АНУ-ын эрх баригчид Хятадтай холбоотой хакерын ажиллагааг таслан зогсоосноо лхагва гарагт мэдэгдэв. Тус ажиллагааны хүрээнд АНУ-ын Хууль зүйн яам, NASA, Холбооны нөөцийн систем (Federal Reserve), Сенат болон бусад төрийн байгууллагын сүлжээнд нэвтрэх оролдлого хийж, зарим тохиолдолд амжилттай нэвтэрсэн байна.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, уг ажиллагаанд ашиглагдсан QScan болон QTRouter нэртэй хакерын хоёр платформын ашиглаж байсан домэйнүүдийг эрх баригчид хураан авчээ.

Хууль зүйн яамны шүүхэд гаргасан мэдүүлэгт дурдсанаар, хакеруудын бай болсон байгууллагуудын дунд АНУ-ын Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний яам, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH), мөн АНУ болон Өмнөд Солонгосын нэрийг нь дурдаагүй дөрвөн компани багтжээ.

Хятадын компани төрийн байгууллагуудтай холбоотой байжээ

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр, дээрх хакерын платформуудыг Хятадад төвтэй Nanjing Xinjiuwei Network Technology Company компани ажиллуулдаг байжээ.

Америкийн тал тус компанийн үйлчлүүлэгчдийн дунд Хятадын иргэний тагнуулын байгууллага болох Төрийн аюулгүй байдлын яам (MSS) болон Хятадын Ардын чөлөөлөх арми (PLA) багтдаг гэж мэдэгдсэн байна.

Харин Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч уг мэдэгдэлтэй холбоотой тодорхой мэдээлэлтэй танилцаагүйгээ хэлээд, Хятадын засгийн газар бүх төрлийн кибер халдлагыг эрс эсэргүүцэж, хуулийн дагуу тэмцдэг гэж мэдэгджээ.

Мөн Хятадын тал "АНУ кибер аюулгүй байдлын асуудлыг ашиглан Хятадыг “гутаан харлуулах, нэр хүндэд нь халдах” оролдлого хийж байна" хэмээн буруутгасан байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын ойлголтыг хэт өргөн хүрээнд ашиглаж, Хятадын компаниудад ялгавартай хязгаарлалт тавихыг Бээжин эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Халдлагын ажиллагаа 2018 оноос эхэлсэн гэж үзэж байна

АНУ-ын эрх баригчдын шүүхэд гаргасан мэдүүлэгт дурдсанаар, хакерууд 2018 оноос хойш АНУ болон дэлхийн бусад орнуудын чухал дэд бүтэц, чухал сүлжээнүүдэд нэвтрэх зорилгоор өөрсдийн боловсруулсан хэрэгслүүдийг ашиглаж иржээ.

Гэхдээ бүх халдлага амжилттай болоогүй байна. Тухайлбал, 2019 оны наймдугаар сард хакерууд виртуал хувийн сүлжээ буюу VPN-ийн эмзэг байдлыг ашиглан NASA-гийн сүлжээнд нэвтрэхийг оролдсон ч амжилтад хүрээгүй талаар мэдүүлэгт дурджээ.

Харин 2024 оны есдүгээр сард АНУ-ын Эрчим хүчний яамны харъяа гурван лаборатори, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яамны нэрийг нь дурдаагүй нэг байгууллага болон АНУ-ын аюулгүй байдлын төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн сүлжээнд нэвтэрсэн байна.

Мөн Холбооны мөрдөх товчоо (FBI), Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA), АНУ-ын Кибер командлалын Кибер үндэсний ажиллагааны хүчин (CNMF) хамтран гаргасан зөвлөмжид хакерууд олон жилийн турш явуулсан хэд хэдэн ажиллагааг дурджээ.

Үүний дотор 2024 оны тавдугаар сард нэрийг нь дурдаагүй батлан хамгаалахын гэрээт компаниуд, санхүүгийн байгууллагууд болон их сургуулиудын сүлжээнээс мэдээлэл хулгайлсан тохиолдлууд багтжээ.

Сенатын сүлжээнд ч нэвтрэхийг оролджээ

Хакерууд мөн 2026 оны гуравдугаар сард АНУ-ын Сенат болон тус улсын нэгэн эмнэлгийн сүлжээнд нэвтрэх боломжийг хайж, эмзэг байдлыг нь шалгасан байна. Гэвч эдгээр оролдлого амжилтгүй болсон гэж АНУ-ын эрх баригчид мэдээлжээ.

NASA тодорхой кибер халдлагын талаар тайлбар өгөхгүй гэсэн бол Эрүүл мэнд, нйигмийн үйлчилгээний яам уг асуудлаар Хууль зүйн яаманд хандахыг хүссэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятадтай холбоотой хакерын бүлгүүд АНУ-ын төрийн болон хувийн хэвшлийн олон эмзэг сүлжээнд халдсан тохиолдол бүртгэгдсээр байгаа аж. Тухайлбал,

2026 оны гуравдугаар сард FBI Конгресст мэдэгдэл хүргүүлж, мөрдөн шалгаж буй хүмүүстэй холбоотой мэдээлэл хадгалдаг зарим байгууллагын сүлжээнд хакерууд нэвтэрсэн талаар мэдээлжээ. Дараа нь хэвлэлүүд уг халдлагыг Хятадтай холбоотой байж болзошгүй гэж мэдээлсэн байна.

Мөн Хятадтай холбоотой хакерууд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын зарим хорооны сүлжээ, түүнчлэн сүүлийн жилүүдэд томоохон харилцаа холбооны компаниудын системд халдсан хэрэгт холбогдож байжээ.

Хятадын төрийн байгууллагуудын нэрийн өмнөөс ажилладаг компаниуд олширч байна

Хятадын кибер ажиллагааг судалдаг мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хувийн компаниуд Хятадын төрийн янз бүрийн байгууллагын нэрийн өмнөөс өндөр түвшний кибер халдлага, нэвтрэлтийн ажиллагааг тогтмол гүйцэтгэдэг байна.

Кибер аюулгүй байдлын SentinelOne компанийн Хятад судлаач Дакота Кэри “Сүүлийн арван жилийн хугацаанд тусгай чиглэлээр довтолгооны кибер үйлчилгээ санал болгодог компаниудын тоо эрс нэмэгдсэн” гэж хэлжээ. 

Эх сурвалж: REUTERS