Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын Ерөнхийлөгч Б.Батцэцэг өчигдөр (2026.08.24) хэвлэл мэдээллийнхэн хандан тайлбар өглөө.  

Тэрбээр "Бид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 бага хурлын хоёр дахь долоо хоногийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Юуны түрүүнд, миний бие эхний долоо хоногийн үйл ажиллагааг товч байдлаар та бүхэнд танилцуулахыг хүсэж байна. Өнгөрсөн долоо хоногт Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын төлөөлөгчид Товчоог сонгох, хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахаас эхлээд Конвенцийн Стратегийн хүрээ, төсөв, хэрэгжилт, шинжлэх ухаан, технологи, түүнчлэн ган гачиг, бэлчээр, мал аж ахуй, элсэн болон шороон шуурга, нүүдэл зэрэг янз бүрийн сэдэвчилсэн асуудлаар гүнзгийрүүлсэн бөгөөд эрчимтэй хэлэлцүүлэг, хэлэлцээг хийлээ.

Бид янз бүрийн байр суурь, тэргүүлэх чиглэлүүд болон өөр өөр үндэслэлүүдийг сонсож, дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй сэдвүүдээр идэвхтэй бөгөөд халуун хэлэлцүүлгүүдийг явууллаа. Бидний өмнө тулгарч буй зарим асуудал нарийн төвөгтэй боловч харилцан яриаг нээлттэй байлгаж, цаашид бодитой бөгөөд тэнцвэртэй арга замыг олоход анхаарлаа илүүтэй төвлөрүүлэв.

COP17-гийн Ерөнхийлөгчийн хувьд миний бие талуудын анхаарлыг татаж буй нийтлэг асуудлуудыг урагшлуулах, мөн олон төрлийн ашиг сонирхлыг нэгтгэх хувилбаруудыг боловсруулахын тулд хэлэлцээнд бүтээлчээр оролцохыг уриалж байна. Үндэсний хэмжээний үйл ажиллагаа, арга хэмжээ нь олон улсын хүчин чармайлттай уялдаж, хамтын үүрэг амлалт, бүтээлч түншлэлээр дэмжигдсэнээр хамгийн ихээр үр дүнд хүрдэг.

Хоёр дахь долоо хоногийн тухайд гэвэл, өнөөдөр Өндөр түвшний үйл ажиллагааны хүрээнд бид Конвенцид нэгдсэн 170 гаруй Талуудын өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч байна. Тухайлбал, 3 улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүс, 70 гаруй сайд, дэд сайд нар, мөн Төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Мөн бидэнтэй хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед болон НҮБ-ын системийн байгууллагууд, олон талт байгаль орчны хэлэлцээрүүд, олон улсын 18 байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид, мөн 25 орны парламентын гишүүд болон хотын дарга нар энд байна.

Талуудын энэхүү идэвхтэй оролцоо нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлыг шийдвэрлэх, бидний амлалтыг утга учиртай үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн шийдвэр төгс байдлыг харууллаа хэмээн би үзэж байна.

Хоёр дахь долоо хоногт сэдэвчилсэн өдрүүд болно. Өнөөдөр бол Санхүүгийн өдөр бөгөөд дараа нь Усны өдөр, Газар ба Хүмүүсийн өдөр, Хүнсний тогтолцоо ба Хөрсний эрүүл байдлын өдөр болно. Эдгээр сэдвээр хийх сайд нарын яриа хэлэлцээ нь улс төрийн түвшинд мэдэгдлүүдээ сайтар боловсруулах, санал бодлоо солилцох боломжийг Талуудад олгоно.

Мөн COP17 нь Бэлчээр, мал аж ахуйн олон улсын жилийн үеэр болж байгааг онцлон тэмдэглэмээр байна. Энэ нь Монгол Улс болон дэлхийн олон орны хувьд онцгой ач холбогдолтой. Энэ нь эрүүл бэлчээр, тогтвортой мал аж ахуй, мал аж ахуй эрхлэгч нийгмийн бүлгүүдийн мэдлэг туршлагад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын зэрэгцээ илүү бат бөх түншлэлийг бий болгож, илүү их хөрөнгө оруулалтыг татах чухал боломж билээ.

Монгол Улс газар, ус, уур амьсгал, биологийн олон янз байдлын хоорондын холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ дэлхийн хэмжээний амлалтуудыг бодит байдал, шинжлэх ухаанд суурилсан, хөрөнгө оруулалтад бэлэн шийдлүүдтэй холбоход туслах зорилгоор “Тал нутгийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү хөтөлбөр бол газрыг нөхөн сэргээх, ган гачигт тэсвэртэй байдлыг сайжруулах, газрын тогтвортой менежмент хийх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар амлалтаа газар дээр нь хэрэгжүүлэхэд чиглэсэн бидний COP17-гийн хүсэл зорилгын илэрхийлэл юм. 

Бага хурлын үлдсэн өдрүүдэд бид маш шаргуу ажиллах хэрэгтэй байна. Харилцан хүндэтгэсэн харилцаа, уян хатан байдал, хамтын ажиллагааны ачаар Улаанбаатарын бага хурал утга учиртай, үр дүнтэй болно гэдэгт би итгэлтэй байна.

COP17-г даргалж байгаагийн хувьд Монгол Улс энэхүү COP17 хурлыг илүү үр дүнд хүргэх үүднээс Талуудыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлье" гэв.