УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, иргэдийн орлогыг хамгаалах, шатахуун болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Хуралдааны үеэр АН-ын дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар мэдээлэл хийж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт өгөөд, шийдэл гаргах зорилгоор УИХ-ын тогтоолын төсөл санаачилснаа танилцуулав.

О.Цогтгэрэл: Зөвхөн шүүмжлэх биш, гарц шийдэл гаргах ёстой

АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, сүүлийн үед улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай холбоотой хүндрэлүүд нэмэгдэж буйг онцлоод, эрх баригчид асуудлын шалтгааныг зөвхөн гадаад нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгааг шүүмжлэв.

Түүний хэлснээр, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг зөвхөн олон улсын зах зээлийн нөхцөлөөр тайлбарлах боломжгүй бөгөөд дотоодын эдийн засгийн бодлогын алдаа, төсвийн зохицуулалттай холбоотой асуудлыг давхар авч үзэх шаардлагатай аж.

Тэрбээр “Муу засаг удах тусам юу болдгийг та бүхэн харж байна. Тиймээс бид зөвхөн шүүмжлэхгүйгээр шийдэл гаргах үүднээс УИХ-ын тогтоолын төслийг санаачилж, ээлжит бусаар УИХ-ын чуулган хуралдах ёстой” хэмээн хэлэв.

Мөн УИХ дахь АН-ын бүлэг иргэдийн орлогыг хамгаалах, шатахуун болон эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн санал боловсруулсан талаар мэдээллээ. Үүний нэг нь НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь хүртэл бууруулах асуудал аж.

“Гуравдагч хөршөөс шатахуун авахын тулд тээвэр ложистикийн асуудлаа шийдэх хэрэгтэй”

Шатахууны нийлүүлэлтийн асуудлаар О.Цогтгэрэл Монгол Улс гуравдагч зах зээлээс шатахуун авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө тээвэр, ложистикийн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлэв.

Тэрбээр “Гуравдагч хөршөөс бензин, шатахуун оруулж ирэхийн тулд тээвэр ложистикийн асуудлаа шийдэж чадсан уу. БНХАУ-аас 10 вагон шатахуун ирэхэд ачиж, буулгах анги байхгүй, тээвэр ложистик нь байхгүй” хэмээн асуудлыг хөндөв. Мөн БНХАУ-аас Монгол Улсад ирж буй ачаа барааг Замын-Үүд, Эрээн дэх шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадалтай уялдуулан шийдвэрлэх шаардлагатайг дурдсан.

О.Цогтгэрэл Эрээн–Замын-Үүд–Улаанбаатарын чиглэлд нарийн царигийн төмөр замын асуудлыг дахин авч үзэх шаардлагатай гэж байр сууриа илэрхийлсэн.

Түүний үзэж буйгаар, Замын-Үүд–Эрээн–Чойр–Багахангай чиглэлд тээвэр, ложистикийн сүлжээг төмөр замын царигийн асуудалтай уялдуулан шийдвэрлэвэл зөвхөн шатахууны нийлүүлэлтээс гадна өргөн хүрээний тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх боломжтой аж.

Б.Жаргалан: Төсвийн алдагдлыг бүрэн арилгах шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Жаргалан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, сүүлийн жилүүдийн үнийн өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэн нь зөвхөн олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүний хэлснээр, Монгол Улс 2026 оны эхний долоон сарын байдлаар 12 тэрбум ам.долларын экспорт хийсэн нь ойролцоогоор 44 их наяд төгрөгтэй тэнцэнэ.

Иймээс гадаад зах зээл дээр нүүрс, зэс зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгаа энэ үед эдийн засгийн дотоод бодлого, төсвийн зохицуулалтад алдаа гаргасан эсэхийг авч үзэх шаардлагатай гэж тэрбээр үзэж байгаа аж.

УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны төсвийн алдагдлыг бүрэн арилгах хэмжээний тодотгол хийх шаардлагатай гэж үзэж буй юм байна.

Б.Жаргалан “Өнөөдөр 2.4 их наяд төгрөг хүрсэн байна. Тэгэхээр 1.4 их наядын төсвийн тодотгол хангалтгүй юм. Бидний хувьд төсвийн алдагдлыг бүрмөсөн арилгаж, тодотгол хийх шаардлагыг хэлэлцлээ” гэв.

Мөн 2027 оны төсвийг боловсруулахдаа иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгох саналыг гаргажээ.

Шатахуун, эрчим хүчний аюулгүй байдлыг онцлов

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар шатахууны нөөц, түгээлтийн асуудлаар шуурхай төлөвлөгөө боловсруулж, олон нийтэд танилцуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн өвлийн улирал ойртож байгаатай холбоотойгоор эрчим хүчний хангамжид үүсэж болзошгүй доголдлоос урьдчилан сэргийлэх, нийлүүлэлтийн шокийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ.

Цаашид шатахуун болон бусад стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гадаад орчноос үүдсэн эрсдэл үүсэхээс сэргийлж, тээвэр ложистик, дэд бүтцийн урт хугацааны шийдэл хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

АН “Өөрчилье” үндэсний хөдөлгөөн эхлүүлнэ

Мөн АН-ын дарга О.Цогтгэрэл ирэх долоо хоногийн даваа гаргаас эхлэн улс орон даяар “Өөрчилье” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.

Тус хөдөлгөөний хүрээнд салбар бүрийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ямар ажил бүтэж байгаа, ямар асуудал шийдэгдээгүй байгаа, цаашид ямар өөрчлөлт хийх шаардлагатай талаар олон нийт, иргэний нийгэмтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

О.Цогтгэрэл “Болж байгаа салбар, бүтэж байгаа ажил байна уу. Хэрвээ байхгүй бол өөрчлөлт хийх санал, шийдлүүдийг гаргая. Энийг Ардчилсан нам бодлогын баримт бичгийн түвшинд улс даяар олон нийт, иргэний нийгэм рүүгээ хандан бодит ажил болгож хийнэ” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн намын бүлгийн гишүүдийн байр суурь, хариуцлагын асуудлыг хуулийн болон намын холбогдох журмын хүрээнд шийдвэрлүүлэх санал тавихаа хэлэв.

Нийслэлийн төсөвт хяналт тавих шаардлагатай гэв

Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлаар О.Цогтгэрэл улсын төсвийн тодотгол болон ирэх оны төсвийг хэлэлцэх үеэр нийслэлийн төсөвт мөн анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Түүний хэлснээр, Засгийн газар 2025 оны төгсгөлд 2026 оны төсвийн хөрөнгөөс нэг их наяд төгрөгийг урьдчилан авч зарцуулсан гэх асуудал бий бөгөөд 2026 оны эхний хагасын байдлаар төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр тасарсан байна.

Иймээс төсвийн тодотгол нь зөвхөн өмнө гарсан зөрчлийг “бичилтээр засах” бус, бодлогын алдаандаа дүгнэлт хийж, бүтцийн өөрчлөлт хийх хэмжээнд байх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.