. Хаан өвчтэй эсвэл үүргээ гүйцэтгэх боломжгүй үед угсаа залгамжлагч хунтайж төрийн тэргүүний зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.

Норвеги нэгэн эрин үеэ үдэж байна

Хаан Харальд V-ийн амьдрал Норвегийн орчин үеийн түүхийн томоохон өөрчлөлтүүдтэй салшгүй холбоотой байжээ. Тэрээр Дэлхийн II дайны үеийн хүүхэд наснаас эхлээд угсаа залгамжлагч хунтайж, улмаар 35 гаруй жил хаанчилсан төрийн тэргүүн болсон байна.

Түүний хаанчлалын үед Норвеги олон улсын тавцанд эдийн засаг, дипломат харилцаа, нийгмийн хөгжлөөрөө өндөр байр суурь эзэлсэн орон болон хөгжсөн бөгөөд Харальд V төрийн тэргүүний хувьд энэ бүх өөрчлөлтийн гэрч, улс орны эв нэгдлийн бэлгэ тэмдэг байсаар иржээ.

Одоо Норвегийн хаант улс Харальд V-ийн эрин үеийг үдэж, хунтайж Хоконы үеийг угтах шинэ түүхэн мөчийн өмнө ирээд буй юм байна.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI