Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн “Монгол Улсын байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээ нь газрын хариуцлагатай менежмент, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг цогцлоох чухал хэрэгсэл” болохыг онцоллоо.

101 зөвлөмжөөр байгаль орчны бодлого, засаглалыг сайжруулахыг зөвлөв

Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комиссын Байгаль орчны гүйцэтгэлийн үнэлгээний хөтөлбөрийн хүрээнд боловсруулж, баталсан байна.

Тус үнэлгээгээр 2018 онд хийгдсэн анхдугаар үнэлгээнээс хойших ахиц дэвшлийг дүгнэж, байгаль орчны засаглал, гүйцэтгэлийг сайжруулах, байгаль орчны асуудлыг салбарын бодлого, төлөвлөлттэй уялдуулах чиглэлээр 101 зөвлөмж боловсруулжээ.

Тайлангийн зөвлөмжүүд нь газрын тогтвортой менежментийг бэхжүүлэх, экосистемийг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт болон зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, усны аюулгүй байдлыг хангах, байгальд суурилсан шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд чиглэж байна.

May be an image of one or more people and text that says 'SUU United UnitedNations Nations Conventiont to Combat Desertification UNCCD COP17 ULAANBAATAR2026 ULA ULAANBAATAR 2026 LAND'

Газрын тогтвортой менежментийг бэхжүүлэх шаардлагатай

Үнэлгээний хүрээнд газрын тухай хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, яам хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, газрын удирдлагын нэгдсэн мэдээллийн системийг хөгжүүлэхийг зөвлөжээ.

Мөн аймаг, орон нутгийн түвшинд газрын доройтолтой тэмцэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газрын тогтвортой ашиглалтыг дэмжих эдийн засаг, бодлогын хөшүүргийг бий болгох, хөрс хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг онцолсон байна.

Түүнчлэн салбарын болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд бэлчээрийн зохистой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг тусгахыг зөвлөжээ.

Байгальд суурилсан шийдлийг бодлого, төлөвлөлтөд түлхүү тусгахыг зөвлөв

Байгальд суурилсан шийдлүүдийг салбарын бодлого, төлөвлөлтөд өргөн хүрээнд нэвтрүүлэх шаардлагатайг тайланд дурдсан байна.

Тухайлбал, намгархаг газрын экосистем болон усны горимыг сэргээх, бэлчээрийн зохистой менежментийг бэхжүүлэх, ой болон экосистемийг хамгаалах, мөн экосистемд суурилсан үерийн эрсдэлийн менежментийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.

Байгаль орчны мэдээлэл, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай

Мөн ил тод, хүртээмжтэй байгаль орчны засаглалыг бэхжүүлэх хүрээнд байгаль орчны мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог хангах шаардлагатайг онцолсон байна.

Үүний зэрэгцээ газар, ус, уул уурхай, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, экосистемийн нөхөн сэргээлттэй холбоотой асуудлаар иргэд, олон нийт шүүх болон эрх бүхий байгууллагаар дамжуулан шударга ёсны үйлчилгээ авах боломжийг нээлттэй, хүртээмжтэй болгох шаардлагатайг дурджээ.

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулжээ

May be an image of text that says 'UNCCD COP17 LAANBAATAR 2026 회 சலலைகர MINISTRY MINISTRYOFENVIRONMENT OF ENVIRONMENT AND ANDCLIMATECHAN CLIMATE CHANGE United Nation convention: Deser Desertification mication D ENVIRONMENTAL PERFORMANCE REVIEW OF MON IG LAND G HOPE'

Монгол Улсын Байгаль орчны гүйцэтгэлийн хоёр дахь удаагийн үнэлгээг Бүгд Найрамдах Австри Улс, Швейцарь Улсын санхүүгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан байна.

Үнэлгээг Франц, Нидерланд Улсын шинжээчид болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мэргэжилтнүүд гүйцэтгэж, Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд мэргэжлийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлжээ.

Тайлангийн нээлтийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын “Газрын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж, Монгол Улсын байгаль орчны салбарын ололт амжилт болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтыг танилцууллаа.