Бээжин АНУ-аас хэрэгжүүлж буй хууль бус, нэг талын хориг арга хэмжээг эрс эсэргүүцжээ. Хятадын Вашингтон дахь ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Чан ТАСС агентлагт "Хятадын компаниудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаална" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Олон улсын эрх зүйн үндэслэлгүй, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр батлагдаагүй хууль бус нэг талын хориг арга хэмжээг бид эрс эсэргүүцэж байна. Хятадын бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаална” гэжээ.
Лю Чан ийнхүү мэдэгдсэн нь АНУ Ираны эсрэг авсан шинэ хориг арга хэмжээний жагсаалтад Хятадын иргэн, хуулийн этгээдүүдийг оруулсантай холбоотой аж.
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг хоригийн жагсаалтад 48 хуулийн этгээд, 24 иргэн, 6 нефтийн танкерыг оруулжээ.
“Хар жагсаалт”-д Азербайжан, Грек, Энэтхэг, Иран, Хятад, Малайз, Маршаллын арлууд, Арабын Нэгдсэн Эмират Улс, Сингапур, Турк, Украин, Франц, Швейцар зэрэг улсын иргэн, компаниуд багтсан байна.
Эх сурвалж: TASS