Үндэсний тодорхойлсон хувь нэмэр ба газрын доройтлын асуудлыг хэлэлцлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Намхайринчэн хурлыг нээхийн өмнө тус хэлэлцүүлгийн гол зохион байгуулагчаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг 2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал ажиллаж байсныг онцлоод түүнийг дурсан, гүн эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлэв.

М.Намхайринчэн "Үндэсний тодорхойлсон хувь нэмэр /ҮТХН/ нь улс орнуудын үндэсний хэмжээнд хүлээсэн уур амьсгалын амлалтдаа тогтвортой газрын менежмент, экосистемийн нөхөн сэргээлт, газарт суурилсан уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон түүнд дасан зохицох арга хэмжээг тусгах суурь болдог.
Улс орнууд шинэчилсэн ҮТХН-дээ тусгасан эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг сайжруулснаар Газрын доройтлыг тэглэх зорилтыг биелүүлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын үйл ажиллагааны уялдааг хангах боломжтой.
Энэхүү арга хэмжээ нь Төв Азийн улс орнууд болон Монгол Улс газрын доройтол болон цөлжилтийн асуудлыг Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт хэрхэн тусгаж байгааг хэлэлцэх зорилготой.
Ази тивийн газар нутгийн ихэнх хэсэгт уур амьсгалын өөрчлөлт болон зохисгүй газар ашиглалтын улмаас элс, шороон шуурга, мөсөн голын хайлалт, усны хомсдол, хөрсний давсжилт зэрэг асуудлууд улам даамжирч байгаа тул эдгээр асуудлуудыг шинэчилсэн ҮТХН-үүд болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө бүрд зохих ёсоор тусгах шаардлагатай.
Байгальд суурилсан шийдэл болон уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээнүүдийн давхар үр ашигт онцгой анхаарал хандуулах болно" гэж онцлов.

Монгол Улс Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0), Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Газрын доройтлыг тэглэх үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байна.
ҮТХН болон түүнтэй холбоотой баримт бичгүүдийг шинэчлэхэд газрын доройтол, нөхөн сэргээлтийн асуудалд онцгойлон анхаарч, шинжлэх ухаанд суурилсан зөвлөмжүүд гаргахад хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байгаа аж.