“Хүнсний баталгаат байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, хөрсний эрүүл мэндийг сайжруулахын төлөө тал хээр, бэлчээрийг нөхөн сэргээх нь” сэдэвт хэлэлцүүлэг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр бүсэд үргэлжилж байна.
Хэлэлцүүлгээр дэлхийн хүнсний тогтолцооны ирээдүй, хөрсний эрүүл мэнд, усны нөөцийн зохистой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдал, малчин болон тариаланчдын амьжиргаа, тогтвортой хөгжлийн шийдэл зэрэг асуудлыг хэлэлцэж, улс орнуудын бодлого, туршлага, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хөндөж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дэлхийн хөдөө аж ахуйн газрын бараг гуравны нэг нь доройтолд орсон бөгөөд 2050 он гэхэд дэлхийн хүнсний эрэлт ойролцоогоор 50 хувиар өсөх төлөвтэй байгааг онцоллоо.
Энэ нөхцөлд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна хөрсний үржил шим, эрүүл байдлыг хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, усны нөөцийг зохистой ашиглах нь хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл болж буйг оролцогчид онцолж байна.
Мөн COP16-аар баталсан Эр-Риядын үйл ажиллагааны төлөвлөгөө нь газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, хөрсний эрүүл мэндийг хүнсний тогтолцоо, усны менежмент болон биологийн олон янз байдлын хамгаалалттай уялдуулах тодорхой чиглэлийг тодорхойлсныг хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.

Монгол Улс тал хээрийн тогтвортой менежментийг тэргүүлэх чиглэл болгож байна
Монгол Улс COP17-ын даргалагч орны хувьд хөрсний эрүүл мэндийг хүнсний тогтолцооны шинэчлэлийн салшгүй хэсэг болгох, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд манлайлан ажиллах зорилтоо тодорхойлж байна.
Энэ хүрээнд Монгол Улс COP17-ын үеэр Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус төлөвлөгөөний хүрээнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус ба газрын тэргүүлэх санаачилга
- Байгальд суурилсан шийдлийн тэргүүлэх санаачилга зэрэг чиглэлийг баримтлахыг зорьж байна.
Эдгээр санаачилга нь газар, ус, хүнсний тогтолцоо болон хүний амьжиргааг тус тусад нь бус, харилцан уялдаатайгаар авч үзсэн тогтвортой хөгжлийн цогц загвар гэдгээрээ онцлог юм.
Хөрсийг хамгаалахад иргэдийн оролцоо хамгийн чухал

Хэлэлцүүлэгт оролцогчид хөрс хамгаалал, газрын нөхөн сэргээлтийн бодлогыг зөвхөн төр, мэргэжлийн байгууллагын түвшинд бус, тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байлаа.
Тэдний зүгээс уугуул иргэд, тэр дундаа малчин өрх, залуучууд нь газар нутаг, бэлчээр, хөрсийг өдөр тутамдаа ашиглаж, хамгаалж байдаг анхан шатны гол оролцогчид учраас тэдний мэдлэг, туршлага, оролцоог бодлого шийдвэрт тусгаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.
Мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж байж байгаль орчноо хамгаалах бодит боломж бүрдэнэ гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Өөрөөр хэлбэл, хөрс хамгаалал, нөхөн сэргээлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, иргэдийн орлого, ажлын байр, хүнсний хүртээмж, амьдралын чанартай шууд холбоотой асуудал юм.

Эрүүл хөрс → эрүүл хүнс → тогтвортой бизнес
Хэлэлцүүлгийн үеэр хөрсийг хамгаалж, үржил шимийг нь нэмэгдүүлснээр эрүүл, чанартай хүнс үйлдвэрлэх боломж нэмэгдэж, улмаар зах зээлийн эрэлт, үйлдвэрлэлийн үр ашиг өсөх боломжтой гэдгийг бизнесийн салбарын төлөөлөл онцолж байлаа.
Тиймээс хөрс хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуй нь зөвхөн экологийн асуудал бус, эдийн засгийн шинэ боломж болж байгааг оролцогчид тэмдэглэв.
Энэ чиглэлд хувийн хэвшлийн сонирхол нэмэгдэж, банк, санхүүгийн байгууллагаас зээл, хөрөнгө оруулалт хүсэж буй аж ахуйн нэгжүүдийн дунд тогтвортой хөдөө аж ахуй, хөрс хамгаалал, байгальд ээлтэй үйлдвэрлэлтэй холбоотой төсөл, санаачилга нэмэгдэж байгаа талаар мөн ярилцлаа.
Ийнхүү хөрсөө хамгаалах, бэлчээрээ нөхөн сэргээх, усны нөөцөө зөв ашиглахын зэрэгцээ малчин, тариаланчдын амьжиргааг дээшлүүлэх нь тогтвортой хөгжлийн харилцан уялдаатай нэг цогц зорилго гэдгийг COP17-ын хэлэлцүүлэг онцолж байна.