Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Интермэд” эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл өнөөдөр 09:56 цагт ирсэнтэй холбогдуулан цагдаа, тагнуулын байгууллагууд хамтран шалгалт хийж байна.

Тодруулбал, эмнэлгийн санал хүсэлт хүлээн авах QR системээр ОХУ-ын иргэнээс “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан” гэх агуулгатай мэдээлэл иржээ. Уг мэдээллийг эмнэлгийн ажилтан холбогдох байгууллагад мэдэгдэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас хамтарсан шалгалт зохион байгуулж, эмнэлгийн орчимд аюулгүй байдлын арга хэмжээ авчээ. Мөн Онцгой байдлын алба хаагчид тусгай зориулалтын техник хэрэгсэл, хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар хийсэн шалгалтаар тэсрэх бодис болон сэжигтэй эд зүйл илрээгүй бөгөөд үзлэг, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Аюулгүй байдлыг хангах үүднээс эмнэлгийн нийт 600 орчим ажилтан болон хэвтэн эмчлүүлж буй 30 орчим иргэний 80-90 хувийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эмнэлгийг үндсэндээ чөлөөлсөн боловч хүнд өвчтөнүүдийн тусламж үйлчилгээ болон яаралтай мэс заслын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эмнэлгийн удирдлага мэдээлжээ.

May be an image of text

“Интермэд” эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох “Тэсрэх бөмбөг суурилуулсан байж болзошгүй гэх мэдээлэл эмнэлгийн мэдээлэл хүлээн авах шугамаар ирсэн. Манай эмнэлгийн хамгийн чухал зорилго бол ажилтан болон үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах.

Иймд бид холбогдох байгууллагуудад хандсан. Одоогоор эмнэлгийг бүрэн чөлөөлсөн боловч хүнд өвчтөнүүд болон мэс засалтай холбоотой тусламж үйлчилгээ үргэлжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг хууль, хяналтын байгууллагаас өгнө” гэжээ.

Мөн тус эмнэлгээс нөхцөл байдалтай холбоотойгоор албан мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үйлчлүүлэгч, эмч мэргэжилтэн болон ажилтнуудын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, хууль, хяналтын байгууллагын өгсөн заавар, удирдамжийн дагуу ажиллаж байгаа талаар дурдсан байна.

Үүний зэрэгцээ өнөөдөр үзлэг, оношилгооны цаг авсан үйлчлүүлэгчдийн цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болжээ.

Холбогдох байгууллагуудын шалгалт үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаарх нэмэлт мэдээллийг албан ёсоор мэдээлэх юм байна.