АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент наймдугаар сарын 24-нд “Operation Economic Outcast” буюу “Эдийн засгийн гадуурхлын ажиллагаа” хэмээх шинэ санаачилгаа танилцуулахдаа Ирантай бизнесийн харилцаагаа зогсоохоос татгалзсан улс орнуудад хүндхэн шинэ хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлжээ.
Гэхдээ тэр энэ ажиллагаа амжилттай болох эсэхийг шийдэх гол улсыг нэрлэсэнгүй. Тэр бол Хятад.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс олон жилийн турш Тегераны эдийн засгийн амьдралын гол түшиц байсаар ирсэн. Тус улс Ираны газрын тосны экспортын дийлэнх хэсгийг худалдан авдаг. Өнгөрсөн онд энэ худалдааны хэмжээ хэдэн арван тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс гадна хоёр улсын хооронд бусад төрлийн худалдаа ч өргөн хүрээнд явагддаг.
Бараг зургаан сар үргэлжилсэн дайны дараа ч буулт хийхээс татгалзсан Ираны удирдлагад дарамт үзүүлэх Цагаан ордны хамгийн сүүлийн оролдлогод Хятадыг татан оролцуулах маш хүнд зорилт байх бололтой.
Бээжин АНУ-ын нэг талын хоригийг эрс эсэргүүцэж байна
Бээжин АНУ-ын “нэг талын” хориг арга хэмжээг эрс эсэргүүцдэг. Иран, Орос зэрэг улс орнуудтай хэвийн худалдаа хийх эрхтэйгээ олон жилийн турш хамгаалсаар иржээ.
Хятад "Вашингтон Ираны эсрэг дарамтаа нэмэгдүүлснээр хоёр улсын эдийн засагт хохирол учруулах өргөн хүрээний эдийн засгийн сөргөлдөөн үүсгэхээс болгоомжилно" гэж үзэж байна. Ялангуяа АНУ-ын завсрын сонгууль болох гэж буй энэ үед ийм алхам Вашингтонд эрсдэлтэй аж.
Мягмар гарагт Бессентийн хэвлэлийн бага хурлын дараа Хятадын Гадаад хэргийн яам АНУ-ын хоригийн заналхийллийн эсрэг өөрийн “хууль ёсны эрх, ашиг сонирхлыг” хамгаалахын тулд “шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдэв.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь “Эдийн засгийн дайн болон дээд зэргийн дарамт нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Харин ч хурцадмал байдал, зөрчилдөөнийг улам нэмэгдүүлж, сөрөг нөлөө бүхий эрсдэлийг бий болгон, дэлхийн эдийн засаг, санхүүгийн дэг журмыг алдагдуулна” гэжээ.
Бессентийн заналхийлэл нь мөн Хятадын удирдагч Ши Жиньпин ирэх сард АНУ-д хийхээр хүлээгдэж буй айлчлалын өмнө гарав. Тэр үеэр хоёр тал энэ оны намар дуусах гэж буй чухал худалдааны түр эвлэрлийг сунгах асуудлаар ахиц гаргаж магадгүй аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь тавдугаар сард Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Ираны асуудлаар түүнээс “ямар нэгэн тусламж хүсээгүй” гэж мэдэгдэж байсан. Хэрэв энэ үнэн бол Бээжин үүнийг Вашингтон дайныг зогсоох гэж цөхрөнгөө барж байгаагийн илрэл гэж хүлээж авах магадлалтай.
Вашингтон одоо юу хийж чадах вэ?
Одоо хоёр талын өмнө Бессентийн нэрлэсэн “чимээгүй дипломат ажиллагаа”-г хэрхэн явуулах вэ гэсэн нарийн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, АНУ-ын Сангийн яам Ирантай эдийн засгийн харилцаатай улс орнуудад хаалттай сувгаар шаардлага, ультиматум тавих тухай ярьж буй аж. Гэхдээ Бессент хэвлэлийн бага хурлын үеэр аль улс орнуудыг онилохоо тодорхой нэрлээгүй байна.
Хятадын шинжээчид Вашингтоны шаардлагыг Бээжин хүлээн авах боломж маш хязгаарлагдмал гэж үзэж буй ажээ. Шанхайн Олон улсын судалгааны хүрээлэнгийн Олон улсын стратеги, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн захирал Жао Лун “Вашингтон Хятадын компаниуд гуравдагч орнуудтай ямар бараа, үйлчилгээг хууль ёсоор худалдаалж болохыг шийддэг нөхцөл байдлыг Хятад хүлээн зөвшөөрөх магадлал бага” гэж хэлжээ.
Түүний хэлснээр, ийм зүйл тохиолдвол АНУ-ын хоёр дахь хориг арга хэмжээ Хятад улс гуравдагч орнуудтай хэрхэн худалдаа хийхийг үр дүнтэйгээр тодорхойлж чадна гэсэн аюултай жишиг тогтох нь.
Вашингтон Хятадад хэрхэн дарамт үзүүлж болох вэ?
Хятад улс Ираны газрын тосыг АНУ-ын долларын систем болон хориг арга хэмжээнээс зориудаар тусгаарлагдсан сүүдрийн системээр импортолдог. Тодруулбал, “teapot refinery” гэж нэрлэгддэг хувийн жижиг боловсруулах үйлдвэрүүд АНУ-ын хоригт орсон Ираны түүхий нефтийг худалдан авч боловсруулдаг байна.
Тэдгээр үйлдвэрүүд нь олон улсын хяналт, эрсдэлээс харьцангуй тусгаарлагдсан боомт, санхүүгийн байгууллага, танкеруудын сүлжээнд түшиглэдэг ажээ.
АНУ-ын хориг арга хэмжээг Трампын анхны засаг захиргаа Ираны цөмийн хэлэлцээрээс гарч, Ираны эсрэг хоригийг дахин сэргээснээс хойш Хятад улс эдгээр худалдан авалтаа албан ёсны бүртгэлд хэдэн жилийн турш тусгаагүй байна. Гэвч шинжээчид "Хятадад дарамт үзүүлэх эмзэг цэгүүд бий" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Вашингтонд төвтэй Ардчиллыг хамгаалах сангийн судалгааны ахлах шинжээч Макс Мейзлиш “Эдгээр байгууллагуудын өмчлөлийн бүтцийг дээш нь хөөж үзвэл олонх нь АНУ-ын долларын системтэй нягт холбогдсон Хятадын төрийн өмчит томоохон байгууллагуудын шууд болон шууд бус эзэмшилд байдаг” гэж тайлбарласан аж.
Түүний хэлснээр АНУ эдгээр компанийн охин компаниудад хориг тавьснаар толгой компаниудад дарамт үзүүлж чадах нь. Ингэснээр толгой компаниуд хоригт орсон байгууллагуудыг шууд болон шууд бусаар дэмжиж байна гэж тооцогдох эрсдэлтэй тул тэдгээр харилцаанаасаа татгалзахаас өөр аргагүйд хүрч болзошгүй аж.
Бессент энэ оны эхээр Ирантай холбоотой гүйлгээнд оролцсон гэх үндэслэлээр нэрийг нь дурдаагүй Хятадын хоёр банканд Вашингтон анхааруулга өгсөн гэж мэдэгдэж байв.
Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс шаардлагыг биелүүлэхгүй байгаа Хятадын банкууд болон тээврийн компаниудад АНУ ямар арга хэмжээ авах талаар асуухад тэр “Хэн ч АНУ-ын хориг арга хэмжээний дээр байж чадахгүй” гэж хариулжээ.
Хятад ч бас Вашингтонд дарамт үзүүлэх хөшүүрэгтэй
Хэдийгээр Вашингтон хатуу байр суурь илэрхийлж байгаа ч Бээжин АНУ өмнө нь өргөн хүрээтэй хориг тавина гэж сүрдүүлээд, эцэст нь ухарч байсан тохиолдлуудыг харж байсан. Мөн Хятад улс АНУ-ын эдийн засагт хэр их нөлөө үзүүлж чадахаа сайн мэддэг байна.
Ялангуяа дэлхийн стратегийн ач холбогдолтой газрын ховор элементүүдийн нийлүүлэлтийг Хятад асар их хэмжээгээр хянадаг нь Вашингтоны хувьд том эмзэг цэг аж.
Бээжин дэх Цинхуа их сургуулийн Олон улсын аюулгүй байдал, стратегийн төвийн ахлах судлаач Сүн Чэнхао “Хэрэв Вашингтон Хятадын томоохон банкуудад хориг тавих тэр босгыг давбал Бээжин бараг гарцаагүй хариу арга хэмжээ авна. Ингэснээр Трамп, Ши нарын дээд хэмжээний уулзалтын улс төрийн уур амьсгал эрс муудна” гэжээ.
Тэр "Ийм алхам уулзалтыг автоматаар цуцлахгүй байж болох ч дээд хэмжээний уулзалтын зорилгыг тогтворжуулалт хийхээс хохирлыг хязгаарлах руу эрс өөрчилнө" гэж хэлжээ.
Дээд хэмжээний уулзалтыг ч тооцох хэрэгтэй
Хоёр тал хурцадмал байдлыг нэмэгдүүлэх нь удахгүй болох дээд хэмжээний уулзалтад хэрхэн нөлөөлөхийг сайтар тооцох бололтой. Уг уулзалт нь Ши Жиньпиний 11 жилийн дараах АНУ-д хийх анхны төрийн айлчлал болох төлөвтэй.
Бээжин АНУ-ын өөрийнх нь эсэргүүцдэг хоригийн тогтолцоотой хамтран ажиллаж байгаа мэт харагдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ Хятад тодорхой, болгоомжтой алхмууд хийж болно. Тухайлбал:
-Ираны газрын тосны худалдан авалтаа чимээгүйхэн бууруулах;
-Тегеранд хүргэх улс төрийн мессэжээ чангаруулах;
-Ираныг нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалах зэрэг.
-Хятадын Ираны газрын тосны худалдан авалт өнгөрсөн онтой харьцуулахад хэдийнэ эрс буурсан байна. Учир нь, АНУ-ын хэрэгжүүлж буй хориг, бүслэлт Ираны түүхий нефтийн экспортыг хязгаарлажээ.
Хятад, АНУ-ын ашиг сонирхол зарим талаар давхцаж байна
Сүүлийн хэдэн долоо хоногт Хятадын шинжээчид Вашингтон, Бээжингийн ашиг сонирхол зарим талаар давхцаж байгаа талаар мөн ярьжээ. Ялангуяа дайны улмаас хөдөлгөөн нь ноцтой саатсан Ормузын хоолойгоор худалдаа, тээврийн урсгалыг хэвийн болгох, мөн бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээх нь хоёр талд хоёуланд нь ашигтай.
Учир нь, бүс нутгийн тогтвортой байдал нь худалдаа, эдийн засгийн харилцааг сэргээхэд чухал ач холбогдолтой билээ.
Бээжин сүүлийн өдрүүдэд Ормузын хоолойн орчимд хэвийн үйл ажиллагаа, тайван байдлыг сэргээхийг уриалсан байр сууриа дахин илэрхийлжээ.
Даваа гарагт Бээжинд болсон уулзалтын дараа Иорданы хаан II Абдуллатай хамт гаргасан мэдэгдэлдээ Ши Жиньпин Ормузын хоолойгоор “хэвийн зорчих хөдөлгөөнийг” сэргээх, мөн мөргөлдөөнийг “иж бүрэн шийдвэрлэх” шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Мяо Дэюй өнгөрсөн долоо хоногт Бээжинд Ираны албан тушаалтнуудыг хүлээн авахдаа "Хятад улс “энхийн хэлэлцээг дэмжихэд идэвхтэй хүчин чармайлт гаргаж байна” гэж мэдэгджээ.
Бээжин зуучлагч болохыг хүсэхгүй байна
Гэвч Бээжин энэ мөргөлдөөнд шууд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээс болгоомжилж байгаа нь харагдаж буй. Хятад улс өөрийн эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалж, Вашингтоны тогтворгүй, байнга өөрчлөгддөг бодлоготой харьцуулахад бүс нутгийн энх тайвныг дэмждэг тогтвортой хүч гэсэн дүр төрхөө бэхжүүлэхийг илүүд үзэж буй аж
Шанхайн шинжээч Жао "АНУ-тай бүс нутгийн энх тайвныг сэргээх чиглэлээр хамтран ажиллах нь “Трампад тусламж үзүүлж байгаа хэрэг” гэж ойлгогдох ёсгүй. Тэрбээр “Бээжин хямралыг эцэслүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн. Гэхдээ Вашингтоны ‘хамгийн дээд дарамтын’ стратегийн хэрэгсэл болохыг хүсэхгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN