ОХУ-ын зэвсэгт хүчин Украины нутаг дэвсгэрт байрлах цэргийн зориулалттай объектуудад цохилт өгсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Тус яамны мэдэгдсэнээр, наймдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Оросын Зэвсэгт хүчин Украины Зэвсэгт хүчний ашиг сонирхолд үйлчилж байсан логистикийн төвүүд болон далайн боомтуудад цохилт өгсөн байна.
ОХУ-ын талын мэдээллээр, Киев муж дахь “Стеллар Жет” агуулахын цогцолбор болон Одессын боомтод байрлах Украины армийн хэрэгцээнд зориулагдсан агуулахууд цохилтод өртжээ.
Киев муж дахь агуулахад пуужин, түлш хадгалж байсан гэж мэдэгдэв
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Киев мужийн “Стеллар Жет” агуулахын цогцолборт “Фламинго” нэртэй алсын тусгалын далавчит пуужин болон пуужингийн хурдасгуурт ашиглах түлш хадгалж байсан аж.
Оросын тал уг агуулахыг цохилтын байгаар сонгосон шалтгаанаа Украины цэргийн логистик, хангалтын чадавхтай холбоотой гэж тайлбарлажээ. Мөн Одессын боомтод Украины армийн зориулалтаар ашиглаж байсан зургаан агуулах цохилтод өртсөн талаар мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар дээрх цохилтын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй байгаа аж.
ОХУ: Цохилтууд цэргийн эдийн засгийн чадавхыг бууруулах зорилготой
ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь ч Украины цэргийн дэд бүтэц, хангалтын сүлжээ болон үйлдвэрлэлийн байгууламжид цохилт өгч байгаа нь Украины цэрэг-эдийн засгийн чадавхыг бууруулах зорилготой гэж тайлбарласаар ирсэн.
Тус яамны мэдээлснээр, энэ удаагийн ажиллагаанд довтолгооны нисгэгчгүй онгоц болон алсын тусгалын өндөр нарийвчлалтай зэвсэг ашигласан байна. Оросын тал ийм зэвсгээр Украины нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт байгаа байг онох боломжтой гэж мэдэгджээ.
Дайны гол бай логистик, хангалтын сүлжээ болж байна
Украины дайн удаан үргэлжлэхийн хэрээр фронтын шууд байлдааны ажиллагаанаас гадна цэрэг, зэвсэг, түлш, техникийн хангалтыг тасалдуулах зорилготой цохилтууд хоёр талын стратегийн чухал хэсэг болсоор байна.
Ялангуяа далайн боомт, агуулах, төмөр зам, шатахууны байгууламж зэрэг нь цэргийн ажиллагааг хангах логистикийн сүлжээний чухал зангилаа болдог.
Энэ удаагийн Оросын мэдэгдэлд ч Киев муж дахь агуулахын цогцолбор болон Одессын боомтыг онцолсон нь үүнтэй холбоотой аж. Гэхдээ ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдэгдсэн бай, хохирлын хэмжээ болон устгасан гэх зэвсгийн талаарх мэдээллийг бие даасан эх сурвалжаар бүрэн баталгаажуулаагүй байна.
Эх сурвалж: RIA NOVOSTI