Норвегийн бригадын генерал Атле Молде "Украинд өрнөж буйтай адил цар хүрээ, эрчимтэй, удаан үргэлжлэх зөрчилдөөнд нийгмийн бүх түвшинд бэлтгэгдсэн барууны улс одоогийн байдлаар байхгүй" гэж мэдэгдсэнийг Business Insider мэдээлжээ. Тэрбээр Украины цэргийн алба хаагчдыг сургах үүрэг бүхий Норвегийн цэргийн бүлгийг командалдаг аж.
Молде “Нийгмийн бүх түвшинд бэлэн байх шаардлагатай. Одоогийн байдлаар бид бэлэн биш байна. Барууны аль ч улс бэлэн биш” хэмээн хэлжээ.
Түүний үзэж буйгаар, Украины дайн Норвеги болон барууны бусад оронд өгч буй гол сургамжийн нэг нь зөвхөн зэвсэгт хүчнээ бус, төрийн байгууллага, батлан хамгаалахын үйлдвэрлэл, нийт нийгмээ урьдчилан бэлтгэх шаардлагатайг харуулсан явдал аж.
Норвегийн цэргийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, удаан үргэлжилж буй байлдааны ажиллагаа нь их хэмжээний хохирол амсахын зэрэгцээ зэвсэг техник, хүний нөөцийг тасралтгүй нөхөн бүрдүүлэх шаардлагатай элэгдлийн дайнд улс орнууд хэр зэрэг бэлтгэлтэй байх ёстойг харуулж буй юм байна.
Ялангуяа хүн ам, нөөц боломжийн хувьд харьцангуй бага улс орнуудын хувьд ийм төрлийн удаан үргэлжилсэн дайн нь томоохон сорилт болдог аж.
Мөн Норвеги улс Украины дайны туршлагыг идэвхтэй судалж, орчин үеийн байлдааны нөхцөлд өөрийн зэвсэгт хүчний чадавхыг шинэчилж буй юм байна. Үүнд дрон олноор ашиглах, агаарын довтолгооноос хамгаалах систем болон радио-электрон тэмцлийн хэрэгслийн хэрэглээ зэрэг багтжээ.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова долдугаар сарын 27-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Европын орнууд цэрэгжилтээ эрчимжүүлснээр “аюултай зааг"-т ойртож байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр Европын орнууд цэрэгжилтэд анхаарч, Украиныг дэмжих шаардлагыг иргэддээ тайлбарлахыг оролдож буй ч энх тайван, тогтвортой байдлын эмзэг байдлыг хүмүүс улам бүр ойлгож байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Захарова “Өнөөдөр эрсдэл маш өндөр түвшинд хүрээд байна” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: TASS