Философич С.Молор-Эрдэнэ Иргэний зориг–Ногоон нам (ИЗНН)-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэв. Тэр Монголын нийгэм, улс төр, боловсрол, төрийн тогтолцооны талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсээр ирсэн.
Тэрбээр 1987 онд Германы Дрезден хотын Техникийн их сургуулийг дулааны станцын конструктор инженерийн мэргэжлээр төгссөн. 1997 онд тус сургуульдаа докторын зэрэг хамгаалжээ. Үүний дараа Германд судалгаа, технологийн чиглэлээр ажиллаж байгаад 2007 онд Мюнхений их сургуульд философийн докторын зэрэг хамгаалсан гэж өөрийн намтар, танилцуулгадаа дурдсан байдаг.
2007 онд Монголд буцаж ирснээсээ хойш философийн чиглэлээр судалгаа, сургалт явуулж, МУИС-ийн философийн тэнхимд багшилж байсан. Мөн “Монгол ухаан судлалын хүрээлэн”, улмаар Философийн академи байгуулж, философийн сонгодог бүтээлүүдийг орчуулах, философийн ном бүтээл туурвих, олон нийтэд лекц хүргэх ажил хийж ирсэн байна.
С.Молор-Эрдэнэ философи, нийгэм, улс төрийн чиглэлээр олон ном бичсэн. Тухайлбал, “Ертөнц Бодол Мэдлэг”, “Ухаан Ухамсар Эрдэм”, “Санаа Сэтгэл Зохиол”, “Ар Монголд Орчин үе үгүйлэгдэнэ”, “Монголчуудын хар хайрцагны бодлого”, “Монголын гэрээ”, “Тэгш эрх тэгш боломж”, “Эрх чөлөө – Эрхэм үг” зэрэг бүтээлүүд туурвижээ.
Мөн Эрих Фроммын “Бий эсвэл Байх”, Мартин Хайдеггерын “Байх ба Хугацаа” зэрэг философийн бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан аж..
Тэр Монголын нийгмийн асуудлыг философийн өнцгөөс тайлбарлахын зэрэгцээ боловсрол, тэгш эрх, эрх чөлөө, төрийн тогтолцоо, Үндсэн хууль, монголчуудын сэтгэлгээ, улс төрийн соёл зэрэг асуудлаар нэлээд хурц байр суурь илэрхийлдэг. Тухайлбал, Монголын Үндсэн хуулийг шинэчлэн авч үзэх, тэгш эрх ба тэгш боломжийг нийгмийн суурь асуудал болгох талаар ярьж, бичиж ирсэн.
Тэр философич хүн нийгмээ ажиглаж, шүүмжилж, дүгнэж, хүмүүст бодох боломж өгдөг байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэхдээ С.Молор-Эрдэнийн зарим байр суурь маргаан дагуулдаг. Тухайлбал, өөрийгөө Монголын “цорын ганц философич” гэх мэтээр тодорхойлж байсан нь хэвлэл, олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулдаг.