АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)-ын захирал Жон Рэтклифф наймдугаар сарын 25-нд урьдчилан зарлалгүйгээр Москвад айлчлахаар очжээ. Кремль түүний айлчлалыг баталсан боловч хэлэлцээний агуулгыг тодорхой мэдээлээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков зөвхөн Рэтклифф Владимир Путинтэй уулзаагүй талаар мэдэгджээ.
ОХУ-ын Гадаад тагнуулын алба (ГТА)-ны захирал Сергей Нарышкин АНУ-ын ТТГ-ын тэргүүнтэй уулзсанаа баталж, тэдний яриаг “маш эмзэг, нарийн асуудал хөндсөн яриа” гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр, хоёр тал “тагнуулын байгууллагуудын бүрэн эрхэд хамаарах хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн” аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ТТГ-ын захирал Москва руу явсан нь “хагас хэвийн шинжтэй айлчлал” бөгөөд Орос, Украины дайныг дуусгахад дэмжлэг үзүүлэх зорилготой байсан талаар мэдэгджээ.
Deutsche Welle (DW)-д ярилцлага өгсөн шинжээчид энэ айлчлалын ер бусын шинж чанарт анхаарал хандуулж, одоогийн байдлаар ил болсон мэдээлэлд үндэслэн Рэтклифф ямар асуудлуудыг хэлэлцсэн байж болох талаар таамаг дэвшүүлжээ.
Балтын орнуудад заналхийлж байгаа юу?
Рэтклифф Москва дахь айлчлалынхаа үеэр Оросыг АНУ-ын НАТО дахь холбоотнуудын эсрэг ямар нэгэн халдлага үйлдэхээс сэрэмжлүүлсэн байж болох аж. Энэ талаар Politico сонин хэд хэдэн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Тус эх сурвалж “Рэтклиффын айлчлалын гол зорилго нь Балтын орнуудын эсрэг мөргөлдөөнийг хурцатгах аливаа үйлдэл гаргах нь хүлээн зөвшөөрөх боломжгүйг Орост анхааруулах явдал байсан” гэж хэлсэн байна.
Мөн The Wall Street Journal сонин уг айлчлал нь Москваг НАТО-гийн орнууд руу халдахаас сэрэмжлүүлэх зорилготой байсан гэж мэдээлсэн боловч яг аль улсуудын талаар ярьсныг тодорхой дурдаагүй аж.
АНУ-ын одоо ажиллаж буй ТТГ-ын захирал Москва руу ийм төрлийн айлчлал хийсэн өмнөх тохиолдол нь 2021 оны арваннэгдүгээр сар байжээ. Тухайн үед ТТГ-ын захирал Уильям Бернс Ерөнхийлөгч Жо Байдены даалгавраар Москвад очсон байна. Тэр үед Бернс Оросын удирдлагад Украин руу довтолсон тохиолдолд ямар үр дагавар гарахыг анхааруулах зорилготой байсан аж.
Дублины их сургуулийн коллежийн профессор, Enduring America сайтын үүсгэн байгуулагч Скотт Лукас DW-д “Богино хугацаанд зохион байгуулагдсан, урьдчилан зарлаагүй энэ айлчлалыг ердийн, бүр ‘хагас ердийн’ айлчлал гэж үзэх боломжгүй” гэж ярьжээ.
Тэрбээр Рэтклифф Оросын талд “Бид та нар юу хийж байгааг мэдэж байна. Бид бүгдийг харж байна. Нөхцөл байдлыг хурцатгах нь ухаалаг алхам биш” гэсэн утгатай хатуу анхааруулга хүргэсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Украины улс төр судлаач, “Пента” хэрэглээний улс төрийн судалгааны төвийн тэргүүн Владимир Фесенко ч энэ хувилбартай санал нэг байгаа аж. Түүний үзэж буйгаар, Орос Европын орнуудад хорлон сүйтгэх ажиллагаа, кибер халдлага, аллага болон халдлагын оролдлого улам ихээр зохион байгуулж буй тул эдгээр асуудал хэлэлцээний сэдэв болсон байж болох нь.
Түүнчлэн тэр Оростой хил залгаа Европын орнуудын эсрэг, тэр дундаа Беларусийн нутаг дэвсгэрийг ашиглан халдлага үйлдэх боломжийн талаар ярьсан байж болзошгүй гэж үзжээ. Фесенко “Хэрэв Москва Трампын засаг захиргаатай тохиролцоонд хүрэх боломжоо хадгалахыг хүсэж байгаа бол тодорхой ‘улаан шугам’-ыг давж болохгүй” гэж тайлбарласан байна.
Рэтклифф яагаад Латвиар дамжин ниссэн бэ?
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, ТТГ-ын захирал Рэтклифф Вашингтоноос Ригагаар дамжин Москва руу ниссэн байна. Тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн хүчний Boeing C-17 Globemaster III цэргийн тээврийн онгоцоор зорчжээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа Киевт Америкийн өндөр албан тушаалтнуудын төлөөлөгчид Москвад айлчлах гэж буйг мэдэгдэж, наймдугаар сарын 24-нөөс 26-нд Москва, Санкт-Петербург болон Оросын хойд бүс нутгуудад нисгэгчгүй онгоц, алсын тусгалын пуужингаар цохилт өгөхгүй байхыг хүссэн гэж "Financial Times" мэдээлжээ.
Латвийн шинжээчид Рэтклиффын маршрутыг бэлгэдлийн шинжтэй дохио байж болохыг онцолсон байна. Латвийн Геополитикийн судалгааны төвийн захирал Марис Анжанс LSM-д ярилцлага өгөхдөө онгоцны хэмжээ, мөн айлчлалыг илүү ил тод байдлаар зохион байгуулсанд анхаарлаа хандуулжээ. Түүний үзэж байгаагаар, хэрэв Вашингтон үнэхээр айлчлалыг бүрэн нууцлахыг хүссэн бол ийм маршрут сонгох шаардлагагүй байж.
Латвийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач Сандис Шрадерс ч мөн адил “Хэрэв бүрэн нууцлах шаардлагатай байсан бол онгоц Рига хотод зогсохгүйгээр шууд Москва руу нисэх боломжтой байсан” гэжээ.
Тэрбээр Ригагаар дамжсан нь Балтын орнуудтай үйл ажиллагаагаа зохицуулах, мөн Вашингтон НАТО-гийн гэрээний 5-р заалтыг хэрэгжүүлэхэд бэлэн байгааг харуулах зорилготой байсан байж магадгүй гэж таамагласан байна.
Украин, цөмийн зэвсгийн заналхийлэл ба Иран
Америкийн “American Enterprise Institute”-ийн ахлах судлаач, өмнө нь Орос болон Евразийн асуудлаар ажиллаж байсан АНУ-ын тагнуулын албан хаагч асан Анжела Стент Рэтклиффын Москвад хийсэн айлчлалыг “чухал ач холбогдолтой” гэж DW-д ярьжээ.
Рэтклифф өмнө нь ОХУ-ын Гадаад тагнуулын албаны захирал Сергей Нарышкинтэй дор хаяж нэг удаа утсаар ярилцаж байсан гэж Стент сануулсан байна. Тэрбээр “Тэр Москвад биечлэн уулзахаар очсон нь нүүр тулан хэлэлцэх шаардлагатай чухал асуудлууд байсан гэсэн үг” гэж хэлжээ.
Стент мөн Москва болон барууны орнуудын хоорондын тагнуулын сувгууд Зөвлөлтийн үед ч оршин тогтнож байсан гэж тайлбарласан байна. Гэхдээ тэр энэ удаагийн уулзалтын биечлэн хийсэн хэлбэр болон агуулгын талаар албан ёсны мэдээлэл бараг байхгүй байгаа нь ер бусын гэж үзсэн байна.
Түүний таамаглаж буй хэлэлцэх асуудлуудад Оросын Украинд хийж буй баллистик пуужингийн цохилтыг эрчимжүүлэх, Украины эрчим хүчний дэд бүтэц, Украины усны дэд бүтэц, Европ дахь Оросын талын гэх хорлон сүйтгэх ажиллагаанууд зэрэг багтсан байж болох аж.
Владимир Фесенко мөн Рэтклифф Оросын талд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхээс сэрэмжлүүлсэн байж болохыг үгүйсгэсэнгүй. Харин Скотт Лукас Орост их хэмжээний дайчилгаа хийх боломжтой гэсэн таамаг болон зарим нотолгоо байгаа талаар ярьжээ.
Ирантай холбоотой асуудал
Politico-гийн мэдээлснээр, Рэтклифф Москвагаас Оросын Иранд үзүүлж буй цэрэг, эдийн засгийн дэмжлэгийг бууруулах асуудлыг хөндсөн байж магадгүй аж.
Анжела Стент Орос улс Иранд зэвсэг нийлүүлдэг бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр Ойрхи Дорнод дахь Америкийн объектуудын талаар тагнуулын мэдээлэл Тегеранд дамжуулсан байж болзошгүйг сануулжээ.
Мөн Рэтклифф, Нарышкин нарын уулзалтаар хоригдол солилцох асуудал хөндөгдсөн байхыг Стент үгүйсгэсэнгүй. Түүний хэлснээр, одоогийн байдлаар Орост 6 америк иргэн хоригдож байгаа аж.
Гал зогсоох боломж бий юу?
Рэтклиффын Москва дахь айлчлалтай бараг нэгэн зэрэг Ватиканы Олон улсын харилцааны нарийн бичгийн дарга Пол Ричард Галлахер мөн Москвад очсон байна. "Ватикан Ньюс" наймдугаар сарын 25-ны орой мэдээлэхдээ Галлахер Москвад “яриа хэлэлцээ, энх тайвныг дэмжих зорилготой” номлолын хүрээнд ирсэн гэж мэдэгджээ.
Ватиканы мэдээлснээр тэрбээр Оросын эрх баригчидтай Оросын үнэн алдартны шашны төлөөлөгчидтэй, Католик шашны нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байсан аж.
Энэ хоёр айлчлал цаг хугацааны хувьд давхацсантай холбоотойгоор барууны орнууд Орос, Украины дайныг дуусгах нууц энхийн төлөвлөгөөг урагшлуулж байна гэсэн хувилбарууд гарчээ.
Владимир Фесенко ч ийм байх боломжтойг үгүйсгээгүй бөгөөд Орос, Украины хооронд гал зогсоох асуудлыг хэлэлцсэн байж болохыг дурдсан байна. Гэхдээ тэр дайныг ойрын хугацаанд дуусгах магадлал бага гэж үзжээ. Тэр “Путин одоогийн байдлаар дайныг зогсоох талаар ярихыг хүсэхгүй байна. Тэр Украины энхийн саналуудыг ‘экзотик’ гэж нэрлэж байсан” гэж хэлсэн байна.
Фесенкогийн үзэж байгаагаар, Кремльд одоогийн байдлаар жинхэнэ утгаараа энхийн хэлэлцээ хийх бэлэн байдал хангалттай бүрдээгүй байгаа нь гол асуудал аж.
Вашингтон, Москвагийн харилцаа яагаад муудаж байна вэ?
Скотт Лукас тагнуулын байгууллагуудын удирдагчдын уулзалтыг Москва, Вашингтоны харилцаа муудаж буй нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ. Түүний үзэж байгаагаар Кремль сэтгэл дундуур байгаа шалтгаан нь Трампын засаг захиргааг дахин хэлэлцээний ширээнд суулгах, Украиныг бууж өгөхөд хүргэх, Украины нутаг дэвсгэрээс илүү ихийг авах, Украиныг сулруулах, Киевт бодитой аюулгүй байдлын баталгаа өгөхгүй байх гэсэн Оросын хүсэл зорилгууд хэрэгжихгүй байгаатай холбоотой аж.
Лукас “Кремль Америкийн талд өөрийн байр суурийг тулгаж чадна гэдэгтээ итгэлгүй болсон учраас түгшиж байна” гэж хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын засаг захиргааны дотор Украины асуудлаар байр суурийн зөрүү байсаар байгааг онцолсон байна.
Зарим албан тушаалтан Кремльд илүү нааштай хандаж байгаа бол бусад нь Украины аюулгүй байдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Эх сурвалж: DW