Домогт дуучин Майкл Жексоны “Rock with You” дуу анх олны хүртээл болсноосоо хойш 47 жилийн дараа шинэ амжилт тогтоож, Spotify платформ дээр нэг тэрбум хандалт авчээ.
1979 онд гарсан уг дуу нь Жексоны тав дахь студийн цомог болох Off the Wall-ийн хоёр дахь дуу бөгөөд энэ долоо хоногт Spotify-ийн “Billions Club” жагсаалтад багтсан байна. Ингэснээр “Rock with You” нь Майкл Жексоны Spotify дээр нэг тэрбум хандалт давсан тав дахь дуу болжээ.
Тус жагсаалтад Жексоны дуунаас гадна Оливиа Диний “So Easy (To Fall In Love)”, Linkin Park-ийн “Crawling” зэрэг долоон дуу мөн шинээр нэмэгдсэн байна.
Анх Карен Карпентерт санал болгож байжээ
“Rock with You” дуу нэгэн сонирхолтой түүхтэй аж. Тус дууг анх Карен Карпентерт санал болгож байсан ч тэр хүлээж аваагүй байна. Тухайн үед Карен Карпентер анхны бие даасан цомог дээрээ ажиллаж байсан бөгөөд “Rock with You” болон Off the Wall дууны анхны демо хувилбаруудыг сонсож байжээ.
Карпентер эдгээр дууг өөрийн уран бүтээлийн хэв маягт тохирохгүй, хэт фанк өнгө аястай гэж үзээд татгалзсан байна. Ийнхүү Карен Карпентерийн татгалзсан дуу эцэст нь Майкл Жексоны уран бүтээлд орж, дэлхийн хэмжээний хит болсон түүхтэй ажээ.
Майкл Жексон дөнгөж 20 настай байхдаа бичүүлжээ
Майкл Жексон “Rock with You” болон Off the Wall цомгоо бичүүлэх үедээ дөнгөж 20 настай байжээ. Дууг Род Темпертон бичсэн бөгөөд тэрээр хожим Жексоны хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон “Thriller”, “The Lady in My Life” зэрэг дууг мөн бичсэн аж. Харин “Rock with You”-г домогт продюсер Куинси Жонс продюсерлэжээ.
Дуу гарсныхаа дараа АНУ-ын поп болон R&B хөгжмийн хэд хэдэн чартыг тэргүүлж, Billboard Hot 100 жагсаалтын нэгдүгээр байрт дөрвөн долоо хоног хадгалагдсан байна.
Диско хөгжмийн эрин үеийн сүүлчийн томоохон хитүүдийн нэг хэмээн үнэлэгддэг “Rock with You” нь 1980 оны хамгийн өндөр борлуулалттай синглүүдийн нэг болж, 2021 онд Rolling Stone сэтгүүлийн “Бүх цаг үеийн шилдэг 500 дуу” жагсаалтад багтжээ.
1994 оны “Грэмми” шагнал гардуулах ёслолын үеэр. Chris Walter/WireImage
Жексоны уран бүтээлийн эрэлт дахин нэмэгдэв
Майкл Жексоны хөгжмийн бүтээлүүдийн эрэлт сүүлийн үед дахин эрчимжсэн байна. Түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Michael” кино дөрөвдүгээр сард нээлтээ хийсний дараа АНУ дахь Жексоны соло уран бүтээлийн стрийминг өмнөх долоо хоногтой харьцуулахад 95 хувиар өссөн гэж Luminate-ийн мэдээллийг иш татан Associated Press мэдээлжээ.
Тухайлбал, дөрөвдүгээр сарын 24, 25-нд Жексоны уран бүтээлүүд АНУ-д 31.7 сая удаа сонсогдсон бол өмнөх амралтын өдрүүдэд энэ үзүүлэлт 16.3 сая байжээ. Дөрөвдүгээр сарын 24-нөөс 30-ны хооронд түүний уран бүтээлүүд АНУ-д нийт 137.5 сая удаа эрэлтээр сонсогдсон нь өмнөх долоо хоногоос 146 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Майкл Жексон нас бараад 17 жил болсон ч Spotify дээр сард 96 сая гаруй сонсогчтой хэвээр байгаа аж. Ийнхүү анх 1979 онд сонсогчдын хүртээл болсон “Rock with You” дуу бараг хагас зуун жилийн дараа дахин шинэ амжилт тогтоож, Майкл Жексоны хөгжим үе үеийн сонсогчдод хүрсээр байна.
Тухайн үеийн хит дуу өнөөдөр нэг тэрбумын босго давсан нь “Попын хаан” Майкл Жексоны уран бүтээл цаг хугацааны шалгуурыг давсаар байгаагийн бас нэгэн тод жишээ болж буй юм.
Эх сурвалж: PARADE