Монгол Улсын 10 гаруй иргэн 2025 оноос хойш зээрийн шагай, зэрлэг ан амьтны мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн болон амьтны сэг зэмийг БНХАУ-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдож, 4-10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол бүртгэгдсэн байна.
БНХАУ-д монгол зээр улсын I зэрэглэлийн хамгаалалттай зэрлэг амьтан бөгөөд түүний шагай, яс, эвэр, арьс, мах зэрэг аливаа хэсгийг ердийн эд зүйл бус, хамгаалалттай зэрлэг амьтны гаралтай бүтээгдэхүүнд тооцдог.
Монгол Улсад тухайн зүйлийг хадгалах, авч явахыг хориглодоггүй байж болох ч БНХАУ-ын хилээр нэвтэрсэн мөчөөс тус улсын хууль тогтоомж үйлчилдэг байна.
“Бэлгэнд авсан”, “дурсгалын зүйл”, “худалдах зорилгогүй”, “бусдын дайвар ачаа”, “дотор нь юу байсныг мэдээгүй” гэх тайлбар нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байж болох аж.
Иймд Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газраас БНХАУ-д зорчих Монгол Улсын иргэдэд дараах сэрэмжлүүлгийг онцгойлон анхааруулж гаргасан байна. Үүнд:
-Зээр болон бусад зэрлэг ан амьтны шагай, мах, арьс, эвэр, туурай, яс, эд эрхтэн, сэг зэмийг авч явахгүй байх;
-Бусдын өгсөн уут, хайрцаг, дайвар ачааг агуулгыг нь шалгалгүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байх;
-Тээврийн хэрэгслийн бүхээг, тээш, ачааны хэсэгт хориотой болон хязгаарласан зүйл байгаа эсэхийг хил нэвтрэхээс өмнө сайтар шалгах;
-Гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай эд зүйл, бэлэг дурсгалын зүйл худалдан авахгүй, тээвэрлэхгүй байх;
-Эргэлзээтэй эд зүйл байгаа бол хил нэвтрэхээс өмнө гааль, хилийн холбогдох байгууллагаас заавал тодруулах.

Нэг ширхэг шагай, нэг уут мах, эсхүл бусдын дайвар ачаа ч таныг эрүүгийн хэрэгт холбогдуулж, олон жилийн хорих ялд хүргэж болзошгүй ажээ.
ӨӨРӨӨ БҮҮ АВЧ ЯВ.
БУСДЫН АЧААГ БҮҮ ДАМЖУУЛ.
ХИЛЭЭР БҮҮ НЭВТРҮҮЛ.
Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР