“Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-ийн хүлээнд “Байгаль орчны үр дүнд чиглэсэн төрийн санхүүжилтийн шинэчлэл” сэдэвт хуралдаан боллоо. Хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцов.
Газар нутгийг тусгайлан хамгаалах нь газрын доройтолтой тэмцэх, бууруулахад хамгийн чухал, шалгарсан арга хэрэгслүүдийн нэг нь болдог. Монгол Улс газар нутгийн 30 хувиа хамгаалах үүрэг амлалттай. Энэ хүрээнд шат дараалсан алхмуудыг хэрэгжүүлж байгаа аж.
Мөн 32 жил хэрэгжиж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн найруулж, энэ намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөснийг онцоллоо. Энэ хууль батлагдсаар Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн тогтолцоо бүхэлдээ шинэчлэгдэх эрхзүйн орчин бүрдэнэ үзэж буй ажээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар санхүүжилттэй холбогдох 3 тусгайлсан журам батлагдана. Энэхүү журмууд нь Байгаль орчны асуудал эрхэлсэн болон Төсөв санхүүгийн асуудал эрхэлсэн сайдууд хамтран батлах тул хэрэгжихүйц, төсвийн санхүүжилтийн харилцааг шинэ шатанд гаргасан зохицуулалт болно.
Түүнчлэн зөвхөн яамны харьяа улсын төсөвт төрийн захиргааны байгууллагуудын санхүүжилтийг хариуцдаг байсан. Одоо хамгаалалтын захиргааны статус үл хамааран орон нутгийн өмчит байгууллага, төрийн бус байгууллагын аль аль нь хамгааллын үйл ажиллагааны үр дүнд үндэслэн үр дүнгийн санхүүжилт, суурь зардал олгодог шинэ харилцаа үүсгэх нь энэ шинэчилсэн найруулгын хамгийн онцлог юм.

Ингэснээр хамгаалалтын захиргаад өөрийн орлогоо захиран зарцуулах боломж үүсэхээр байгаа. Техникийн чадавхын бэлэн байдал гэхээс илүү тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны үр дүнг яаж хэмжих, менежментийн төлөвлөгөөг илүү бодитой хэрэгжихүйц байдлаар төлөвлөх нь чухал.
Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хамтран “Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог байгаль орчны салбарт нэвтрүүлэх”-ээр ажиллаж байна гэдгийг тодотгов.

Мөн Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, тусгай хамгаалалтын, ойн, усны сав газрын зэрэг төлөвлөгөөний хүрээнд санхүүжүүлэлтийн хүрээнд хуралд оролцогчдын асуултад хариулт өгч, хэлэлцүүллээ.