Непал-Төвдийн хил орчимд болсон аюулт үер, хөрсний гулгалтад өртсөн байж болзошгүй ойр дотнын хүмүүсээсээ сураг чимээ хүлээсэн гадаадын олон зуун иргэн цөхрөнгөө барж байна.

Шрея, Ашна Ахужа гэх эгч дүүс эцэг, эх болох Дипак, Мадху Ахужа нарынхаа талаар ямар нэгэн мэдээ сонсохыг түгшин хүлээж буй хүмүүсийн нэг. Тэдний эцэг, эх АНУ-ын Техас мужаас Кайлаш ууланд мөргөл үйлдэхээр хэсэг бүлэг мөргөлчдийн хамт аялаар явжээ.

Эгч дүүс BBC-д “Ердөө нэгхэн хоног өнгөрсөн ч түүнээс хавьгүй удаан хугацаа өнгөрсөн мэт санагдаж байна. Бид аав, ээждээ маш их хайртай. Тэднийг гэртээ эсэн мэнд ирээсэй гэж л хүсэж байна” хэмээн ярьжээ. Тэдний нэг нь үер буухаас өмнөхөн эцэг, эхтэйгээ утсаар ярьсан байна.

Одоогийн байдлаар 1300 гаруй хүн сураггүй болоод байгаагийн дунд АНУ, Австрали, Канад, Энэтхэг, Их Британийн жуулчид бий аж. Непалын эрх баригчдын мэдээлснээр 380 гаруй хүн амь үрэгджээ.

Америкчуудын ар гэрийнхэн сураг чимээ чагнасаар

АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, үерт 90 орчим америк иргэн өртсөн байж болзошгүй бөгөөд одоогийн байдлаар гурван америк иргэнийг аварсан нь батлагджээ.

Ахужагийн эгч дүүс АНУ-ын Төрийн департамент болон Энэтхэгийн Дели, Непал, Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай холбогдсон байна. Гэвч тэдний хэлснээр эцэг, эхийнх нь яг хаана байгаа талаар ямар ч тодорхой мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа аж.

Энэ бүс нутаг нь Хиндү болон Буддын шашинтнуудын ариун мөргөлийн газар бөгөөд жил бүр хэдэн арван мянган мөргөлчин ирдэг байна.

Нью-Йорк хотод амьдардаг АНУ-ын иргэд болох 65 настай Рамеш Шарма, 64 настай Нилам Шарма нар мөн Кайлаш уул руу аялж явахдаа гамшигт өртжээ. Тэдний охин Радхика Шарма эцэг, эхийнхээ сураггүй болсон талаар BBC-д ярьсан байна.

Ahuja family Deepak and Madhu Ahuja looking at the camera

Энэ аялал нь өнгөрсөн жил тэтгэвэрт гарснаас хойш эцэг, эхийнх нь анх удаа өөрсдөө зохион байгуулан хийж буй аялал байжээ. Радхика "Би тэднийг л олохыг хичээж байна. Надад ямар ч хариу алга” хэмээн ярьсан байна.

Тэр ихэвчлэн эцэг, эхтэйгээ байнга холбоотой байж өдөрт хэд хэдэн удаа мессэжээр харилцдаг байжээ. Радхика “Бидний хамгийн сүүлд мэдэж байгаа зүйл бол тэд өглөөний 08.00 цагт хил дээр байсан. Энэ нь үер болохоос ойролцоогоор нэг цагийн өмнө гэсэн үг. Тэд Төвдийн талд гарч амжсан байгаасай гэж бид найдаж байна” гэжээ.

Радхика Бээжин болон Катманду дахь АНУ-ын Элчин сайдын яамдтай холбоотой байгаа ч “Хэн ч ямар нэгэн хариу өгч чадахгүй байна” хэмээн ярьжээ. Тэрбээр мөн ийм байдлаар ойр дотнын хүнээ сураггүй болсон бусад америкчуудтай холбогдож, бие биенээ дэмжихийн зэрэгцээ мэдээлэл цуглуулж, нэгтгэж байгаа аж.

Мөргөлчдийн бүлэг бүхэлдээ гамшигт өртжээ

Гамшигт өртсөн хүмүүсийн дор хаяж 77 нь Энэтхэгт төвтэй, мөн АНУ-ын Теннесси мужийн Макминнвилл хотод салбартай ашгийн бус байгууллага болох Isha Foundation-оос зохион байгуулсан мөргөлийн аялалд оролцож байжээ.

Тус сангийн олон нийттэй харилцах ажилтан Лесли Креспи BBC-д "Мөргөлчид хил орчимд газар хөдлөлтөд тэсвэртэй гэж тооцогдож байсан барилгад цагаачлалын бичиг баримтаа бүрдүүлж байх үед ус гэнэт орж ирсэн" гэж ярьжээ. Тэрбээр хоолой нь зангирч “Тэд бүгд нэг гэр бүл шиг байсан” хэмээн ярьсан байна.

Radhika Sharma One man and one woman look at the camera. Both middle aged. He is wearing a blue checked shirt, she is wearing a green dress.

Сураггүй болсон хүмүүсийн дунд дахин нэг америк иргэн байна

Үерийн дараа сураггүй болсон АНУ-ын өөр нэг иргэн Прабхат Сажипа мөн Isha Foundation-тай хамт аялж явсан 77 хүний нэг байжээ. Тэрбээр Калифорнид программ хангамжийн компанид ажилладаг бөгөөд хэдэн жилийн турш Isha Foundation-тай холбоотой байсан гэж Германд амьдардаг зээ охин нь ярьжээ.

Түүний зээ охин Кавья Коулаги Жайтеертха “Үнэхээр аймшигтай байна. Түүнийг хаа нэгтээ аюулгүй байгаа гэж найдаж байна. Бид сайн мэдээ хүлээж байна" гэж BBC-д ярьсан аж.

АНУ-ын Төрийн департамент Непал дахь АНУ-ын Элчин сайдын яам орон нутгийн аялал жуулчлалын байгууллагууд болон эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, гамшигт өртсөн америк иргэдэд тусламж үзүүлж байгаа гэж мэдэгдсэн байна.

Гэвч хувийн нууцтай холбоотой шалтгаанаар гамшигт өртсөн америк иргэдийн тоо болон нэмэлт мэдээллийг өгөөгүй байна.

Трамп: Тэдэнд юу хэрэгтэй байна, бүгдийг нь өгнө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт сэтгүүлчдэд ярихдаа түүний засаг захиргаа Непалын засгийн газарт тусламж үзүүлэх санал тавьсан гэж мэдэгджээ. Тэр “Бид тусламж илгээж байна. Мөн удирдлагуудтай нь ярилцсан. Тэдэнд юу хэрэгтэй байна, бид бүгдийг нь өгнө гэдгийг мэдэгдсэн” гэжээ.

30 канад иргэний сураг тодорхойгүй байна

Канадын Гадаад хэргийн яам Непал болон Төвдийн бүс нутагт байсан 30 канад иргэн болон байнгын оршин суугчийн хаана, биеийн байдал нь ямар байгаа нь одоогийн байдлаар баталгаажаагүй гэж мэдэгджээ.

Канадын Гадаад хэргийн яам “Газар дээрх нөхцөл байдал маш хүнд байгаа учраас шинэ мэдээлэл ирэхийн хэрээр энэ тоо өөрчлөгдөж болно” гэж мэдэгджээ.

Канадын Ерөнхий сайд Марк Карни бүс нутагт байгаа бүх канад иргэдийг “Гадаадад байгаа Канад иргэдийн бүртгэл”-д бүртгүүлэхийг уриалсан байна. Энэ нь гадаад улсад онцгой нөхцөл байдал үүсэх үед Канадын засгийн газар иргэдтэйгээ холбоо тогтоож, тусламж үзүүлэх боломж олгодог үнэ төлбөргүй үйлчилгээ аж.

Канадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр уг бүртгэлд Непалд 820 канад иргэн, Хятадын Төвдийн өөртөө засах оронд 5 канад иргэн байгаа гэж бүртгэгджээ.

28 орны 500 гаруй жуулчин сураггүй байна

Непалын цагдаагийн мэдээлснээр, 28 өөр орны 500 гаруй жуулчин сураггүй болсон байна. Тэдний дийлэнх нь гадаадын иргэд аж. Непалын Аялал жуулчлалын зөвлөл сураггүй болсон хүмүүсийг улс орноор нь ангилан мэдээлсэн байна.

Төвдийг захирдаг Хятадын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Төвдийн нутаг дэвсгэрт 3 хүн амь үрэгдсэн, дор хаяж 558 хүн сураггүй болсон, тэдний дунд 260 гадаадын иргэн байна" гэж CCTV мэдээлжээ.

Гэхдээ Хятадын мэдээлэл болон Непалын мэдээлэлд хүмүүсийн нэрийг давхар бүртгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Гамшгийг газар хөдлөлт бус хөрсний гулгалт үүссэн байж болзошгүй

Гамшгийн эхний мэдээллүүдэд газар хөдлөлтөөс үүдэн мөсний нуранги болон хөрсний гулгалт үүссэн байж болзошгүй гэж мэдээлж байсан ч газар хөдлөлт судалдаг АНУ-ын Геологийн алба (USGS) нэмэлт шинжилгээ хийсний дараа “Газар хөдлөлтийн чичирхийллийн энерги бус, харин хөрсний гулгалт өөрөө уг энергийг үүсгэсэн” гэх дүгнэлтэд хүрсэн байна.

Хөрсний гулгалт болон мөсний нуранги үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлж болно. Үүний нэг боломжит шалтгаан нь бороо, эсвэл мөс хайлснаас үүссэн ус газар болон мөсөн бүтцийг тогтворгүй болгосон явдал байж болох аж.

Уур амьсгалын өөрчлөлт нөлөөлсөн үү?

Уур амьсгалын өөрчлөлт Хиндүкуш-Гималайн бүс нутагт мөсөн голын хайлалтыг хурдасгаж байгаа нь тодорхой аж. Гэвч эрдэмтэд энэ удаагийн гамшигт уур амьсгалын өөрчлөлт яг ямар хэмжээгээр нөлөөлснийг тогтооход одоогоор хэт эрт байна гэж үзэж буй юм байна.

Бүхэл бүтэн суурин газрууд үерт урсжээ

Гэнэтийн хүчтэй үерийн ус бүхэл бүтэн суурин газруудыг урсган авч одсон байна. Непалын засгийн газрын албан тушаалтан BBC Nepali-д өгсөн мэдээлэлдээ анхны тооцоогоор үерийн улмаас зам, гүүр, бусад дэд бүтэц, нийт 15 тэрбум гаруй непал рупигийн хохирол амссан гэжээ.

Энэ нь ойролцоогоор 72.18 сая евро буюу 98.33 сая ам.доллартай тэнцэх хэ.

Аврах ажиллагааг эрчимжүүлэхийг уриалав

Непалын Ерөнхийлөгч Рам Чандра Паудел засгийн газар, улс төрийн намууд, нийгмийн байгууллагууд, аюулгүй байдлын бүх байгууллага болон нийт ард иргэдийг аврах, тусламжийн ажиллагааг эрчимжүүлэхийг уриалжээ.

Тэрбээр мөн “Би хүн бүрийг сонор сэрэмжтэй байж, доод эргийн бүс нутгуудад шаардлагатай зохицуулалт, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC